Гадаадад амьдардаг монголчуудын цагийг, хөлс хүчээ урсгаж олдог мөнгийг, эх орноо санасан сэтгэлийг нь хүндэл.
Гадаад улсад ажиллаж, амьдарч буй монголчуудыг муухайгаар хэлэхэд мөнгө гэж хардаг нэг хэсэг манай нийгэмд бий.
Хилийн чанадад амьдарч байгаа монгол хүмүүс эх орноосоо хол нутаг ус, гэр бүл, элэгсэг дотнын бүхнээ санаж тэднийхээ сайхан дурсамжаар тэжээгдэн өдөр хоногийг өнгөрүүлж байдаг болохоор монголтойгоо хамаатай юмсыг илүү хайрладаг юм. Монголоо өмөөрч, монголоос хүн ирвэл чадахаараа туслах гэж хичээж, монголоос урлагийнхан ирвэл тоглолт, үзвэрийг нь үзчих юм сан гэж бодож явдаг юм л даа.
Үзвэр үзэхдээ хүрвэл олонх нь “монгол хүн ирээд тоглож байна, монголоос биднийг зориод ирлээ” гэдэг хүндлэл, хүлээлтдээ л болдог юм шүү. Үүнээс биш бүгдээрээ хэн нэгэн уран бүтээлчийг учиргүй шүтэн биширч, хөгжөөн дэмждэгтээ, тэр тоглолтыг үзэхгүй бол болохгүйдээ тийм сонголт хийдэггүйг гадаад улсад амьдардаг олон монгол хүн хэлэх байх. Ер нь тэгээд өөрөө л үзэж, харъя гэвэл өч төчнөөн гайхалтай содон, сонин зүйлс тэнд бий.
Сүүлийн үед гадаадад амьдардаг монголчуудыг янз бүрээр ярьж хэлэх, бичиж тэмдэглэх болжээ. Нүүрсээ “мөлжиж” яваа улсынхаа гадаад валютын гол урсгалыг тэтгэж байдаг тэдний бүх амьдрал төлөвлөгөөний дагуу өрнөж, цаг хугацаатай уралдаж, үүрэг хариуцлага дээр тогтож явдаг. Тиймээс тэдэнтэй холбогдох гэж, тэдэнтэй уулзах гэж, тэдэнд тоглох гэж байгаа бол цагийг, хөлс хүчээ урсгаж олдог мөнгийг, эх орноо санасан сэтгэлийг нь хүндэл. Тэдний хөөрсөн, хүлээсэн, догдолсон сэтгэлээр бүү тогло.