Зайсангийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах ажээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын, гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 225 метр төмөрбетон гүүр барих ажил үргэлжлээд явж байна. Өнөөдрийн байдлаар завсрын тулгуур суурилуулалт 80 хувьтай, баруун, зүүн, урд, хойд захын тулгуурын ажил дууссан” гэлээ.
Тус гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд баруун гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулжээ. Мөн шал суурийн арматур, дам нуруу бэлтгэж газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулалт хийжээ.
Б.Лувсанпэрэнлэй