Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд
Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс жил бүр долоон хувийг хөнгөлөлттэй эмийн санхүүжилтэд зарцуулдаг. Энэ жил батлагдсан 2.5 их наяд төсвийн 135 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмийн санхүүжилтэд зарцуулахаар төсөвлөжээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эмийг олгож санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгоод явдаг. Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Хүний эмийн зөвлөл”-өөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон, Монгол Улсад бүртгэлтэй жороор олгодог эмүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж баталдаг. Энэний хувь хэмжээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тогтоодог. Өнөөдрийн байдлаар уналт таталтын эмийг 0-18 настай хүүхдүүдэд 100 хувь, бусад эмийг 30, 50, 70 хувиар хөнгөлөлттэй олгож байгаа. Үүнд нийтдээ 590 орчим нэр төрлийн эмийг оруулж, 138 тэрбум төгрөгт багтааж эмийн сангуудаар иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгож байна. Монгол Улсад тухайн жилд ямар өвчлөл их байгаа болон тэдгээр өвчлөлийн дундаас аль эм нь иргэдэд амбулаториор өргөн хэрэглэгдэж буй зэрэгт эмийн агентлагаас судалгаа явуулдаг. Үүний үндсэн дээр “Хүний эмийн зөвлөлөөр” зайлшгүй эмийн жагсаалтад бүртгэж, “ЭМДҮЗ”-өөр оруулж хувь хэмжээг тогтоож иргэдэд олгодог” гэлээ.
Өнгөрсөн оноос хэрэгжсэн нэг эх үүсвэртэй холбоотой ЭМДС-аас хоёр удаагийн санхүүжилтээр нэг тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилт гарсан аж. Үүнээс өнгөрсөн оны 12 дугаар сард нэг тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилтийн урьдчилгаа төлбөр гарч, өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр үлдэгдэл төсөв шилжсэн юм байна.
Б.Лувсанпэрэнлэй