Нүүдэлчдийн гэр орон ба байгалийн хувирал
Ногоо хайж, бороо хүссэн нүүдэл эхэллээ. 40-50 км, үүнээс ч холоос хүн, малын ундны усаа зөөнө гээд ногоо гарсан гэх боловч бэлчээрийн ургамал дөнгөж цухуйсан газрыг зорин малчид нүүж явна. Хэзээнээс монголчууд “хаяа багтвал бууж, хамар хатгавал иднэ” хэмээж ирсэн заншилтай. Гэвч нүүдэлчин монголчуудын гэр орон болсон бэлчээр, амь амьдрал болсон мал аж ахуй цаг ирэх тусам сорилт бэрхшээлүүдтэй тулгарсаар.
Зуд, ган болж цаг агаарын тогтворгүй төлөв, тааварлашгүй үзэгдлүүд нэмэгдэж байгааг судлаач, мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Монгол оронд 2023-2024 оны өвөл, хаврыг дамнан сүүлийн 50 жилд тохиогоогүй зудын гамшиг болж, долоон сая гаруй мал хорогдож, 4800 гаруй малчин өрхийн амьдралд том хохирол учирсан. Монгол нутагт ногоо ургах цаг өвлийн нар шиг богинохон тул тал нутгийн малчид ногооны сурагтай газар руу юуг ч үл ажран зүтгэнэ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйсан гэж мэдээлсэн.
Гэрэл зургийн эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар
Энэхүү зургаас харахад Төгрөг сумын малчид “бэлчээрийн ургамал муу цухуйсан” буюу сумынхаа өмнөд хэсэгт үзэгдсэн жаахан ногоог зорьж яваа ажээ. Өвөрхангай аймгийн 19 сумын 11-ийнх нь зарим нутагт бэлчээрийн ургамал муу цухуйсан бол бусдад нь огт алга.
Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт, малчид нэг газарт удаан хугацаанд нутагладаг болсон, нүүдлийн зай богиноссон, малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн, усан хангамж дутмаг, бэлчээрт хөнөөлт хортон, мэрэгчдийн тоо хэт олширсон зэрэг нь бэлчээр талхлагдаж доройтох, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах, цөлжих эрсдэлийг үүсгэж байна гэж байгаль орчин, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд үзэж байна.
Малчид ч эдгээр өөрчлөлтийг ойлгох, хүлээн авах, тэсвэрлэх, дасан зохицох, даван туулах ёстой гэдгийг мэддэг болж байна. Хэдийгээр зуны ногоог ургуулж чадахгүй ч цаг агаарын мэдээг тогтмол авч аюул эрсдэлээс сэргийлэх, бэлчээр сэлгэх, өнжөөх, өөрсдийн хадлангийн хашаатай болох, өвөлжөөний хөл бууцанд будаа тарих гэх мэт шинэлэг арга туршлагыг ашигладаг болсон гэж малчид ярьж байсан юм.
Үр бүтээлтэй, өөртөө, бусдадаа, байгаль бэлчээртээ хэрэгтэй ажил хийж яваа тэдний туршлагаас товчхон хуваалцъя. Монгол орны цөлийн бүсэд оршдог Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчид ингэж ярилаа.
Баацагаан сумын VI багийн малчин Н.Соронзонболд: Бэлчээрээ сэлгэж нүүгээд амраах хэрэгтэй. Манайх говийн сум болохоор ногоо дагаж нүүдэл хийдэг. Өөрийн өвөлжөөний орчим бага хэмжээний бэлчээр хашиж хамгаалдаг. Элсний нүүдлээс хамгаалж байгаа юм. Тэндээ хавар төллөсөн малаа ойрын бэлчээрт явуулна, цаг хүндэрлээ гэхэд малаа бэлчээрлүүлэх нөөц шүү дээ. Өвөлжөөнийхөө хажууд хашаалдаг болохоор хүмүүс дургүйцдэггүй л дээ.
Тус сумын I багийн малчин Г.Бэлэгдэмбэрэл: Сүүлийн үед манай нутагт цөлжилт нэмэгдэж бэлчээрийн даац, нөөц тулгамдсан асуудал болж байна. Өвөлжөө, хаваржааны бэлчээрээ хамгаалахын тулд тодорхой хэмжээний тор татаж хашаалдаг. Энэ нь байгаль, бэлчээр хамгаалах, хаврын хавсарга, цагийн хүндэд муудсан мал хуйгаа оруулж тэнхрүүлэх зэрэг олон давуу талтай. Мөн элсний нүүдлийг тогтооход ч үүрэг гүйцэтгэдэг. Ингэж бэлчээр хашиж, хамгаалахад ойр саахалтын ганц нэг хүмүүс жаахан дургүйцэх хандлага гарах нь бий. Яах вэ, өөрийнхөө бэлчээрийг хашаалж тор татчихаад, дундын бэлчээрийг идэх гээд байна гэсэн хардлага төрдөг байх. Гэхдээ нэг нутгийн хүмүүс учир зохицоод болоод л байна. Манайх зуны улиралд задгай ус, ногоо сайн гарсан даган нутаглаж, 100 километр зайд нүүж, суудаг. Урин цагт нэг бэлчээртээ удаан суудаггүй.
Судалгаа: 2024 онд Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчид 370 мянган тоо толгой мал тоолуулжээ. Тэгвэл судлаач Ш.Сэржхүү 2018 онд хийсэн “Монгол орны бэлчээрийн даац, нөхцөлтэй уялдан өсгөж үржүүлэх мал сүргийн тоог зохистой хэмжээнд тогтоох” тухай тооцоо судалгааны тайланд тус сумын бэлчээр даац 255 мянган тоо толгой малд тохиромжтой гэжээ.
