Монголын хэвлэлийн эрх чөлөө 23 жилд хэрхэн хувирсан бэ?
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ жил дэлхий нийтээр “Шинэ орчинд тууштай мэдээлэх нь-Хэвлэл мэдээлэлд үзүүлэх хиймэл оюун ухааны нөлөө” сэдвийн дор тэмдэглэж байна. Хиймэл оюуны хөгжил сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн нөлөөлж буй тухайд илүү ач холбогдол, анхаарал өгч хэлэлцэх цаг ирсэн тул ЮНЕСКО-оос эл уриалгыг дэвшүүлжээ.
Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагаас 2025 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулсан. Дэлхий даяар мэдээлэх, мэдээлэл авах эрх чөлөөг хамгаалж, хэвлэлийн эрх чөлөөг дэмжих зорилготой ажилладаг тус байгууллагаас эл индексийг жил бүр гаргадаг уламжлалтай.
Үүнээс харахад энэ хугацаанд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлдог үндсэн таван шалгуурыг 50 хувиас доошлуулахгүйгээр хангаж ихэвчлэн 45-65 оноогоор үнэлэгдэж иржээ. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас улс орнуудын эдийн засаг, улс төр, хууль, эрх зүй, нийгэм соёлын болон аюулгүй байдлын нөхцөл байдал гэх таван үзүүлэлтийг үнэлж, үндэсний хэвлэлийн эрх чөлөөний оноог нь гаргадаг билээ.
Монгол Улс 2025 онд 180 орноос 102 дугаарт жагссан байна. “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс-2025”-ийн тайланд “Ардчилсан Монгол Улс хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон ургалч үзлийн зарчмыг хүндэтгэдэг. Гэвч эх сурвалжийн нууцыг хамгаалах үндсэн эрх зүйн хамгаалалтгүй хэвээр байна. Мөн “гүтгэх”-ийг хуульчилсан хууль тогтоомж нь сэтгүүлчдийн эсрэг дур зоргоороо шүүхэд нэхэмжлэл гаргахад нөлөөлдөг гэжээ.
Хэвлэл мэдээллийн хувьд: Монголд телевиз хамгийн эрэлттэй, зах зээлийн 60-аас доошгүй хувийг эзэлдэг. Олон нийтэд үйлчлэх цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага болох МҮОНТ-ийн бүрэлдэхүүнд телевиз, радио, мэдээллийн сайтууд багтдаг бөгөөд хамгийн олон үзэгчтэй. Өдөр тутмын “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонин нэр хүндтэй.
1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар Засгийн газар үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор төсвийн хөрөнгөөр санхүүждэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихийг хориглосон ч Засгийн газрыг дэмжсэн мэдээг таван сонинд өөр хэлээр нийтэлж, мэдээллийн сайт ажиллуулдаг Монцамэ агентлаг төрийн өмч хэвээр байна.
Улс төрийн нөхцөл байдал: Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил маш их төвлөрсөн, ил тод байдал дутмаг байна. Хувийн, төрийн аль нь ч бай монголын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл төр, улс төрийн намтай холбоотой гэдгээ ил тод харуулдаг. Улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд, төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн эзэд, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын дарамт шахалтаар хэвлэл мэдээллийн бие даасан үйл ажиллагаа хязгаарлагддаг.
Хууль эрх зүйн орчин: Монголд “бусдыг гүтгэсэн” хэргийн талаас илүү хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг байдаг. Санхүүгийн хувьд хатуу шийтгэл нь өөрсдийгөө цензурдэх, хараат бус, эрэн сурвалжлах хэвлэл мэдээллийн хөгжлийг хязгаарлахад хүргэдэг. Сэтгүүлчдийг худал мэдээлэл тараасан хэргээр буруутгаж буй олон тохиолдол нь улс төрч, УИХ-ын гишүүн, төрийн албан хаагч болон төрийн байгууллагын гомдолд үндэслэсэн байдаг.
Эдийн засгийн нөхцөл байдал: 2023 онд 3.5 сая орчим хүн амтай Монгол Улсад 434 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэгдсэний дийлэнх нь хувийн хэвшлийнх байсан гэж Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс мэдээлсэн. Монголын хэвлэл мэдээллийн эзэд зөвхөн ашгийн төлөө бизнес эрхэлдэггүй. Тэд мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн давуу талыг сурталчлах, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах хэрэгсэл болгон ашигладаг. Сэтгүүлчид цалин багатай, ачаалал ихтэй байгаагийн уршгаар тодорхой контент бэлтгэж цалин хөлс авахыг хүлээн зөвшөөрдөг нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийг алдагдуулж байна.
Нийгэм соёлын нөхцөл байдал: Улс төрийн томоохон үйл явдлуудыг сурвалжлах агуулга, чанар нь санаа зовоосон асуудал байдаг учраас монголчууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл итгэх хандлагатай байдаг.
Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас 2016 онд хийсэн судалгаагаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь 44 хувийн итгэлцэлтэйгээр хамгийн өндөр итгэл үнэмшилтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан. Харин өдөр тутмын сонинууд 10 хувь, онлайн мэдээллийн эх сурвалж таван хувийн итгэл төрүүлдэг гэдэг дүн гарч байжээ.
Тайлангийн эх сурвалж: rsf.org