5 Цагийн өмнө.
Хуульчид хөлс авахгүйгээр зөвлөгөө өгч байна
Хуульчид хөлс авахгүйгээр зөвлөгөө өгч байна

“Хуульчийн про боно өдөр”-ийг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.

Монголын Хуульчдын холбооноос Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбай, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв, алслагдсан хороод, тойргийн шүүхүүдийн гадна талбайд “Хуульчийн про боно өдөр”-ийг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнөөдөр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах зэрэг бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх аж.

Хуульчид иргэдийн өмнө тулгамдсан асуудлаар үнэ төлбөргүй мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгдөг “Хуульчийн про боно өдөр” нэртэй энэ ажлыг жил бүрийн тавдугаар сарын нэгний өдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

2

 Иргэн бүр эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг байх нь зөвхөн хувь хүнд төдийгүй нийт нийгмийн амар тайван байдлын үндэс суурь болдог. Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс “Хуульчийн про боно” өдөрлөгт тогтмол оролцож, олон нийтэд хууль, эрх зүйн анхан шатны туслалцааг үнэ төлбөргүй хүргэх үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган онцолсон юм. 

4 Хууль зүй, дотоод хэргийн яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган

Бид иргэдэд зөвхөн хууль тайлбарлаж өгөх бус, өөрийн эрх, үүргээ мэддэг, түүнийгээ зөв ашиглаж чаддаг эрх зүйн соёлтой иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг чухалчилдаг. Эрх зүйн мэдлэг бол өнөөдөр хүн бүрт зайлшгүй шаардлагатай “амьдралын ур чадвар” юм. Иргэд хуулиа мэддэг бол маргаан багасч, харилцаа соёлтой, хариуцлагатай болдог. Энэ бол зөвхөн өнөөдрийн ажил биш, ирээдүйн хойч үеийн хүмүүжил, ёс суртахууны хөрсийг бэлтгэх чухал хөрөнгө оруулалт гэж бид харж байна.

Энэ удаагийн өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон Хууль зүй дотоод хэргийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг 20 гаруй байгууллага оролцож, иргэдэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.

3

Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Яармаг, Мишээл, Дүнжингарав, Хорооллын E-mart, Баянхошуу, Драгон, Сэлбэ төв болон дүүргийн алслагдсан 10 хороо, шүүхийн байруудын гадна талбайд хууль зүйн үйлчилгээ үзүүлж байна. Харин зорьж ирэх боломжгүй хүмүүст 75050801, 75050802, 75050803, 75050804 тусгай дугааруудаар зөвлөгөө өгөх аж.

Өмнөх жилүүдэд “Хуульчийн про боно өдөр”-өөр жилд дунджаар 30 гаруй мянган иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгсөн байдаг.