Г.Нармандах: Энэ хүмүүсийг мод, төмрөөр хийгээгүй учир тайван цагтаа ажиллах, амьдрах нөхцөл нь сайхан байх ёстой
Г.Нармандах: Энэ хүмүүсийг мод, төмрөөр хийгээгүй учир тайван цагтаа ажиллах, амьдрах нөхцөл нь сайхан байх ёстой

Гэрэл зургийн эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандахтай ярилцлаа.

-Та сайхан хаваржиж байна уу. Зүүн бүс нутаг тайван, тавлаг байна уу?

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна. Зүүн бүс нутгийн хэмжээнд ноднинг бодоход цасгүй хуурайдуу өвөл болсон учир хуурайшилт ихтэй байсан. Бид бүхэн эртнээс гал, түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан. Дэлхий нийт ч хуурайшилт ихтэй, том түймрүүд гарсан нь бид нарт дохио болж байсан. Их эрсдэлтэй байна гээд төлөвлөж байсан. Нөхцөл байдал, хор хохирол өнгөрсөн хоёр жилийнхээс гайгүй байна, одоогоор. Бүс нутагтаа урьдчилан сэргийлэх ажлуудыг тасралтгүй л зохион байгуулаад ажиллаж байгаа.

-Зүүн аймгуудад жил бүр л айхтар түймэр гарах юм. Энэ жил ч мөн гарлаа. Өнгөрсөн жилийн, тэрнээс өмнөх жилүүдийн түймрийн хэншүү бараг арилаагүй байхад шүү дээ. Хүний буруутай ажиллагаа л гэж байх шиг байна. Ер нь шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Тухайн жилийн хуурайшилтаас шалтгаалаад янз бүр байдаг. Хоёрдугаар сарын 7-нд түймэр гарсан тохиолдол ч бий. Энэ жил гуравдугаар сарын 6-нд анхны түймэр бүртгэгдэж, унтраасан. Үүнээс хойш гуравдугаар сарын 9-ний маш их салхи, шуургатай өдөр Сүхбаатар аймгаас хоёр, Хэнтий аймгийн Баян-Овоогоос нэг түймэр манай аймаг руу орж ирсэн. Нэлээн хүч гаргаж ажилласан. 

Сүхбаатар аймгаас орж ирсэн түймрийг хохирол багатай гарсан. Харин Хэнтий аймгаас орж ирсэн түймэрт олон айлын гэр, хашаа саравч шатсан. УОК-оос арга хэмжээ авч айлуудыг гэртэй болгох, бусад дэмжлэг үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулсан. Орон нутагтаа малжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, янз бүрийн уриалга гаргаж иргэдийг хохиролгүй болгох, буцаан малжуулах чиглэлийн ажил явж байна. Бусад аймгийн иргэд ч сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн.

Өнөөдрийн байдлаар /2025.05.06/ 40 удаагийн түймэр гараад байгаа. Дорнод аймагт 14, Сүхбаатарт 12, Хэнтийд 14 түймэртэй гээд унтраах чиглэлээр ажиллаж байна. Сумын мэргэжлийн ангиуд болон сайн дурынхны бэлтгэл бэлэн байдлыг хангаж, үзлэг шалгалтуудаа зохион байгуулаад, сургаж дадлагажуулах, төсөл хөтөлбөртэй хамтран хувцас багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулдаг. Мөн орон нутгаас ч тодорхой зардал гаргаж багаж хэрэгслээр хангана. Манайхаас ч зарим суманд боломжоороо дэмжлэг үзүүлж байна.

Онцгой байдлын анги, салбаргүй сумд бас их хүндрэлтэй байдаг. Тийм учраас анги салбаргүй 10 сумандаа онцгой байдлын алба хаагчдыг томилоод ажиллуулдаг. Хогийн цэгээс гал гарах тохиолдол олон байдаг тул аюулгүй байдлыг хангуулж, сум суурин газрын мэргэжлийн анги, байгаль орчныхон, цагдаагийнхантай хамтран хяналтын цэгүүдийг ажиллуулж, анхааруулга сэрэмжлүүлгийг өгч байна. Түймрийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн нь зонхилдог. Үнс нурмаа ил задгай асгах, хог шатааж байгаад гал алдах гэх мэт.

-Шалтгаан нөхцөл дээр тодорхой хувь хэлбэл?

-Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар аваад үзэх юм бол, гал түймрийн 29 хувь нь автомашинаас, 15 хувь айлын гэрийн яндангаас, 12 хувь нь ил задгай үнс нурмаас, есөн хувь аянга цахилгаанаас, дөрвөн хувь нь хүүхдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэж гарсан. Харин 12 хувь нь шалтгаан нөхцөл тогтоогдоогүй. Долоон хувийг нь бусад буюу Хэнтий, Сүхбаатар аймаг, ОХУ-аас орж ирсэн түймэр эзэлжээ. Манай бүс нутагт дөрөвдүгээр сарын сүүлч, тав, зургаадугаар сард хуурай аянга бууж хэд хэдэн түймэр зэрэг асах нь нэлээн тохиолдоно.

Ер нь мэдлэг, мэдээлэлгүй, хариуцлага болгоомжгүй, орон нутгийн онцлогийг мэдэхгүй хүмүүсийн үйлдлээс түймэр гардаг. Нэг жишээ онцолж хэлэхэд, 2021 онд цар тахлын хөл хориотой байх хугацаанд бүтэн жилийн турш 14 удаа түймэр гарсан. Гэвч 2022 онд хорио тавигдаж хүмүүсийн хөдөлгөөн эхлэнгүүт зөвхөн 10 дугаар сард олон тооны түймэр бүртгэгдсэн. Машинтай хөдөлгөөн ихсэх тусам түймрийн эрсдэл нэмэгдэнэ.

narmandah_hurandaa1 Гэрэл зургийн эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

-Тэгэхээр төв сууринаас алслагдсан, түймрийн эрсдэлд байдаг Мэнэнгийн шиг тийм олон зуун километрийн алсад оршдог газруудыг ер нь яаж хамгаалбал зохистой юм бэ. Ийм бүс нутагт ойрхон буюу илүү хурдан очихоор байршилд гал унтраах анги эсвэл бүлэг байлгах боломж байдаг юм болов уу?

-Таны асуултыг ойлгож байна. Гал унтраах анги, бүлэг, эрэн хайх, аврах салбар байгуулах гэдэг асуудалд чинь онцлог байх хэрэгтэй. Зөвхөн хавар, намар дөрвөн сар ашиглах анги байгуулна гэвэл эдийн засгийн хувьд үр дүнтэй юу, үгүй юу. Тэгэхээр бид нар ОХУ-аас түймэр их орж ирдэг зүүн хойд талын хэдэн сум алслагдмал байгаа учраас аль нэг томоохон сумаа түшиглээд салбар байгуулъя гэсэн саналыг орон нутгийн түвшинд дэвшүүлдэг. Одоогоор аймгийн төвөөс 200 км, бусад анги салбараас 200 км алслагдсан Матадын их өргөн уудам тал нутаг дээр бүлэг томилон ажиллуулж байна. Сэрэмжлүүлэг тараах, яриа таниулга хийх гэх мэт урьдчилан сэргийлэх ажил хийж, 40-50 км тойрогт гарсан түймэр дээр шуурхай очиж унтраах чиглэлээр ажиллаж байгаа юм. Мэнэнгийн талын хаашаа ч явсан төв хэсэг нь болохоор “19 дүгээр талбай”-д байрлаж байгаа. Байр сав, гэрэл цахилгаан гээд алба хаагчдаа байрлуулах орчин нөхцөлийг нь харгалзана шүү дээ. Бүлэг ээлжээр үүрэг гүйцэтгэнэ, алба хаагчдын хоол унд, тодорхой урамшуулал, бензин шатахууныг орон нутгийн зардлаар шийдвэрлэсэн.

-Ер нь онцгой байдлын албанд гал унтраах зориулалттай нисдэг тэрэгтэй болчхож болдоггүй юм болов уу. Олон жилийн олон удаагийн түймрээс үүдэж байгаа хор хохирлын хэмжээг тооцвол магадгүй нисдэг тэрэгний үнээс ч давахаар санагддаг л даа.

-Ойн түймэр, хээрийн түймэр хоёр бол өөр асуудал. Хээрийн түймэр салхины хурдаар богино талбайд маш хурдтай шатдаг. Энэ түймэр дээр бол хүчтэй техниктэй зэрэгцэж галынхаа дэргэд хүмүүсээ байрлуулаад салхин дээрээс нь хөөж унтраахын сацуу тусгай бүлэг салхин дор байгаа айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангаж байдаг. 

