Идэр есийн хүйтэн үргэлжилж байгаа ч өмнийн говьд нарлаг, дулаахан. Нар ээж, салхи тогтсон энэ өдөр говийн тэмээчид нутаг нутгаас Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо цуглалаа. Үнэгэн лоовууз, арьсан хүрэм, монгол гутал, хэт хутга, гоёл зүүсгэлээс эхлээд унаж буй тэмээгээ хүртэл ижилсүүлж гоёсон малчид их талын дунд цуглах нь хээнцэр болоод сүрдэм. Цав цагаан цасаар хучигдсан анир чимээгүй талд үс зогдор нь ургаж гүйцсэн атан тэмээг өнгө ижилсүүлэн унахын зэрэгцээ монгол үндэстний дээл хувцас, гоёл зүүсгэлээр гангарсан малчид тал талаас ийн цуглахад тэд чинь аргагүй л энэ нутгийн эзэд шүү дээ хэмээх бахархал төрнө. Тэдний баяр, бахархал дүүрэн инээд, ямар нэг зүйлд хөөрч, догдолж буй мэт байдал төрх нь өнөөдөр энгийн нэг өдөр биш, өв соёлоороо гайхуулж, гангарах өдөр гэдгийг илтгэх аж.
“Түмэн тэмээний баяр”-ыг сурвалжлахаар зорьж очсон “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн баг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын баруун хойд хэсэг Сайхан уулын хормойд байрлах морь барианы газарт очлоо. Баярын эхний өдөр “Өмнийн говийн өв соёлын гайхамшиг”, “Мэндлэх хүндлэх ёс – Хөөргийн өв соёл” үзэсгэлэн болон “Цагаан сар – нутгийн хишиг” үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй Өмнөговь” хотын аялал, “Тэмээчид дуулж байна” уралдаан зэрэг арга хэмжээгээр эхэлсэн бол биднийг очиход “Тэмээн поло” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхэлж, Тайлаг тэмээний уралдаан болж байв.
Өмнөговь аймгийнхан энэ жил 160 мянга орчим тэмээ тоолуулсан, улсдаа хамгийн олон тэмээтэй аймаг. Иймээс Монгол Улсын нийт тэмээн сүргийн гуравны нэгийг эзлэх 16 түмэн тэмээний баяраа тэмдэглэж буй нь энэ. Тэмээн сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээн соёл, зан үйл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой Түмэн тэмээний баярыг анх 1997 оноос зохион байгуулж эхэлсэн. 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн баярыг байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж, өмнө нь зохион байгуулдаг байсан хугацаанаас нэг сараар наашлуулжээ.
Ингээд тун удалгүй Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь зэрэг нутаг нутгаас ирсэн тэмээчид “Түмэн тэмээний баяр-2024” наадмын нээлтийн баярын жагсаалд оролцохоор бэлтгэж эхэлсэн нь наадамчдын анхаарлыг татсан юм. Наадмын үйл ажиллагаанд зориулан зассан тайзны харалдаа урд хэсэгт тэмээчид өөрсдийн сум орон нутаг, баг бүрэлдэхүүний нэр бүхий тугаа барьж, үзэгчдийн өмнүүр жагсаж явахаар бэлтгэж байлаа. Гэтэл наадмын талбайд цугласан үзэгчид тэмээчдийг жагсаж орж ирэхээс өмнө очоод бүччихэв.
Жагсаалын урд орж ирэх малчид атан тэмээндээ эвэр зүүж, элдэв цацаг чимгээр гоёсон нь хурсан олны харааг булааж, тэмээ эвэртэй байсан гэх үлгэр “амилсан” мэт сүр бараатай харагдах тул үзэгчид болон хэвлэлийнхэн өмнө нь очиж, зураг дүрсийг нь авч эхлэв. Монгол үндэстний өв уламжлал, арга ухааныг үеийн үед өвлөн тээж ирсэн тэмээчид монгол дээл хувцас, хүрэм, үнэгэн малгай тэргүүтэй хувцас хэрэглэлээр гоёж, зүс нэгтэй атан тэмээдээр ижилсэн зогсох нь бахдалтай. Өв соёл, үнэт зүйлээ өвлөн тээж, түүнийгээ бусдын өмнө нүүр бардам бахархан харуулна гэдэг нь энэ аж.
Хэсэг хугацааны дараа наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлж, тэмээчид тайзны урдуур жагсаалаар ороход наадмын хөтлөгчид тэднийг нутаг усаар нь зарлан дуудаж, нэг бүрчлэн танилцуулж, үзэгчид алга ташилтаар сэтгэгдлээ илэрхийлэв. Мөн араас нь Монгол банхар судлалын холбоо болон Өмнөговь аймгийн банхар сонирхогчид, Монголын явган аяллын холбооныхон жагсаж, орон нутгийн удирдлагууд олон нийтэд хандаж үг хэлсэн юм. Тэд “Түмэн тэмээний баяр”-аар дамжуулан тэмээн спортын арга хэмжээг хөгжүүлж, уяачдад улсын цол олгодог болохоос гадна бусад үйл ажиллагааг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтээ сайжруулж чадсан. Дотоод гадаадын аялагч, жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ жилийн баярт л гэхэд дотоодын 1500, гадаадын 120 гаруй жуулчид ирсэн гэдгийг онцолж байлаа.
