Хувцас, ус ба бид
Хувцас, ус ба бид

Хөвөн хураалтын үеэр

Энэ хүртэл уншсан бол хувцас худалдан авах зуршил, шүүгээнийхээ талаар дахин нэг эргэцүүлж бодоорой. Дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд заавал тэрбумтан, зохион бүтээгч, эрдэмтэн байх шаардлагагүй.

Хоёр жилийн өмнө англи хэл дээр бичсэн өгүүллээ орчуулан нийтлэв. 

- Та өглөө хэдэн аяга ус уусан бэ?

- Бас хэрхэн хувцаслав. Шүүгээнээсээ өөрт тохирохыг сонгох гэж хэдэн минут зарцуулсан бэ?

Хэтэрхий хувийн, хоорондоо уялдаа асуултууд байна уу? Тэгвэл хариултыг нь хамтдаа хайцгаая.

Одоо таны хувцасны шүүгээг нээж үзье. Хэдэн футболк, өмд, хослол, хүрэм, даашинз, малгайтай цамц, бусад төрлийн хувцас байна вэ? Гар нүүрийн алчуур, углааш чинь бас даавуу юу? Биед эвтэйхэн гээд өмсчихсөн суугаа даавуун футболк, жийнсэн өмдний чинь тухай ярихад л хангалттай болов уу. 

- Хэзээ нэгэн өдөр та хувцас худалдаж авахдаа дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, дэлхийн цэвэр усны нөөцийн хомсдолын тухай бодож байсан уу?

- Эсвэл энэ жийнсийг өмсвөл үнэхээр догь харагдах тухай л анхаарч, хэрхэн дэлгүүр хэсэж тор дүүрэн хувцас худалдаж авснаа найзууддаа сонирхуулахаар яардаг уу?

Таны өмсөх дуртай ганцхан даавуун футболкийг хийхийн тулд 2700 литр ус зарцуулдаг бөгөөд энэ усыг хүн 900 өдрийн турш уухад хангалттай гэдгийг National Geographic суваг маш ойлгомжтойгоор тайлбарласан байна.

Итгэмээргүй байгаа биз? Тэгвэл ганцхан жийнсэн өмд хийх нэг кг хөвөн гаргаж авахын тулд 10 мянган литр ус зарцуулдаг. Энэ нь дунджаар нэг хүний 10 жилийн усны хэрэгцээг хангаж чадах юм гэдгийг UNDP-ын элч Малайзын жүжигчин Мишель Ёоу “Made in Forests” богино хэмжээний кинондоо дурджээ.  

Эдгээр тоонууд хэтэрхий дэгсдүүлсэн мэт санагдаж байна уу? Хүн өдөрт дунджаар найман аяга ус уудаг бөгөөд энэ нь ½ галлонтой тэнцэнэ. Тэгэхээр жилд 182,5  галлон буюу 547,5 литр ус уудаг байх нь. Мэдээж дунджаар. 

2

Хувцас үйлдвэрлэл - будагтай бохир ус

Манай дэлхийн гадаргын 71 хувь нь ус шүү дээ, юунд санаа зовох билээ гэж бодож байна уу? Харамсалтай нь дэлхийн гадаргын усны 97 хувь далайн шорвог ус буюу ундны усны зориулалтаар болон тариа ургуулахад ашиглах боломжгүй. Үлдсэн гуравхан хувь цэвэр усны 2,5 хувь нь мөсөн гол, агаар мандал, туйлын мөсөн бүрхүүлд түгжигдсэн. Дунд сургуулийн Газар зүйн хичээлд суусан хүн бүр энэхүү мэдээллийг аль хүүхэд насандаа олж сонссон болов уу.

Тэгэхээр бид манай дэлхий дээрх бүх  цэвэр усны нөөцийн зөвхөн 0,5 хувь буюу ашиглах боломжтой хэсгийг хэрэглэж байна. Өөрсдийгөө ундаалж, угааж цэвэрлэж, үр тариагаа ургуулж гэх мэт усыг ашиглаж болох бүхий л хэлбэрээр тултал нь хэрэглэж бас бохирдуулж байна. Хөвөн ургамлууд бол маш их ус шаардлагатай үр тариа юм.

