Хүүхэд хамгаалалд гоё үгс биш зөв шийдэл хэрэгтэй байна
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт ой өнөөдөр тохиож байна. Зуун жилийн өмнөх энэ өдөр их зохиолч Д.Нацагдоржийн удирдлага, санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй бүлгэм хөдөлгөөн байгуулагдсан нь энэ газрын үүсэл болсон гэж үздэг.
Хүүхдийн байгууллагатай холбоотой томчууд энэ өдрөөр багагүй баярлаж байгаа бололтой. Хүүхдэд зориулсан, хүүхдийн төлөө, хүүхдийг хамгаална гэж хэлсэн гоё үг, яриа ч олон болж байгаа харагдана. Засгийн газар ч өчигдрийн хуралдаанаараа хүүхэд хамгаалалд чиглэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргаж, Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнэ “Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна” гэж хэлжээ.
Гүйцэтгэлийн аудитыг хийхдээ хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр, үйл ажиллагаанд оролцдог төрийн болон төрийн бус байгууллагуудын 2019-2023 оны баримт, мэдээллийг хамруулсан байна. Мөн Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийг 2024 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд аудитын хамрах хүрээнд 2019-2023 оныг хамруулж байгаа тул 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг шалгуур болгожээ.
Аудитын шалгалтын тайлангаас харвал Монгол Улсад хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүн хангалтгүй үнэлэгдсэн гэж дүгнэж болохуйц байна. Тус тайлангаас гурван баримтыг эшлэн хүргэе.
Хүүхэд хамгааллын чиглэлээр төрөөс баримтлах цогц бодлого, үр дүнтэй тогтолцоо байхгүй
“Монгол Улсын Засгийн газар хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа хүүхдэд хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахад чиглэсэн зорилго, зорилтыг бодлогын баримт бичгүүдэд тусгадаг ч тэдгээр нь хоорондын уялдаа холбоогүй, хүрэх түвшин тодорхойгүй, үнэлж дүгнэх аргачлалгүй, цогц бодлогогүй явж ирснийг дараах жишээ харуулж байна” гэж дүгнэжээ.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2017 онд цогц бодлого гаргаж хэрэгжүүлэх тухай зөвлөмж өгсөн ч биелэлт хангаагүй. Мөн онд Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын түр орлон гүйцэтгэгч нарын ЗГ-ын 2017 оны 270 дугаар тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталсан ч 2021 онд хүчингүй болгочихжээ. Ингэснээр хөтөлбөрийн таван жилийн үр дүнг бүхэлд нь үнэлж дүгнэх боломжгүй болсон байна.
Монголын улс төрийн тогтворгүй байдал, хууль, эрх зүйн уялдаагүйн шалтгаан нь нийгмийн олон салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байдаг билээ. Тэдгээр жишээний нэг нь дээрх үйл явдал болжээ.
Монгол Улсын “ирээдүйн төлөвлөгөө”-г бичихдээ ирээдүйн эздийг нь “орхижээ”
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод хүүхэд хамгааллын талаар 10 төрлийн заалт байдаг бөгөөд энэ нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт бүрэн тусгагдаагүй биелэлт хангалтгүй байна. Цаашлаад Монгол Улс хүүхэд хамгааллын үндэсний бодлогын баримт бичигтэй болох шаардлагатай гэдэг дүгнэлт өгчээ.
Хүүхэд хамгааллын чиглэлээр
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д зургаа,
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д долоо,
“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т таван арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан аж.
Гэвч эдгээр арга хэмжээ нь зорилго, хүрэх үр дүн, хийх арга зам тодорхойгүйгүй зүгээр нэг заалт төдийгөөр цаасан дээр буужээ. Монгол Улсын ирээдүйн төлөвлөгөөг гаргахдаа ирээдүй болсон хүүхдүүдэд ингэж хандсан байна.
Хүүхэд хамгааллын төсвийг зориулалтын бусаар зарцуулжээ
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь 2022-2023 онд хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээнд 3,085.8 сая төгрөгийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд тусган 2,092.8 сая төгрөг буюу 67.8 хувийг хүүхэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд, 993.0 сая төгрөг буюу 32.2 хувийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулжээ.
Монгол Улсад Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2016 оноос хүүхэд хамгааллын үйлчилгээний зориулалттай улсын төсөв тасралтгүй нэмэгдэж иржээ. 2020 онд зургаан тэрбум төгрөг байсан төсвийг 2025 онд 20,8 тэрбум төгрөг болгон баталсан байна.
Харамсалтай нь эдгээр онд хүүхдэд зориулагдах ёстой улсын төсвийг зориулалтын бусаар, үр дүнгүй зарцуулсныг аудит тогтоожээ. Мөн тайланд 2020-2023 оны хүүхэд хамгааллын салбарын хүний нөөцийг төсөвтэй нь харьцуулан үзэхэд жил бүр хүний нөөц болон түүнтэй холбогдох зардал өссөн ч хүүхдийн хүчирхийллийн тохиолдол шийдвэрлэлт хангалтгүй байна гэжээ.
Үндэсний аудитын газрын цахим хуудаст нээлттэй байршсан “Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудит”-ын хураангуй тайлангаас цөөн баримт онцлоход л ийм байна.
Манай улсад хүүхдийн эрхийн зөрчил ихтэй, хүүхдийг хамгаалж чадаагүйн улмаас хохироосон тохиолдол өдөр бүр гарч байдаг ч хүүхэд хамгааллын салбар нь хүч муутай, нэгдсэн бодлогогүй тул эмх замбараагүй байсаар. Хүүхдийн язгуур дээд эрхийг хангах, хамгаалах ойлголт шийдвэр гаргагч, хууль тогтоогч, хүүхэд хамгааллын байгууллагынхаа хэмжээнд төлөвшсөн эсэх нь ч эргэлзээтэй. Тодорхой ганц зүйл нь монголын хүүхдүүдэд тэднийг бодитоор хамгаалах нэгдсэн бодлого, тэдний төлөө үнэнчээр ажил хийх хүмүүс л хэрэгтэй байна.