Толгойноос нь унтраана гэж байдаггүй, салхитайгаа уялдаж унтраадаг. Тэгэхээр нуруундаа үүрдэг, гартаа барьдаг үлээгч аппарат байхгүй бол хээрийн түймрийг унтраах хэцүү. Ойн түймэр бол учир дутагдалтай. Машин тэрэг хүрэх газаргүй учраас усаа үүрээд очиж унтраана. Ус дуусахаар буцаад усны эх үүсвэр буюу машин эсвэл гол горхиноос дүүргэж авна. Тэгээд буцаад алхана. Хүндрэлтэй, бартаа саад ихтэй.

Онгоцны хувьд гэвэл, та зурагтаар харж л байсан байх, доороо усны том нөөцлүүр савтай цацаад явдгийг. Манай орны нөхцөлд онгоц суулт хийгээд усаа цэнэглэх том нуур, цөөрөм хэр олонтой билээ. Одоо манайхны хэрэглэж байгаа нисдэг тэргүүд бол тухайн голомт руу хүрч болох хамгийн ойрхон бөгөөд буух боломжтой газар хүргэж өгөх гэдэг л чиглэлээр ашиглаж байгаа. Бас нийгмийн сүлжээнд онцгойнхон үнэтэй жийп авч уналаа гээд ярьж байна лээ. Үнэндээ, оросын фургон автомашин эвдрэл гэмтэл их болчихсон, ашиглаад 3-4 жил ч болохгүй, авсны дараа монголчилж маш олон юм хийнэ гэх мэт асуудал байдаг. Ажил үүргээ гүйцэтгэх, аюулгүй байдлаа хангах, хол зам туулах, эдэлгээ зэргийг нь бодолцоод “Ниссан”, “Тоёото”-н 76, 78, 79 загварын машин ашиглах болсон. Тухайлбал, “пикап” машинд зургаан хүнтэй бүлэг суугаад, ардаа багаж хэрэгслээ ачаад шуурхай давхина. Түймэр унтраахын тулд дандаа замгүй явна, зөөлөн хөрстэй шатсан цурам дунд явна шүү дээ. Туулах чадвартай машин байж голомтод шуурхай хүрнэ.

-Дорнод аймагт гал унтраах анги байгуулах гэж буй тухай сонссон. Ямар түвшинд явж байгаа вэ?

-Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 21 жил болж байна. Энэ хугацаанд автомашин, техник хэрэгсэл, багажийн хувьд эрс шинэчлэлт хийсэн. Хэдэн хүн амтай хот, сууринд тэдэн машинтай, тэдэн хүнтэй тийм анги, салбар байна гэдэг Монгол Улсын стандартын дагуу зохион байгуулдаг. Орон нутгаас ерөнхий газартаа хүсэлтээ тавьсан. Тэндээс судлаад цааш нь Засгийн газарт уламжлаад явсан гэсэн үг. Ер нь Дорнод аймгийн төвд станц өргөтгөсөн, хүн ам 50 мянга хүрчихлээ гээд дараагийн анги байгуулах хүсэлтийг хоёр жилийн өмнөөс өгч байсан. Энэ ажил бодлогын түвшинд явж байгаа.

-Зарим орон нутагт иргэд, малчдыг гал түймэр унтраах хэрэгслээр хангах, гал түймрийн тухай тодорхой ойлголт өгөх сургалт, дадлагыг явуулж байна. Уг нь хамгийн чухал хүмүүс тэд байна даа, тийм ээ?

-Малчид бол гал унтраах цохиуртай л явж байдаг. Гэхдээ хүчин чадалтай багаж хэрэгсэлтэй байх нь чухал. Хоёр төлөгний үнээр 200-300 мянган төгрөгийн үлээгч аппарат авчихвал өөрийн мал сүрэг, гэр орон, хашаа хороогоо хамгаалж бага хэмжээний түймрийг дэлгэрэхээс нь өмнө унтраачих боломж байлгүй яах вэ. Онцгой байдлын алба хаагчид дуудлага аваад 70, 80, 100 км замыг туулж очно. Манай малчид сүүлийн үед энэ аппаратыг нэлээн авч байна. Дээр нь хоршоо, бүлгийн зохион байгуулалтад ороод багаж хэрэгслээр хангах чиглэлд зарим төсөл хөтөлбөр ч хэрэгжиж байна. Сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлуудыг хийж байгаа.

narmandah_hurandaa2   Гэрэл зургийн эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

-Орон нутагт ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдын цалин хангамж, хувцас хэрэгсэл, орон байр нийгмийн нөхцөл байдал ямархуу байна вэ. Цаашид анхаарах дэмжих хэрэгтэй зүйл байгаа л байх даа?

