Үнэн хайр, халуун амиа эх орондоо өгсөн морин цэргийн хошуучийг дурсахуйд 
Үнэн хайр, халуун амиа эх орондоо өгсөн морин цэргийн хошуучийг дурсахуйд 

Зургаадугаар дивизийн 15 дугаар морьт хорооны штабын дарга, хошууч Д.Дондов, хожим түүний хүү Д.Пиодор удам залган цэргийн хүн болж, бэлтгэл дэд хурандаа хүртлээ Монгол Улсынхаа зэвсэгт хүчинд зүтгэсэн юм.

Гурван цагийг эрхшээсэн Говийн буйдхан суурин Миний л жаахан Төгрөг /Д.Өсөх-Эрдэнэ/

Хүний амьдрал ахархан нь харамсалтай боловч үр үндэс, үйлс бүтээл нь үргэлжлээд үлдэх нь гайхалтай юм.

Халх голын бургасан шугуй хана хэрэм мэт харлан үзэгдэж, хоёрдугаар сарын хүйтэн жавар, салхи хацар нүүр жиндээнэ. Эх орондоо, энэ цэг дээр цэвэр тансаг агаар цээж дүүрэн амьсгалж, гялбам цагаан цасан дээр мөрөө гаргаж, баатарлаг өвгөдийн түүхээр зүрх сэтгэлээ баясгаж бас шимшрүүлж зогсохдоо өгүүлшгүй их эрх чөлөөг эдэлж, мэдэрч байлаа. Гурван цагийн эргүүлэгт амьдрал өрнөсөөр. Ийм амгалан цаг, энэ эрх чөлөө олон халуун амины төлөөстэй өнгөрснөөс өнөө цагт иржээ. Ирээдүй нь эх оронтой байх ёстой, орших учиртай гэж тэмцэж, тэмцэлдэж, үрэгдэж, ялжээ, өнгөрсөнд. Өнөөдөр тэднийг дурсаж байна.

Цагийн байдал хурц, японы түрэмгийлэгчид БНМАУ-ын эсрэг өдөөн хатгалга хийсэн амар тайвангүй үед Дорнод хилийг Засгийн газрын тогтоолоор ардын цэргийн хүчээр хамгаалуулж байжээ. 1935 оны нэгдүгээр сарын 24-нд БНМАУ-ын зүүн хил дээр хил зөрчин орж ирсэн японы түрэмгийлэгчид, халдашгүй хилээ хамгаалах гэсэн монгол цэргүүдийн хооронд буудалцаан болжээ. Манай талаас зургаадугаар дивизийн 15 дугаар морьт хорооны штабын дарга, хошууч Д.Дондов, Халхын сүмийн харуулын дарга Г.Янжив нар хил дээр гарсан анхны “буун дуу”-нд алтан амиа алджээ. Халх голын дайны өмнөх тогтворгүй цагийн байдал, мөргөлдөөнүүдийн үед хил дээр гарсан анхны буун дуу, японы милитаризмын эсрэг амь насаа зориулсан анхны монгол эх орончид бол Д.Дондов, Г.Янжив гэж тэмдэглэсэн байдаг аж. Мөн уг тулгаралт болсон газраас япон цэргийн алба хаагчийн гурван цогцос олдсон нь манай нутагт амь үрэгдсэн анхны япон цэргүүд гэж зарим сурвалжид үлдсэн байна. 

Учир явдлыг тодруулахаар дивизийн даргын тушаалаар байлдааны ангийн дарга н.Самдан, их бууны хорооны дарга Г.Рэндоо (хожмын хошууч генерал) нарын есөн хүнийг томилон мөргөлдөөн болсон байдлыг газар дээр нь шалгуулжээ. Тэдний дүгнэлтээс харвал, 1935 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 13:00 цаг орчимд Япон-манж-гогийн цэргийн 24 хүнтэй зэвсэгт отряд манай улсын Халхын сүмийн харуулын харьяа хилийн зурвас газраар цөмрөн орж ирснийг тагнуул явуулсан байж болзошгүй гэж үзэн хэрэг явдлыг газар дээр нь судлах, хилийн хамгаалалтыг чангатгах арга хэмжээг төлөвлөн боловсруулах үүрэг өгч 15 дугаар морьт хорооны штабын дарга Д.Дондовыг томилон мордуулжээ. Ингээд тэрбээр явсаар нэгдүгээр сарын 24-ний өдөр очсон бөгөөд удаагүй байтал зэвсэглэсэн 17 морьтон улсын хил зөрчиж халхын сүмийн харуулыг чиглэн ирж яваа мэдээг постоос аваад харуулын дарга Г.Янжив, байлдагч н.Лхамсүрэн нарын дөрвөн цэргийг дагуулан угтан очсон байна.  