Гэвч үзэгчид тайзан дээр албан ёсны арга хэмжээ үргэлжилж байх хооронд зүүн талд эгнэж зогссон тэмээтэй хосуудыг сонирхож, зураг хөргөө татуулж эхлэв. Хөтөлбөрийн дагуу нээлтийн арга хэмжээний дараа үндэсний дээл хувцас, тэмээгээр гоёсон “Тэмээтэй сайхан хос” шалгаруулах тэмцээн боллоо. Энэ тэмцээнд оролцохоор ирсэн хосуудын нэг бол Өмнөговь аймгийн Ханхонгор сумын залуу малчин Ж.Шинэбат, түүний гэргий Б.Мягмарсүрэн нар. Тэд сайхан хосын тэмцээнд ихэр цагаан атнуудаа тором байхаас нь эхлээд найм дахь жилдээ оролцож байна. 2021, 2022 онд энэ төрөлдөө тэргүүн байр эзэлж байсан тул жил бүр тэмээнийхээ гоё чимэглэл, хувцас хэрэглэлээ нэг нэгээр нь шинэчилж оролцдог гэсэн юм. Хамгийн гол нь тэд бүх гоёл чимэглэл, эдлэл, тэмээний тоног хэрэгслээ өөрсдийн гараар тэмээний ноосон утас болон эсгийгээр урладаг. Энэ жил л гэхэд ногтны гоёл, домбо болон буйл, идээний уут, суран бугуйл зэргээ монгол уламжлалын дагуу гар аргаар шинээр урлаж хийсэн байлаа. Харин өөрсдөө минжин хүрэм, чонон дах, булган малгай, хар угалзтай цагаан монгол гутлаа гангарсан нь хурсан олны хараа булаана. Үүнээс гадна гаанс, хэт хутга, мөнгөн аяга, шанх, ээмэг зүүлт зэргээр зохион байгуулагчдаас зааж өгсөн шаардлагын дагуу хувцас хэрэглэлээ бэлтгэж, өмсжээ.
“Шүүгчдийн хувьд аяганы уут, хэт хутга, хормойн боолт зэргийг уламжлалт талаас нь харж шүүсэн. Энэ тэмцээнийг зохиож эхэлснээр хосууд жилээс жилд уламжлалт ахуй соёл, эдлэл хэрэглэлийнхээ тухай өргөн мэдлэг, ойлголттой болж, хувцас хэрэглэл нь улам сайжирч байна” гэж тэмцээний шүүгч Өмнөговь аймгийн музейн захирал Ц.Отгонтуяа хэллээ.
Энэчлэн Монгол үндэстний өв соёл уламжлалаа сэргээн хөгжүүлж, олон нийтэд таниулан сурталчилж, өв соёлоороо бахархсан гурван өдөр өмнийн говьд саатсан юм. Гурван өдрийн хугацаанд тэмээний бүх насны уралдаан, тэмээн поло, богинын зайн болон буухиа уралдаан, ингэний хоормогийн баяр зэрэг 20 гаруй арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулж, ирсэн зочид гийчдэд тэмээн соёлын гайхамшиг, монгол өв соёлоо гайхуулав. Ингээд зогсохгүй “Түмэн тэмээний баяр”-аар дамжуулж, сүү цагаан идээгээ борлуулах, тэмээний түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой. Цаашлаад орон нутагтаа түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхээр бодлого, чиглэлээ тодорхойлсон байна. Тухайлбал, Өмнгөвь аймагт тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулахын зэрэгцээ 15 тонн сүү хатаах чадалтай хуурай сүүний үйлдвэр барьж, 200 ингэний ферм байгуулахаар төлөвлөжээ.
Нутгийн малчдын хувьд л гэхэд аялагч, жуулчдын тоо нэмэгдсэнээр тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, үнэ эрс өссөн. 2005 онд 2000, 3000 төгрөг байсан ингэний хоормог өнөөдөр 25 мянган төгрөг болжээ. Нийт дүнгээр нь авч үзвэл “Түмэн тэмээний баяр”-аас орон нутагт ирэх эдийн засгийн үр өгөөж нь 300-400 сая төгрөг гэж тооцоолж байна. “Ингэний айргийн баяр-2024” үзэсгэлэн худалдааны үеэр л гэхэд 200 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Гурван өдөр үргэлжилсэн “Түмэн тэмээний баяр”-ын хаалтын үйл ажиллагаа болж, наадам өндөрлөх үеэр тал нутгийн нар ээсэн, дулаахан өдөр дуусаж хүйтэн салхи хуйсагнасан, явган салхитай орой боллоо. Холоос ирсэн зочид, гийчид тус тусын машиндаа суугаад наадам хаахтай зэрэгцэн явж одов. Харин өөрсдийн ахуй амьдрал, өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн тэнэгэр говийн тэмээчин, малчид эзэн хүний ёсоор гар даллан үдэж, хүйтэн жавар,явган салхийг үл ажран үлдсэн юм. “Түмэн тэмээний баяр”-ын гол баатар нь, утга учир нь тэд байлаа.