-Хүмүүсийн нийгмийн асуудал нэн тэргүүнд ярих ёстой зүйл. Сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд ч хийгдсэн. Онцгой байдлын албанд ажилласан нэг жилийн нэг жил дөрвөн сараар тооцдог болсон. Суманд таван жил ажилласан алба хаагч 30 сартай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авч байна. Ахлагч нарын цалинг гурван удаа, офицеруудынх хоёр удаа нэмэгдсэн, цол, зэргийн, онцгой албаны зэрэг нэмэгдэл цалин дээрээ авдаг. Цалин нэмэгдээд дэмтэй байгаа. Түймэр, гамшгийн голомтод ажиллавал томилолтын урамшууллыг гурав дахин нэмэгдүүлж олгодог. Орон сууцны тухайд орон нутгууд янз янзаар л ажиллаж байна. Зарим нь барилгын компанитай хамтраад зах зээлийн үнээс арай хямдаар бариулж өөрсдийн алба хаагчдыг оруулах, бэлэн мөнгөгүй учраас ипотекийн зээлд хамруулахад дэмжих байдлаар гэх мэтээр шийддэг нь ч бий. 

Манайх Баян-Уул сумандаа дөрвөн айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Мэдээж, нэг байранд удаан суугаад байхгүй 2-3 жил амьдраад тэр хугацаандаа тухайн алба хаагч маань мөнгө төгрөгөө хураагаад гарах жишээний. Зарим суманд төрийн алба хаагчид хямд түрээсэлдэг орон байрууд байдаг. Яах вэ, нэг үеийг бодоход бас гайгүй болж л байна.  

Машин, техник хэрэгсэл сайжирсан. Хувцас хэрэгсэл ч мөн адил. Сая нэгдүгээр сард манайд 100 орчим хувцасны хангалт ирсэн. 50-ыг хувцас нь муудсан хүмүүстээ өгөөд бусад нь байж байна. Дөрвөн алба хаагч дундаа нэг хувцастай гэх хүмүүсийн ярьж буй шиг зүйл байхгүй. Эвдэрсэн, элэгдсэн, хэрэглэх боломжгүй бол актлаад л шинэ хувцас хэрэгслээр хангадаг. Энэ хүмүүс чинь байнгын гамшиг дээр ажиллана. Тэднийг төмрөөр модоор хийгээгүй учир тайван цаг үедээ амьдрах, ажиллах орчин нөхцөл нь сайхан байх ёстой.

-Танай алба хаагчдын өмсдөг шар малгайны тухай асууя. Бүрэн хамгаалах боломжтой болов уу. Хайлчихсан байхыг харсан.

-Ер нь тэр малгай чинь шар өнгөндөө байгаа юм биш л дээ. Хүнийг 100 хувь хамгаалж чадахгүй шүү дээ. Хүнд юм унавал толгойг нь хамгаална. Мөн нүүрэвчтэй, хоолойвчтой болсон. Эд нар чинь тухайн түймрээс алба хаагчийг 100 хувь хамгаална гэсэн үг биш. Хайлсан тохиолдол байдаг. Хайлаад хүн нь зүгээр байна гэдэг чинь үүргээ тэр малгай үүргээ гүйцэтгэсэн байна гэсэн үг. Сүүлийн үед алба хаагчид олон төрлийн малгай хэрэглэж байгаа. Аврах ажиллагааных улаан өнгөтэй, түймрийнх гэхээр хүзүүгээ хамгаалсан юмтай, нүүрний хамгаалалттай гэх мэт. Аль улсад үйлдвэрлэснээс шалтгаалаад хэлбэр галбир нь өөр байгаа. Тендер зарлаад стандарт шаардлагад нийцсэн нь худалдан авах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг байх. Ой хээрийн түймэрт явахад нь хамгаалах нөмрөгүүд манайд бас нэлээн олгогдсон. Түймэр ирсэн үед амь хамгаалах зорилготой эд юм. Малгайны гэрэл гэхэд хээрийн түймрийнх духан дээрээ гэрэлгүй, объектын түймрийнх гэрэлтэй, аврах ажиллагааных бол хажуудаа гэрэлтэй гэх мэт төрөлтэй байдаг.

