04 сарын 23, 2025
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.04.23/-ийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Мөн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

1998 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой үндсэн агуулгыг зохицуулсан суурь хууль боловч хуулийн зохицуулалт хэт ерөнхий буюу хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хангалттай зохицуулалтыг тусгаагүй хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа юм. Иймд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйг ялгах, хараат бус, бие даасан сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зохицуулалт бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн. 

Тухайн хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ баталгаатай хэрэгжүүлэх, олон нийт төр, эзэмшигч, бусад этгээдийн цензур буюу агуулгын хяналтгүй мэдээлэл олж авах эрх хангагдах, ингэснээр ардчиллын амин сүнс болсон олон ургальч үзэл, үзэл бодлын чөлөөт байдал бат бөх суурьтайгаар оршин тогтнох нөхцөл бүрдэнэ гэв. 

Б.Лувсанпэрэнлэй