Дэлхий даяар усны зохистой хэрэглээ, усны үнэ цэний талаар хэлэлцэж 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Гэвч хүмүүсийн усанд хандах хандлага, ойлголт, бодит хэмнэлт олон нийтийн дунд хангалттай биш байсаар л. Одооноос л зарим хүн ахуйн усны хэрэглээнд үнэн сэтгэлээсээ санаа зовж эхэлж байна. Энэ байдлаас харахад хувцас болон түүний усны хэрэглээний тухай бодож эхлэх болоогүй мэт. Гэхдээ бид одоо л эхлэхгүй бол бидний ухаарал хожимдох болчхоод байна.

teacher-dress-3-ht-er-181127_hpembed_4x3_992 Нью Жерси хотын дунд сургуулийн багш Жулиа Мүүни 

Бусдаас түрүүлж сэрдэг хүмүүс аль ч цаг үед байдаг. Гурван жилийн өмнө АНУ-ын Нью Жерси хотын нэгэн дунд сургуулийн багш Жулиа Мүүни “sustainable fashion”-ыг сурталчлахын тулд 100 өдрийн турш нэг даашинз өмссөн тухай мэдээлэл дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг маш их татсан. Зарим хүн энэ бол байгаль орчныхоо төлөө хувь хүний зүгээс хийсэн том алхам гэж үзэж байсан. Гэвч бид дэлхий дээр амьдрах л гэж ирсэн учраас дуртайгаа хийж, хүссэнээ өмсөх ёстой гэсэн үзэлтэй хүмүүс ч шүүмжлэгчдийн бүлэгт байсан билээ.

Та одоо цагт сонголт хийх эрхтэй ч дараа үеийн хүмүүстээ эх дэлхийгээ хүлээлгэж өгөх үүрэгтэй. Өөрийн үр удмаа усгүйн улмаас харангадаж, өлсөж, өвчинд нэрвэгдэхийг хүсэхгүй биз дээ?

Харамсалтай нь энэ явдал аль хэдийн бий болсон бөгөөд өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ундны усгүй амьдарч байна. Ердөө 29-хөн жилийн дараа 5,7 тэрбум хүн усны хомсдолтой нүүр тулна гэдэг судалгааг НҮБ-аас гаргасныг мэдсэн үү?

3

Дэлгүүрийн эмэгтэй хувцасны тасагт

Энэ хүртэл уншсан бол хувцас худалдан авах зуршил, шүүгээнийхээ талаар дахин нэг эргэцүүлж бодоорой. Дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд заавал тэрбумтан, зохион бүтээгч, эрдэмтэн байх шаардлагагүй. Ердөө минималист хэв маягийг эрхэмлэж, эдэлгээ даах цөөхөн хувцас худалдан авч, ухамсаргүй хэрэглээгээ бага зэрэг ухаалаг болгоход л дэлхий дээрх цэвэр усаа хэмнэхэд асар том дэм болно.

Хувцас үйлдвэрлэлийнхний дүр эсгэсэн санаашрал

Дэлхийн хамгийн томоохон ус ашиглагчдын нэг, хаягдал усны бараг 20 хувийг үйлдвэрлэдэг хувцас загварын салбарын компаниуд эх дэлхийдээ хэр их санаа зовдог бол?

Үүний хариулт болгож байгаль орчны мэдээллийн цогц CDP-ын 2020 оны 9 дүгээр сарын 14-нд вэб сайтдаа нийтэлсэн судалгаанаас цөөхнийг эшилж байна. Хөрөнгө оруулагчид болон үйлчлүүлэгчдийн хүсэлтээр загварын болон нэхмэлийн 136 компанид усны нөлөөллийг ил тод болгох судалгааг CDP-ээр дамжуулан хийхэд тэдгээрийн 62 буюу талаас бага хувь мэдээллээ өгчээ.

Тэдний ердөө долоо буюу 11 хувь нь (Gap Inc, H&M, Kering зэрэг) усны бохирдлын талаар мэдлэгтэй байсан байна. Мөн дөрөвний нэг хүрэхгүй хэсэг буюу 23 хувь нь усны бохирдлыг бууруулах зорилго, зорилт тавьж байгаа бол ердөө зургаахан хувь нь ахиц дэвшлийг хянаж, тайлагнадаг гэжээ.