-Тэгвэл нийгмийн талаас нь ямар дэмжлэг хэрэгтэй байдаг юм бэ?

-Бүх л талаар дэмжлэг үзүүлэх гэж хичээж байгаа. Байнга л жагсаж цуглаад байхгүй л дээ. Тайван цагт алба хаагчдын чөлөөт цагийг зөв аятай өнгөрүүлэх, гэр бүлийнхэнтэй нь хамт дурсамж бүтээх цаг хугацаа байлгах янз бүрийн юм зохион байгуулна л даа. Манайх чинь ахлагчийн, эмэгтэйчүүдийн, эцэг эхийн гээд зөвлөлүүдтэй. Эрүүл мэндэд нь анхаарч БОЭТ-тэй эсвэл хувийн эмнэлэгтэй хамтарч боломжоороо хөнгөлөлттэй үнээр үзүүлнэ. Шагнал урамшуулал байна, мэдээж. Цалин мөнгө бас гайгүй болсон болохоор манай албанд орох залуусын сонирхол бий болсон. Орсон хойноо шантраад гарах байдаг ч 95 хувь нь үлдэж үргэлжлүүлэн ажилладаг. Зарим алба хаагч 40 нас ч хүрээгүй тэтгэвэрт гарах тохиолдол бий. Цэл залуу тэднийгээ дараагийн ажил мэргэжил, амьдралд нь бэлдэх чиглэлээр янз бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг аймгийн Политехникийн коллежтойгоо хамтраад зохион байгуулдаг. Хувийн хэвшлийнхэн манайхаас тэтгэвэрт гарсан залуусыг ажилд авах дуртай байдаг. Олонх нь л хоёр сар амраад дараагийн ажилдаа орчихсон байдаг явж шүү.

-Алба хаагчдын хүүхдийн боловсролын асуудал гайгүй байдаг уу?

-Хилийн цэрэг энэ тэрийг бодох юм бол манайх энэ асуудал дээр гайгүй. Төвлөрсөн сум суурин газар дээрээ болохоор алба хаагчийн хүүхдийн сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хүний ажил олдоц давгүй дээ.

narmandah_hurandaa   Гэрэл зургийн эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

-Гал сөнөөгчдийн ур чадварын хувьд?

-Монголчууд чинь аливаа нэг зүйлийг сурах дадлагажихдаа дайчин байдаг. Төрийн цэргийн байгууллагад үүрэг гүйцэтгэх гэж байгаа болохоор 18 нас хүрсэн, цэрэгт явсан, эрүүл биетэй, эр зоригтой, өргөсөн тангарагтаа үнэнч байх гэх мэт шаардлагыг хангах ёстой. Гурван сарын хугацаанд мэргэжлийн сургалтад хамрагддаг. Энэ сургалт жилд хоёр удаа элсэлт авч байгаа. Сургалтаа амжилттай төгсвөл анги, салбарт хуваарилагдана. Мэдээж гурван сарын хугацаанд бүх юмыг сурч ирэхгүй ажил дээрээ ирээд дадлагажна. Тухайлбал, шинэхэн гал сөнөөгчийг хошуугаа бариад гал руу ордог нэг, хоёр номерт хуваарилахгүй, ард талын шугам нээх, хоолой шугам дэлгэж өгөх ажлыг хийлгэнэ гэх мэт.  Ажлын талбар дээр улам сайжирна, өдөр тутмын хоёр цагийн дадлага сургуулиасаа олон зүйл сурч авна. Дээр нь биеийн хүчний бэлтгэл сургуулилалтаа хийнэ. Объектууд дээр сургууль хийнэ, практик дадлага буюу мэргэжлийн байгууллагуудаа хамруулсан томоохон сургуулийг улиралдаа нэг удаа зохион байгуулах ч байдаг юм уу сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хүмүүсээ дадлагажуулдаг. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хоёр хөршийн мэргэжлийн байгууллагатай холбоотой ажилладаг. Нэг зүйлийг олон удаа давтсанаар дадал болдог. Дадал болсон зүйлийг хүн ямар ч үед хариу үйлдлээрээ хийдэг. Иймээс байнга хийж дадал болгох ёстой.

