Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улсад 2026 онд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд “Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр /2025.04.21/ зохион байгуулав.
Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, НҮБ болон бусад олон улсын хөгжлийн агентлаг, байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг байгууллагуудын төлөөлөл болох 80 орчим албаны төлөөлөгчид оролцлоо.
Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо.
Үндсэн илтгэл, мэдээллээр Монгол Улсын Засгийн газраас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүрээнд баримталж буй бодлого, зорилт, олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах хүрээ, "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар танилцуулав.
Гадаад харилцааны яамны дэргэдэх COP17 Бэлтгэл ажлын алба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй COP17 бага хурлыг зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав. Энэ хүрээнд COP17 бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг үр дүнтэй хангах, тогтвортой бодлогын санаачилгуудыг хэрэгжүүлэх, Монголын тэргүүлэх сайн туршлагыг таниулах зорилгоор хамтран ажиллаж, мэдлэг, туршлага солилцож, бүх талын оролцоог дэмжин ажиллахаар тогтов.