Гал түймрээс сэргийлж үйлдэл бүрдээ хариуцлага, ухамсартай хандаарай
Гал түймрээс сэргийлж үйлдэл бүрдээ хариуцлага, ухамсартай хандаарай

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл өгөв.

Ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл өгөв.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.14/ байдлаар объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдснээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна. Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26.8 хувиар өссөн бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгджээ.

Харин улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувь өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, таван байшин, 49 гэр, дөрвөн автомашин, долоон мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Өнгөрсөн сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар ойн түймэр гарсан. Эл түймрийг унтраахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан онцгой байдлын 176 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 87 хүн, 16 автомашин, нийт 263 хүн, 30 автомашинтай үүрэг гүйцэтгэж байгааг мэдээллээ. Түймрийн зүүн, зүүн урд, урд тал, баруун урд талыг цурамд оруулж, баруун хойд талын түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байгаа аж. Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртжээ.

Хуурайшилт ихтэй, түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй, галын аюулгүй байдлыг сайтар хангаж, үйлдэл бүрдээ хариуцлага, ухамсартай хандана уу.