-Та бүхний зуны ажлууд удахгүй эхлэх нь. Өнгөрсөн жил Хэрлэн гол айхтар үерлэсэн. Танай аймаг томоохон гол, нуур олонтой. Сэрэмжлүүлээд байхад л осолдоод байдаг, хүмүүс.

-Улирлын чанартай гамшгууд гэж байна. Бид чинь хавар, намрын хуурайшилт гал түймэр, цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон, шар усны үер, гол ус, бороотой холбоотой осол гамшиг, малын өвчинд ч бас л оролцоно. Манай нутагт Хэрлэн, Онон, Халх, Улз гээд голууд, Хөх нуур,  Буйр нуур зэрэг нууртай. Усны осол, эндэл, гэмтэл гарна. Буйр нуурт аялж яваад хийлдэг завьтайгаа салхинд туугдаад алга болчихдог. Сүүлийн гурван жил голууд их үерлэж, усны осол ч олон байсан. Тийм учраас байнгын эргүүл тойруул хийж байдаг. Бусад мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтраад суурин газруудынхаа эргүүл хяналтыг зохион байгуулдаг. Сэрэмжлүүлэг өгөөд байхад л согтууруулах ундаа хэрэглээд ус руу орж осолдчихдог. Хүүхэдтэйгээ хамт зугаалж яваад хараа хяналтгүй орхисноос бол хүүхдээ харамсалтайгаар алдаж байна. Өнгөрсөн жил Хэнтий аймагт тэгж их үерлэсэн Хэрлэн гол чинь 20-иод хоногийн дараа Дорнодод яг тэр ихээрээ ороод ирсэн. Гол дагуу байсан олон айлыг нүүлгэж шилжүүлэх, түр орон байраар хангах зэрэг ажлыг зохион байгуулсан. Далангуудыг шинэчилж байна.

-Хэнэггүй, хариуцлагагүй монгол зангаас л нийтийг хамарсан том түймрийн аюул гараад байна шүү дээ, олонхдоо. Хүнээ яаж хариуцлагатай болгомоор юм бэ дээ. Та бол ийм зүйл, тийм хүмүүстэй байнга л нүүр тулж яваа байх.

-Ер нь их дэлгэрэнгүй ярилцлаа.Иргэдийг хууль хэрэгжүүлэх тал дээр анхааралтай байгаач ээ гэж үнэхээр хэлмээр байдаг юм. Сүүлийн үед хүн өөрийнхөө эрхийг л мэддэг болсон үүрэг, хариуцлагын тухай ярихаа больчихсон байна. Хүмүүс минь хариуцлагын тухай сайн бодооч ээ. Үйлдэл хийгээд дараа нь гарах үр дагаврын тухай бодооч, таны нэг буруутай үйл ажиллагаанаас их хэмжээний түймэр гарч бусдыг хохироож, өөрөө хохирч байна. Шар өвсөө шатааж байна гээд айлын байшин, хашаа руу оруулчхаж байна. Хариуцлагатай байгаач ээ. 

Байгаль цаг уурын аюулт үзэгдэл болно, хүчтэй салхи шуургатай гэж сэрэмжлүүлж, анхааруулсаар байтал жижиг тэрэгтэй, нялх нойтон хүүхдээ аваад тулсан бензинтэй, нимгэн хувцастай замд гарчихдаг. Ингээд хэдэн зуун километрийн цаана очоод суучихаар ар гэр нь сураггүй болчихлоо, амь нас нь эрсэдвэл та нартай ярина шүү гэдэг. Очоод машиныг нь гаргаж дийлэхээргүй бол хүнийг нь аваръя гэхэд хөрөнгөө орхихгүй, нялх нойтон хүүхэдтэй яваа шүү, та нар хариуцлагаа хүлээгээрэй гээд байдаг.

Уг нь иргэн хүний хариуцлагатай байхын тухай хуульд заагаад өгсөн байгаа шүү дээ. Онцгой байдал, цаг уур болон бусад мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээнд маш их ач холбогдол өгч хандаач ээ, хүмүүс минь. Ингэж л хэлмээр байдаг даа.