5

Хөвөнгийн тариалан

Ухамсаргүй, хариуцлагагүй, харалган санагдаж байна уу? Тэд асуудлыг мэдэж байгаа ч шийдвэрлэх сэтгэл, хүчин чармайлт алга. Зөвхөн өнөөдрийн амжилттай бизнест анхаарлаа хандуулж, маргааш дэлхийн хүн төрөлхтөнд тулгарах аюул заналд ургаа хад мэт хойрго хандаж байна. Тиймээс ч олон улсын байгаль орчны ашгийн бус байгууллага CDP  дэлхийн загвар, нэхмэлийн салбар усны бохирдлын эрсдэлийг үл тоомсорлож, устай холбоотой бизнесийн боломжуудыг ашиглаж чадахгүй байна гэж тайландаа дүгнэсэн байна.

Харин “Gap Inc”-н тогтвортой байдал хариуцсан захирал Агата Смитс хувцас үйлдвэрлэлийн бизнесийн хамгийн чухал зүйл болох усны үнэ цэн, ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөг. Манай компани усаа багасгах зорилтынхоо хүрээнд үйлдвэрлэлдээ усны хэрэглээг бууруулахаас гадна түүхий эдийн тариалалтын усны хэрэглээнд анхаарлаа хандуулна. Бид үйл ажиллагаа явуулж буй бүс нутгууддаа усны хүртээмж, чанарыг сайжруулахыг эрмэлздэг гэж ярьжээ.

Мэдлэг ба сонголт

Дахин нэг асуулт та хувцасны microplastics or microfibers-ын тухай хэр мэддэг вэ? Синтетик нэхмэл эдлэлийг угаах нь усны орчин дахь микропластикийн үндсэн эх үүсвэрийн нэг. Энэ нь дэлхий дээр бий болж буй бүх микропластикийн 35 хувийг эзэлдэг аж. Эдгээр бодис нь усны экосистемийг сүйтгэж, хүний ​​биеийн эд эсэд хүртэл хуримтлагддаг нь судалгаагаар тогтоогджээ.

fastfashion-1024x1024 Тайлбар хэрэггүй зураг

Бидний хээнцэрлэх гэж худалдаж авсан ганган синтетик даашинз гол мөрөн, далай тэнгист гэмгүй сэлж яваа загас, далайн амьтдад хүртэл заналхийлдэг гээд бод доо. Дээрээс нь зөвхөн гаднаа сайхан харагдахын тулд өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах шаардлага заавал бий гэж үү?

Хувцас үйлдвэрлэлийн компаниуд энэ тухай олон нийтэд мэдээлэхийг хүсдэггүйг мөн л судалгааны хариугаас харж болно. Учир нь H&M компани л цор ганцаараа мэдээлэлдээ микропластик болон микрофиберийн талаар дурдсан байжээ.

Хувцас загварын салбар нүүрс төрөгчийн ялгарал /carbon emissions/-ын 10 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Зөвхөн Америкт л гэхэд жил бүр хаядаг хувцасны хэмжээ сүүлийн 20 жилд  хоёр дахин нэмэгдэж 14 сая тонн болсон гэх мэт эмх замбараагүй тоо баримтууд байдаг. Хэдэн арван цуврал нийтлэл болох сэдэв юм.

1 

Хувцас үйлдвэрлэл - хог хаягдал

Гэтэл хүн усгүйгээр 3-4 хоног л амьдрах чадвартай гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Тэгвэл нэг удаа чанартай хувцас худалдан аваад 3-4 жил өмсөхөд насаараа уух усаа хэмнэж чадах нь.

Ирланд улсад 1 куб метр буюу 1000 литр ус 1,85 евро, харин Монгол Улсад адил хэмжээний усны үнийг еврод шилжүүлж бодвол 33 цент болно. Усыг үнэлж болох ч үнэ цэн нь хэмжээлшгүй.

Хүн төрөлхтөн өдөр тутамдаа хийдэг сонголтоороо эх дэлхийгээ хамгаалахад эерэгээр нөлөөлөх боломжтой. Та хувцас загварын компанийн хийснийг биш таны хүссэнийг тэд сонгодог болох боломж бий.

4

Ганц жийнсэн өмд хийх нэг кг хөвөн гаргаж авахын тулд 10 мянган литр ус зарцуулдаг

Сүүлчийн асуулт. Та баярын бэлгээ сонгосон уу? Дахиад нэг бодоод үзээрэй.