9 Цагийн өмнө.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.04.25/ хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар төсөл санаачлагч болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Тэрбээр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлэг өргөн хүрээтэй болсон. УИХ-ын 26 гишүүн асуулт асууж, дөрвөн гишүүн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр хуулийн төсөлд засаж сайжруулах шаардлагатай зүйлс олон байгааг гишүүд дурдсан. 

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг төрийн бус байгууллагуудаас мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог хангаж хуулийн төслийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлага тавьсан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр өглөө 8.30 цагт УИХ-ын даргын хувиар Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу нарын хамт 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанаар шийдсэний дараа УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар ярилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бүх талын оролцоог бүрэн хангаж, хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулан ажиллахаар санал нэгдсэн. Бүх талын оролцоог хангасан ажлын хэсэг нэгдсэн шийдэлд хүрвэл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар тогтлоо” хэмээсэн.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.  

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар