Гал түймрийн 64.6 хувь нь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүджээ
Гал түймрийн 64.6 хувь нь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүджээ

Гал түймрийн 64.6 хувь нь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүджээ

Ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшин нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 2149 удаагийн тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага, мэдээлэл 32.5 хувиар өссөн байна. Гал түймрийн шалтгаан нөхцөлийн 64.6 хувь иргэний санамсар болгоомжгүй байдлаас, 25 хувь цахилгаан ашиглалт, угсралтын норм, дүрэм зөрчсөн, 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй, хоёр хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, нэг хувь санаатай үйлдлээс, 0.9 хувь бусад шалтгаанаас үүджээ.

Гал түймэрт өртсөн объектыг өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл ихэнх буюу 76.5 хувь нь хувийн өмч, 15.9 хувь нь төрийн өмч байна. Нийт гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэл хотод тохиолдсон бол 21 аймагт 33.1 хувь буюу 712 нь бүртгэгдсэнээс Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймагт объектын гал түймэр хамгийн өндөр байгаа юм.

Харин 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувь өссөн дүнтэй байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.768 га, хээрийн 565.569 га буюу нийт 631.337 га талбай, таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Ой, хээрийн түймрийн эрсдэл буураагүй, хуурайшилтын зэрэглэл ихэнх нутгаар өндөр байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, урьдчилан сэргийлэхийг иргэд та бүхэнд зөвлөж байна.