04 сарын 24, 2025
ТҮЦ-ээ ачуулсан худалдаачдыг “Номын худалдааны төв"-д оруулжээ
ТҮЦ-ээ ачуулсан худалдаачдыг “Номын худалдааны төв"-д оруулжээ

ТҮЦ-ээ ачуулсан худалдаачдыг “Номын худалдааны төв"-д оруулжээ

Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан, явган хүний замд саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлсэн. МУБИС-ийн урд талын автобусны буудал орчимд үйл ажиллагаа явуулдаг номын худалдаачид ТҮЦ-гүй болсноос хойш гудамжинд номоо дэлгэн зарж байсан. 

Тэгвэл номын худалдаа эрхлэгч 14 иргэнд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах “Номын худалдааны төв"-д талбай гарган өгч номын худалдаагаа үргэлжлүүлэхийг санал болгожээ. Улмаар тэдний ес нь тус төвд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.  

Номын худалдааны төв нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 54 түрээслэгч худалдаа эрхэлж байгаа аж. 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 208 ТҮЦ байгаагаас өнөөдрийн байдлаар 136-г нь нүүлгээд байна. Багшийн дээд орчимд номын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 ТҮЦ-ийг чөлөөлсөн. Номын худалдаа эрхэлдэг хүмүүсийг Оюутны гудамж дагуу тохиромжтой байршлуудад худалдаагаа үргэлжлүүлэх боломжоор хангах талаар судалж, санал тавиад ажиллаж байна” гэлээ. 

Мөн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байгаа аж. ТҮЦ эрхлэгчдэд нийслэлээс зах, худалдааны төв талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож байгаа юм байна. 

Б.Лувсанпэрэнлэй