Зуны саруудад тэнгэр ямар байх вэ?
Цаг уур орчны шинжилгээний газраа улирлын буюу зуны саруудын цаг агаарын ерөнхий төлвийг танилцууллаа. Цаг уурын байгууллагын гаргасан урьдчилсан төлвөөр ирэх саруудад агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх нь.
Хур тунадас:
Долоодугаар сард баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр дунджаас бага байх хэдий ч зургаадугаар сард нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр,
долоодугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр,
наймдугаар сард нутгийн баруун өмнөд хэсэг буюу Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.
Агаарын дундаж температур:
Зургаадугаар сарын агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Харин нийлбэр хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтийн нутаг, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Долоодугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Наймдугаар сарын агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй. Сарын нийлбэр хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.