Зургийг хиймэл оюун ашиглаж бүтээв.
Хамгийн тав тухтай, өөрийнхөөрөө байж чаддаг газрыг хүмүүс гэр орон гэж нэрлэдэг. Амьтдад ч бас тийм газар бий, тэнд аж төрөх хэрэгцээ шаардлага бий. Угаас дэлхий ертөнц хүмүүст бас амьтдад эн тэнцүү зориулагдсан. Гэвч хөгжил дэвшилд ойртох тусмаа хүн төрөлхтөн амьтдын гэр орон, хоол хошийг булааж, бүр өөрсдийг нь хөнөөж, устгаж янз бүрээр аашилсаар байгаа нь харамсалтай.
Гэхдээ байгаль дэлхийн жам ёсыг ухаардаг, хязгааргүй хүчтэй мэт хүн төрөлхтний эрх бусдын эрх чөлөөт тайван амьдралаар хязгаарлагддаг гэдгийг мэддэг, амьтдын амар тайван аз жаргалтай байдлын төлөө үйлс хийдэг хүмүүс байсаар байгаа нь зол завшаантай юм. Хэдэн жилийн өмнө Пакистан улсын Лахор хот орчмын шувуудын үүрлэх аюулгүй орон зайг бий болгож, хотынхоо зэрлэг амьтдад нийтийн анхаарлыг хандуулах, хамгаалах зорилготой “хүний гараар хийсэн шувууны үүр” үйл ажиллагаа болж, нийгмийн сүлжээгээр дамжин хүчтэй өрнөж байв.
Тэгвэл Монгол Улсын үүрэн телефоны үндэсний оператор “Юнител” группээс “Шувууны үүр” төслийг нийслэлийн Багахангай дүүрэгт хэрэгжүүлж эхлээд хэдийн гурван жил болжээ. Байгаль орчноо хайрлах, хотын, хүний хөгжилтэйгөө хослуулан зэрлэг ан амьтдын орших тогтвортой байдлыг бий болгох, биологийн олон янз байдлыг хадгалахад хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой төсөл юм. Тэдний санаачлан хэрэгжүүлж буй “Шувууны үүр” төслийн үр дүнд шинэ амьдрал бий болж байна гэж хэлж болох ажээ.
Харин “Юнител” группийнхэн төслийн ач холбогдол, алсын харааг “Манай орны уулын болон тал хээрийн бүс нутагт хөнөөлт мэрэгч амьтдын тархалт хэвийн хэмжээнээс хэтрээд байгаа билээ. Энэ нь ургамлын ургац муудах, тачир сийрэг ургацтай болж бэлчээрийн талхагдалд хүргэх эрсдэлийг бий болгож байгаа төдийгүй цаашилбал цөлжилтийн үндсэн шалтгаан болох аюултай. Иймд мэрэгчдийн тоо толгойг бууруулж, тэнцвэртэй түвшинд барих шаардлага үүсэж байна. Олон улсын болон Монгол оронд хийсэн судалгааны тайлангаас үзэхэд үлийн цагаан оготнын тоо толгойг бууруулах биологийн оновчтой арга нь хээрийн махчин шувуудын үржлийг дэмжих юм” гэж тодорхойлжээ.
Тус групп 2022 онд нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Багахангай дүүргийн нутагт дэвсгэрт махчин шувууны үүр барих төслийг эхлүүлсэн байна. Эл төсөл нь махчин шувуудын амьдрах орчныг сайжруулах замаар тэдний тоо толгойг нэмэгдүүлж, улмаар тэдний идэш тэжээл буюу мэрэгчдийн тоо толгойг бууруулж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх гол зорилготой.
Зургийг хиймэл оюун ашиглаж бүтээв.
Улмаар Багануур дүүрэгт махчин шувуудад зориулсан 30 үүр байршуулжээ. Нэг жилийн дараа мэргэжлийн судлаачидтай хамтран үүрнүүд дээр чанарын судалгаа хийж үзэхэд 25 үүрэнд 189 бодгаль бүртгэгдсэн байна. Тэдний санаачилсан ажлын үр дүн хоёр жилийн дараа бүрэн мэдэгджээ. 2024 оны судалгаагаар өнөөх үүрнүүдэд суурьшсан махчин шувууд үлийн цагаан оготнын нягтаршлыг 2022 онтой харьцуулахад 30-50 хувиар бууруулсан гэдэг дүн гарсан байна.
Юнителийнхэн төслийн мониторинг болон нөлөөллийн судалгааг Монголын шувуу судлалын нийгэмлэгээр гүйцэтгүүлсэн гэж Тогтвортой байдлын тайландаа дурджээ.
Бэлчээр хамгаалах, талхагдлыг бууруулах нэрээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг улс даяар зохион байгуулж төсвөөс тэрбум тэрбумаар нь төсөвлөж ирсэн. Ингэж хордуулж устгах нь үлийн цагаан оготноор хооллодог махчин амьтдад цаашлаад ургамал, мал сүрэгт ч заналхийлж буй хэрэг гэж эсэргүүцэх эрдэмтэд ч байдаг. Харин “Юнител” групп энэ асуудлыг арай өөр сэтгэлгээгээр, нэгийг хамгаалахын тулд нөгөөд хохироохоор бус шийдвэрлэж алдагдсан экосистемийн тэнцвэрт байдлыг сэргээхэд чухал бөгөөд ухаалаг үүрэг гүйцэтгэжээ. Тэд нийгмийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжил болон компанийн бизнесийн амжилт нь салшгүй холбоотой гэдгийг мэддэг, ойлгодог учир байгаль орчин, нийгэм, засаглалын ажил, асуудлынхаа хүрээнд эл төслийг хэрэгжүүлсэн байна.
Антарктидаас бусад тивийн 176 зүйлийн шувуу үүрээ засахдаа чихрийн цаас, хуванцар, тамхины иш зэрэг хүмүүсийн “бүтээсэн” хог хаягдлыг ашиглаж эдгээр нь тэднийг болон дэгдээхэйнүүдийг хордуулж, заримдаа хөнөөж байдаг. Эрдэмтэд 35 мянга орчим шувууны үүрэнд судалгаа хийж үзэхэд хүний бий болгосон хог хаягдлыг ашигласан байсан тухай нэгэн өгүүлэлд тэмдэглэсэн байж билээ.