Хошууч Д.Дондов дүрмийн дагуу цэргүүдээ барааны газар үлдээгээд харуулын дарга Г.Янживын хамт очиж эв зүйгээр ойлголцох гэсэн боловч монгол нутагт хил зөрчин орж ирсэн Япон манж-гогийн цэргийн хувцастай этгээд “үг дуугүй олзлогдон” бууж өгөхийг тушаасанд Д.Дондов “Та нар хэний нутаг дээр ирээд хэнд бууж өгөх тухай тулган шаардаж байгаагаа мэдэх хэрэгтэй ...” гэж эс зөвшөөрөн буудалцаан болжээ. Манай цэргүүд ч сөрөн буудалцаж хүч тэнцвэргүй тулаанд хоёр даргаа алджээ. Шалгалтынхан тулалдааны талбарт алагдсан япон цэргийн бага дарга ШиЮо нарын гурван үхдэлээс олдсон бичиг баримтаас өдөөн хатгалга үйлдсэн дээрх бүлэг манай хилийн манаа болон улмаар Халхын сүмийн харуулыг устгаад түүгээрээ ихээхэн хэмжээний цэрэг цөмрүүлэх төлөвлөгөөтэй байсныг тогтоосон байна. Тэд эр зориг, алтан амиараа энэ аюулыг сөрөн зогсож, дайсны атгаг төлөвлөгөөг таслан зогсоожээ. 

“...халдах дайсныг даран сөнөөж, хойчийн үйлсэд амь биеийг хайрлахгүй зүтгэсүгэй” гэсэн цэргийн тангарагтаа эцсээ хүртэл үнэнч байсан, гавьяат үйлсийн эздийн нэг зургаадугаар дивизийн 15 дугаар морьт хорооны штабын дарга, хошууч Д.Дондов Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат иргэн байсан юм. 

hoshuuch_dondov_1Үнэн хайр, халуун амиа эх орондоо өгсөн морин цэргийн хошуучийг дурсахуйд  

Таана хөмүүлтэй, харгана бударганатай, бор толгод, шаргал элстэй, нар удаан тогтдог, хүмүүс нь уужуухан амьдардаг говь талын буйдхан суурин бол түүний төрсөн нутаг. Өнөөдрөөс 123 жилийн өмнө 1902 онд Д.Дондов энэ нутагт төржээ. 20 нас хүрч, говь нутгаасаа алсыг зорин 1922 онд Цэргийн ерөнхий сургууль (Ардын цэргийн даргын сургууль)-д явсан нь түүний цэрэг хүний амьдралын замын эхлэл болж. Сургуулиа төгссөн тэрбээр эх орны зүүн хязгаар Тамсагбулагт очин салаа, сумангийн даргаар ажиллаж, амьдарч байв. Дорнод аймгийн Матад сумын уугуул Бадам хэмээх басгантай гэр бүл болж анхны хүүгээ өлгийдөн аав ээж болцгоогоод байжээ. Тэдний энэ баяр жаргалтай цаг хугацаа тун богинохон байсныг хэн нь ч мэдээгүй юм. 

Гэртээ хоргодож, хүүгээ өхөөрдөж эрхлүүлээд байсан хань нөхрөө шавдуулж албанд нь явуулахдаа эргээд уулзахгүй гэдгээ Бадам бүсгүй яахан мэдэх билээ дээ. Гуравхан сартай хүүгээ тэврэн өнчирч үлдсэн тэрбээр хожим “Би хань нөхрийнхөө тухай харамслаа бахархлаар сольж явдаг. Ганцхан элэг эмтэлсэн юм гэвэл манай тал дайсны том тушаалын хүнийг алсан хэрэг мундарна гэж манай зарим удирдах хүн хэлээд Дондовын минь шарилыг хоёр сар гаруй оршуулалгүй хадгалсан явдал байлаа” гэж дурссан байдаг. 

Хошууч Д.Дондов нэр хүндтэй, эр зоригтой, зарчимч хариуцлагатай цэргийн дарга байжээ. Түүний тухай БНМАУ-ын цэрэг, төрийн зүтгэлтэн, хурандаа генерал, олноо залуу жанжин хэмээн хүндлэгдсэн Ж.Лхагвасүрэн “Хэдийгээр морин цэргийнхэн боловч жагсаалын бэлтгэлийг гойд хийдэг байв. Гоц гоц сайхан командтай дарга нар ч олон байсан. Манай 15 дугаар хорооны штабын дарга Дондовын дуу тэртээ холд ч хадаж л байдаг сан. Хүн бүр даргын команд болон жагсаалын журам, зэвсэг хэрэглэх ажиллагаа сайтар сурч, биелүүлэх гэж мэрийнэ. Дурсамж тэмдэглэлийнхээ энэ хэсэгт Дондов даргынхаа тухай ийн бичиж суухдаа эх орны төлөө тэмцэгчдийн алдар нэр үүрд мөнх байх юм даа гэж бодож байв” хэмээн “Сэтгэлд шингэсэн он жилүүд” номдоо дурсан санаж үлдээжээ. 

Цаг урсаж амьдрал үргэлжилж эцгээс өнчирч эхийн элгэнд тэврүүлэн гуравхан сартай үлдсэн нялх хүү удам залгаж цэргийн хүн болсон нь бэлтгэл дэд хурандаа Д.Пиодор билээ. Монгол Улсынхаа зэвсэгт хүчинд салаан даргаас штабын дарга хүртэл дэвшин 30 орчим жил ажиллаж, тэр цагт аавын хийж байсан үүргийг энэ үед хүү нь давтан гүйцэтгэжээ. Амьдралын учрал тохиол сонин агаад баян. 

Хошууч Д.Дондов, харуулын дарга Г.Янжив нарын гавьяаг мөнхрүүлэн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Халхын сүмийн харуулыг бага дарга Янживын нэрэмжит, Монгол загасны харуулыг штабын дарга Дондовын нэрэмжит болгож байжээ. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нэгэн тушаал гаргав. Үүнд “Дорнод аймгийн Матад сум дахь Хилийн цэргийн 0306 дугаар ангийн ... дугаар салбар (Булан дэрс)-ыг ахмад дайчин, хошууч Донровын Дондовын нэрэмжит болгосугай” гэжээ. Залуу жанжин, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн өгүүлсэнчлэн эх орны төлөө тэмцэгчдийн алдар нэр үүрд мөнх үргэлжилж байна. 

Гурван цагийн ээл ивээл, хатуу хахирганд эгэл янзаараа оршиж эрэлхэг зоригт хөвгүүдээ эх орондоо илгээдэг говийн буйдхан суурин Төгрөгийн хүүгийн алтан шарил энд оршиж, алдар гавьяа нь мөнхөд дурсагдаж байна. Төрсөн нутгаасаа мянган бээрийн алсад тэр мөнхөрчээ. Түүний эх нутагт онож төрсөн Төгрөгийн суурины иргэн би баатарлаг дайчин эрийн амьдарсан, үрэгдсэн газар зогсоод бодож байна. ... 90 жилийн өмнөх нэгдүгээр сарын 24-ний өдөр. Энэнээс илүү хүйтэн байсан болов уу, эх орныхоо төлөө амиа өргөсөн эр цэргүүдийг эрэлхэг зориг нь дулаацуулж байсан болов уу, хэрэв тэр цагт Халх голоо алдчихсан бол бүгдийг нь эзлүүлэх байсан болов уу, газар нутгаа... даарсан улаан хацартай, жаргалтай инээд цалгиасан бидний тавилан хаана байх асан бол? Бидэнд ийм жаргалтай цагийг, бүтэн эх орныг үлдээсэнд талархаж байна, чин зүрхнээсээ.