Монгол орны уулын ойт хээрийн бүсэд оршдог Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Н.Янжинлхам “Манайх гурван хадлангийн хашаатай. Намартаа 6-7 машин өвс хурааж авдаг. 2024 оны намар өөрсдийн хураасан хадлан, өмнө жил хэрэглээд үлдсэн өвс дээр 100 боодол өвс нэмж аваад малаа тэжээсэн. Ер нь зарим хүн малчдыг зун, намар наадамдаж зугаа цэнгэл хөөж явдаг гэж шүүмжилдэг. Үгүй шүү дээ, бид чинь таван малынхаа төлөө зүтгэсээр байгаад л таардаг. Намар л бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй гэж боддог” гэж ярьсан.
Судалгаа: 2024 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчид 112 мянган тоо толгой мал тоолуулжээ. Харин мөн судалгааны тайланд тус сумын бэлчээр даац 227 мянган толгой малд тохиромжтой гэжээ. 2023-2024 оны өвөл, хаврын зудад тус сумын малчид 20 мянга гаруй толгой мал сүргээ алджээ.
Монгол орны цөлөрхөг хээрийн бүсэд оршдог Өвөрхангай аймгийн Төгрөг сумын II багийн малчин Х.Лхагва болон тэдний “Их морин” хоршооныхон говь нутагт усалгаатай хадлангийн нөөц бий болгох, цөлжилтийг сааруулахад малчдыг оролцуулж, бэлчээрийг нөхөн сэргээж ашиглах дадлага туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор 14 жилийн өмнөөс төслөө хэрэгжүүлжээ. Тэрбээр хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн учраас төсөл амжилттай болоход нөлөөлсөн байна.
Бэлчээрийг нөхөн сэргээж ашигласны дараах байдал
Мөн нийт 1100 га орчим дэрсийг уламжлалт гар аргаар шатаан нялхруулах, хог, сэг зэмийг цэвэрлэх зэргээр биологийн нөхөн сэргээлтийн ажлыг нутгийн малчид, иргэдтэй хамтран хийжээ. Ингэснээр дэрс 100 хувь сэргэн ургаж 120-210 см өндөр, салбан нахиа нь бусад нялхруулаагүй дэрстэй харьцуулахад 1.5 дахин өтгөрч, бэлчээр тэжээлийн ихээхэн нөөцийг бүрдүүлж эхэлж. Үүнээс гадна Аргуйн голын элсэнд дарагдсан голдирлыг сэргээсэн нь эл усаар тэжээгдэж байдаг Хаяагийн хадлангийн талбай сэргэжээ. Энэхүү хадлангийн талбай нь Төгрөг сумын малчдын хадлан бэлтгэдэг нэгэн нөөц цэг юм.
Судалгаа: 2024 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын малчид 215 мянган тоо толгой мал тоолуулжээ. Энд эшилж буй судалгаанд тус сумын бэлчээр даац 138 мянган толгой малд тохиромжтой гэжээ.
Өдөр цагаар хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, байгаль цаг уурыг танин мэдэх, ойлгох, мэдлэгжих, хандлагаа өөрчлөх шаардлага дэлхийн сүүлчийн нүүдэлчдэд тулгарч байна. Монгол Улсад хэрэгжсэн, хэрэгжиж буй байгаль орчинд ээлтэй олон улсын зарим төсөл, хөтөлбөр ч үр дүнгээ өгч бэлчээрийн менежмент, зохицуулалтыг уламжлалт мал маллах арга ухаантай хослуулах арга техник, сэдэл, санаачилга, үлгэр дуурайлыг малчдад бий болгож байдаг.
Тухайлбал, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол орны хөдөөгийн иргэдийн Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн зүгээс 2024 онд бэлчээр сэлгэх үйл ажиллагааг Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатарын Уулбаян, Ховдын Зэрэг, Завханы Цагаан чулуут суманд явуулж нийт 15805.7 га талбайд сэлгэлт хийжээ.
Түүнчлэн эдгээр сумын 40 малчин өрхөд төслийн зүгээс малын хөлийн бууцанд хошуу будаа тарих сургалт оржээ. Шинэ мэдлэг, чадварт суралцаж, техник хэрэгсэл, хошуу будааны үртэй болсон малчин өрхүүд энэ зун тариалж малын тэжээлээ бэлтгэх юм.
Монгол Улс бэлчээрийн талбайн хэмжээгээр дэлхийн эхний 11 орны тоонд багтдаг ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг 10 орны тоонд ордог билээ. Тэгвэл монгол орны бэлчээрийн даацад нийцэх малын тоог жилийн улирлаар ийнхүү харгалзан гаргаж “Монгол орны бэлчээрийн тулгамдсан асуудал: Гарц ба шийдэл” эмхэтгэлд нийтэлжээ.
Дөрвөн улирлын эрхэнд амьдардаг малчид хавар эхэлснээс хойш шороо шуураагүй өдөр цөөн байсныг хэлж байна. Өнгөрсөн жилүүдийн ган, зуд, аадар, мөндөр, үер тэднийг айдаст автуулжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн давтамж нэмэгдэж байгааг өдөр бүр шахуу л мэдээгээр сонсоно. Тэдэнд эдгээрээс үүсэх эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хохирол багатай даван туулах төлөвлөгөө гаргаж ухаалгаар дасан зохицох монгол гарц гаргалгааг тодорхойлох шаардлага тулгарсан. Мэдээлэл, мэдлэгтэй байх, шинэ соргог байх хэрэгцээ үүссэн. Гэхдээ энэ зөвхөн тэдний ажил, ачаа биш Үндсэн хуульдаа “мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан улс үүрэлцэх үүрэгтэй.
Энэхүү бүтээлийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд бүтээв.