"Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилт ба дараагийн бодлогын чиглэл сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Төсөл, хөтөлбөргүй юм гэж алга. Ийм байхаас ч аргагүй. Аливаа ажлыг гүйцэтгэж, тодорхой зорилгод хүрэхийн тулд төсөл, хөтөлбөр хэлбэрээр хугацаа заан хэрэгжүүлж, үр дүнг нь хэмжиж, эцэст нь хянаж тайлагнадаг ийм арга хэлбэр заавал байж таарна. Гэвч төсөл, хөтөлбөр дуусаад бүх зүйл зогсдог байж болохгүй. Тэр тусмаа төрийн байгууллагын ажил, үйлчилгээ төсөл хөтөлбөр хэлбэрээр сүр дуулиантай эхлээд эцэст нь тэр хөтөлбөртэйгөө хамт зогсчихвол харамсалтай. Ийм ч учраас төрийн ажил тасралтгүй, тогтвортой үргэлжлэх ёстойг Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн жишээнээс харж болно.
Монгол Улсын Засгийн газраас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд баталж, зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Эхний ээлжинд бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулгыг хүний эрхэд суурилсан хандлага арга зүйд нийцүүлж, иргэдийн албан бус боловсролыг дээшлүүлэхэд шаардлагатай техник, санхүүгийн асуудлыг шийдэж, тодорхой дэд бүтэц, платформууд бүтээх зорилго тавьсан байна. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс төр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 400 орчим арга хэмжээг 80-90 хувийн гүйцэтгэлтэй зохион байгуулсан гэдгийг хөндлөнгийн үнэлгээгээр тогтоожээ.
Тодруулбал, хөтөлбөрийн дагуу хүний эрхийн боловсрол, хууль зүйн суурь мэдлэг олгох биет болон биет бус хөтчүүдийг бэлтгэсэн байна. Албаны хэллэгээр “биет” гэж тодорхойлсон хөтөч нь сургагч багш нар. Зургаан жилийн хугацаанд орон нутагт нийт 1879 эрх зүйн хөтөч бэлтгэж, нутгийн иргэд эргэн тойрны хүмүүстээ хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжлийн хуульчтай холбон чиглүүлж өгөх ажлыг эхлүүлсэн байна. Хөтөч гэдэг нь мэргэжлийн хуульч биш зөвхөн иргэд хоорондын харилцаагаар дамжуулан хууль эрх зүйн мэдлэг ойлголт өгөх энгийн, үр дүнтэй арга гэдгийг судлаачид онцолж байгаа юм.
Дараагийн арга нь биет бус хөтөч. Үүнд цахим платформд суурилж хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох ажил багтана. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн Азийн хөгжлийн банктай хамтран гэр бүлийн хүчирхийлэл болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх 1800-1202 тусгай дугаарын утас ажиллуулсны үр дүнд 11 мянга гаруй хүн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авчээ. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран “Call pro”, “Sms pro” зэрэг цахим платформ, чатбот үйлчилгээг нэвтрүүлж хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл түгээсэн байна. Ингээд зогсохгүй Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран “Е-khutuch.mn” цахим талбар нээж иргэд өөрсдийн хүссэн чиглэлээр хууль эрх зүйн мэдээ, мэдээлэл авах боломжийг нь бүрдүүлж, шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлж хөгжүүлжээ. Мөн “Өрхийн эрх зүйн хөтөч” сурах бичиг, “Малчин танд” гарын авлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрх зүйн мэдлэг олгох сургалтын хөтөлбөр, контент бэлтгэх зэргээр иргэд хуулийн анхан шатны мэдлэг, мэдээлэл авах суурь дэд бүтцийг бүрдүүлж чадсан байна.
Гэвч 2024 онд хөтөлбөр хэрэгжиж дууссанаас хойш зарим ажил нь зогсонги байдалд орсныг Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн “Оюуны инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд анхааруулж байна.
“Оюуны инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд
Үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд биет болон биет бус байдлаар буюу цахим орчинд, зайнаас анхан шатны хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах мэдээллийн технологи, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгожээ. Гэхдээ одоо үйл ажиллагаа нь зогссон. Тухайлбал, Е-khutuch.mn цахим сайт болон фэйсбүүк хуудаст 2023 оны 11 дүгээр сараас хойш мэдээлэл ороогүй. Мөн өнөөдөр 1800-1202 тусгай дугаар ашиглалтад байхгүй байна. Иймд цаашид эдгээр бий болгосон эрх зүйн биет бус хөтчүүдийнхээ үйл ажиллагааг тогтмол байлгахад анхаарч иргэдийн асуусан асуултад зохих зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгөх, мэдээлэл, контентуудыг тогтмол шинээр болгон шинэчилж оруулахад анхаарах, жил бүр энэхүү үйл ажиллагааг үзүүлэх төсвийг улсын төсөвт тогтмол тусгах шаардлагатай байна гэдгийг онцолжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган
Иймээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Эрх зүйн шинэтгэлийн ll хөтөлбөр”, “Хүний эрхийг хангах үндэсний ll хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ юун түрүүнд хууль эрх зүйн орчноо сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэр, механизм, хүний нөөц, дэд бүтэц, хувийн хэвшлийн оролцоог тодорхой болгож иргэдэд албан бус хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг тасралтггүй, тогтвортой хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллана гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган хэлж байна.
Хамгийн гол нь өмнөх хөтөлбөрийнхөө алдаа дутагдлыг засаж, дараагийн бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөртөө тусган оруулах нь чухал. Үгүй бол төсөл дуусаад төрийн зарим ажил, үйлчилгээ зогсдог байж таарахгүй.