Хүү нь ирлээ-хилчдээ үдлээ
Монгол Улсынхаа 8252.658 км хилд хугацаат цэргийн албаа хаасан хилчин дайчид халагдлаа. Ганцхан жилийн өмнө албанд мордсон тэд эх орны хөвгүүд, эр цэрэг, хилчин хүн болоод энхрий хайртай хүмүүстээ ирж байна. Ижийн ерөөлтэй сүүгээр дөрөөгөө мялаалган албанд мордсон хөвгүүд эх орондоо тангарагтай хилчин бүсгүйчүүдийн сүүн цацлаар үдүүлээд гэртээ ирлээ.
Улаанбаатар хотоос улсын хилээ хамгаалахаар цэрэгт татагдаж үүргээ амжилттай гүйцэтгэсэн түрүүч, байлдагчдыг бэлтгэлээр халах үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Сүлдэт багана” цогцолборт болсон юм. Залуус эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг бие сэтгэлээр мэдэрч, гэр бүлээ, дотнын хүмүүсээ ойлгох, хайрлахад суралцжээ.
Эх орныхоо хилийн зурваст нар мандаж, жаргахын гоо үзэсгэлэнг ой тойндоо мартахааргүй хадгалж, албаа, онжавуудаа, хилчдээ, хилээ зүрхэндээ зурж, санах бүрд сэтгэлд нь долгис, догдлол үүсгэх дүүрэн дурсамж тээж иржээ.
Жагсаал командлагч Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Хил хамгаалалтын тасгийн дарга, ахмад Г.Ганзолбоо
Хилийн цэргийн ангийн захирагч, захирагчийн орлогч, штабын дарга нар хилчин хөвгүүдээ үдэж, шинэхэн хилчдээ угтан авахаар ирцгээж. Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Хил хамгаалалтын тасгийн дарга, ахмад Г.Ганзолбоо “Нэг жилийн турш нэгэн цул болж хамт байсан цэргүүд минь халагдаад явж байна. Сэтгэл жаахан тиймхэн байдаг шүү, энэ үед. Бас хугацаат цэргийн алба хаагаад халагдаж байсан үе минь бодогдож, дурсамж сэргэдэг. Мэдээж бид энэ цагт хил хамгаалалт дээрээ онцгойлон анхаарч ажилладаг” гэж ярилаа.
Андууд, онжавууд
Үнэнч нөхөрлөлийн түүхээ улам зузаатгаж хамтдаа Хилийн цэргийн 0198 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж, содон дурсамж бүтээгээд ирсэн андууд бол Б.Ариунбат, У.Тэмүүлэн хоёр билээ. Тэд өөрсдийн хийх ажил, ирээдүйн зорилгоо аль хэдийн тодорхойлжээ.
Э.Хүслэн гэр бүл, найзуудын хамт
Э.Хүслэнгийн аав Б.Энх-Ундрах хүүгээ халагдаад ирэхээр нь хамтдаа явах дугуйн аяллын маршрут гаргаснаа сэтгэл догдлон ярьж байлаа. Энэ хугацаанд аав шиг, ах шиг хандаж байсан ангийн захирагчдаа баярлалаа гэдэг үгийг домог, түүхт Халх голын отрядад алба хаасан хөвгүүд хэлж байв.
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс цэргүүдээ үдэж буй нь.
... Баяртай отряд минь
Баяртай дарга нар минь
Дахин уулзахын ерөөл өргөе
Хоёр нүдний нулимс хацар даган урслаа
Хязгаар нутаг дархан хил минь баяртай
Үүрд таныгаа дурсаж явъя даа.
Хилийн цэргийн амьдралыг нүдэнд үзэгдтэл зурагласан “Дархан хил минь баяртай” дуу жагсаалд эгнэсэн цэргүүдээс эхлээд олон хүний бодол сэтгэлийг хөндөж, уясгаж байлаа.
Угтаж, үдэх, үдүүлж, угтуулахын завсарm жагссан хөвгүүд, хилчид
Угтаж, үдэх, үдүүлж, угтуулахын завсарт жагссан хөвгүүд. Хэдхэн хормын дараа хэлэх “Жагсаал тар” команд бүтэн жилийн хүлээлтээс нь ч урт санагдах угтагчид, хайрцагласан жагсаалын өмнө цэх зогсоод цэргүүддээ захиас хэлж, амжилт, сайн сайхныг ерөөх, дотно дулаан тэврэлдэж үдэх ангийн удирдлагууд. “Эрхэм хурандаа баяртай”. Ингээд цэргүүд харилаа.
Цэрэг халагдлаа.
Хилд алба хаасан хөвгүүдээ нийслэлийн Цэргийн штабынхан хүлээн авч бүртгэн, цэргийн үүрэгтэн болсныг нь хэлээд үргэлжлүүлэн цаашид ажил, хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох боломжуудыг танилцуулах нь үйл явдал хэтэрхий хурдан өрнөх шиг. Бүр “Сүлдэт багана” цогцолборын нэг хэсэгт тэдэнд үйлчлэхээр дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд ширээ сандал, бичиг цаас болчихсон сууж байлаа.
Угтаад авдаг, хайрлаад хамгаалдаг эх оронтой, эрх чөлөөтэй байх сайхан. Хүү нь ирсэн хүмүүс, хайрт нь ирсэн бүсгүйчүүд, хөвгүүдээ үдсэн отряд, хилчдээ үдсэн эх орон. Удахгүй очих цэргүүд. Угтан тосох хилчид, хил, эх орон. Утга учиртай, үнэ цэнтэй үргэлжлэл.