УИХ-ын гишүүн О.Номинчимэг
Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдэх асуудлыг хэлэлцэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд татвар тэглэх бүтээгдэхүүний жагсаалтад тамхи оржээ. Үүнийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Г.Баярбаатар нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Энэ хэлэлцээр талхнаас хямд тамхины хэлэлцээр шиг харагдаж байна. Манай улс голлон Казахстан болон БНСУ-аас тамхи импортолдог. Гэтэл БНСУ-аас манайх руу тамхи импортолдог компани Казахстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байна. Энэ нь цаашид манай улсад орж ирж байгаа бүхий л тамхин бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх сөрөг үр дагавартай. Бусад улс гаалийн болон онцгой албан татвараараа тамхин бүтээгдэхүүнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндээ хамгаалдаг. Манай улс угийн талхнаас хямд байгаа тамхийг гаалийн татваргүй оруулж ирвэл тамхины үнэ зайрмагаас ч хямд үнэтэй болно. Төр иргэддээ хор бэлдэж өгөх бодлогыг явуулах ёсгүй. Тамхины татварыг буулгавал оршуулгын газар л нэмэгддэг” гэлээ.
Манай улс нийт тамхин бүтээгдэхүүнийхээ 35 хувийг Евразийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортолдог байна. Мөн тамхины 30 хувийн татвараас улсын төсөвт жилд 68 тэрбум төгрөг олдог аж. Евразийн түр хэлэлцээрээр энэ мөнгийг авч чадахгүй болох эрсдэл байгаа юм.
Б.Лувсанпэрэнлэй