“Мэдээллийг нягтлахын чухлыг нийтэд, эмээ өвөөдөө, таарсан хүмүүстээ ч хүртэл хэл”
“Мэдээллийг нягтлахын чухлыг нийтэд, эмээ өвөөдөө, таарсан хүмүүстээ ч хүртэл хэл”

НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудлаарх тусгай илтгэгч, доктор Ана Брайан Нугререс

НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудлаарх тусгай илтгэгч, доктор Ана Брайан Нугререс Монгол Улсад хийсэн албан айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг энэ сарын 14-нд хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр сэтгүүлчдийн тодруулгад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Засгийн газар хуурамч мэдээллийг хянах төв байгуулж болох уу. Ийм боломжтой гэж үү?

-Дэлхийн хэмжээнд маш их мэдээллийн систем ажиллаж байна. Мэдээлэл өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг, мэдээллийг өөрчилж, гуйвуулах асуудал нэлээн ажиглагддаг. Энэ бол улс орнуудад тулгараад байгаа хүндрэлтэй томоохон асуудал юм. Үүний гарц шийдэл юу байж болох вэ гэхээр шалтгаан нөхцөлийг тогтоох нь маш чухал. Тэгэхээр энэхүү санаачилга үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийнхэн сэтгүүлчид ихээхэн үүрэг гүйцэтгэх юм. Яагаад гэвэл сэтгүүлчид бол мэдээлэлтэй ажилладаг мэргэжилтэн, салбарын экспертүүд. Ер нь албан ёсны мэдээллийн эх сурвалжууд байгаа ч албан бусаар олж авч байгаа мэдээллүүд байгаад байна. 

Тухайлбал нийгмийн сүлжээнээс олж авсан мэдээллүүд. Тэгэхээр аливаа этгээдийн нийгмийн сүлжээнд тавьсан энэхүү мэдээллийг сэтгүүлчдийн гаргаж ирсэн үндэслэлтэй, эх сурвалжтай мэдээлэлтэй адилтгаж үзэх юм уу гэсэн асуудал байна. Үүнтэй холбоотойгоор нийгэм, олон нийтийн хувьд соён гэгээрүүлэх буюу яг ямар мэдээллийн эх сурвалжаас мэдээллийг авч, танд гаргаж өгөөд байна вэ, энэ нь үндэслэлтэй эх сурвалж юм уу, биш юм уу гэдгийг нягталж тогтоох чадвар суух хэрэгтэй болж байгаа юм.

Мэдлэг, ойлголттой байх хэрэгтэй. Нийгмийн түвшинд бол төвөгтэй ч боломжтой асуудал юм гэж харж байна. Харилцаа холбооны чиглэлээр ажилладаг, энэ салбарын мэргэжилтнүүд мэдээлэл ямар их хурдацтай шилжиж, өргөн цар хүрээг хамарч, өөрчлөгдөж байна вэ гэдгийг бол маш сайн мэдэж байгаа. Гэхдээ харамсалтай нь нийгмийн дунд гарах өөрчлөлт удаан явагддаг.

-Тэгвэл мэдээлэл хамгаалах тухайд?

-Монгол Улсын хувьд мэдээж Засгийн газраас тодорхой хууль тогтоомж, журам зохицуулалтыг гаргах нь зайлшгүй. Гэхдээ энэ нь яг гол зорилгодоо хүрсэн байх шаардлагатай. Дата мэдээллийн хамгааллыг эрхэлсэн хараат бус Мэдээлэл Хамгаалах Газар (DPA) байгуулж, тус газраас заавал биелүүлэх шийдвэр гаргаж, учирсан хохирлоос хамаарч торгууль ногдуулах эрх мэдэл бүхий хүчирхэг хяналтын механизмыг бий болгох хэрэгтэй. Үүнтэй холбоотой соён гэгээрүүлэх, мэдлэг ойлголт түгээх чухал юм.

Тухайлбал, аливаа асуудлаар мэдлэг, туршлагагүй хөршийнхөө гаргаад ирсэн мэдээллийг сонсоод найдах ёсгүй. Харин мэдээллийн эх сурвалж чинь юу вэ гэдгийг нягтлах хувь хүний болон нийгмийн төлөвшил суух хэрэгтэй. BBC-ийн нийтийн сүлжээнээс ашигласан юм уу, үнэн бодитой мэдээлэл үү гэдгийг нягтлах төлөвшил, мэдлэг чадвар суух хэрэгтэй байгаа юм.

Үүн дээр хамгийн гол үүрэг гүйцэтгэх хүмүүс нь сэтгүүлчид. Худал мэдээлэл авснаар ямар эрсдэлтэй тулгарахыг, энгийн иргэн хүртэл мэдээллийг нягталж баталгаажуулж явах нь яагаад чухлаар тавигдаад байгааг ойлгуулж, мэдүүлэх хэрэгтэй. Энэ учрыг олон нийт, гэр бүл, эмээ өвөөдөө хэл. Тэгээд таарсан хүмүүстээ ч энэ мэдлэгийг түгээх нь маш их чухал юм.

-Хиймэл оюун болон хувийн мэдээлэл хамгаалах асуудал. Хэрхэн хувийн мэдээллээ хамгаалах вэ?

-Хиймэл оюун ухаантай холбоотой судалгааг би өмнө нь хийж байсан. Судалгааны тайлан маань ч гарч байсан. Үүнтэй холбоотойгоор дүгнээд хэлэхэд, хүний үндсэн эрхтэй адилтгаж үзэж байгаа хоёр үндсэн зарчмыг гаргаж ирсэн. Нэгдүгээр зарчим бол тайлбар өгөх, тайлбар авах эрхийн зарчим. Хоёрдугаарх нь үүнтэй зэрэгцээ байдлаар хэрэгждэг илт тод байдлын тухай зарчим. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хиймэл оюун ухаанд суурилсан аливаа аппликейшн, платформ тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг хүсэмжиллээ гэхэд мэдээллийг нь юунд ашиглах, ямар үйлдлээр яаж системд оруулах, ямар мэдээллийг бүрдүүлэхэд ашиглах гэж байгаа юм бэ гэдгийг нягтлах маш чухал байгаа юм. Тэгэхээр үүнийг таны мэдээллийг хэрэн ашиглах гэж байгаа гэдгийг мэдэх, тайлбар авах эрх буюу зарчим гэж үзэж байгаа. Тэгээд үүнтэй зэрэгцэн ил тод байдлын зарчим хэрэгжээд явж байна. Та бүхэн хүсвэл миний судалгааны тайланг үзэх боломжтой.