2 Өдрийн өмнө.
260 мянга гаруй хүнд сургалт, зөвлөгөө хүргэж, 2200 эрх зүйн хөтчийг бэлтгэжээ
260 мянга гаруй хүнд сургалт, зөвлөгөө хүргэж, 2200 эрх зүйн хөтчийг бэлтгэжээ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба дараагийн бодлогын чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба дараагийн бодлогын чиглэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Засгийн газраас 2018 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, цаашид илүү боловсронгуй болгох, тэр дундаа иргэн бүрд хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн томоохон баримт бичгийн суурь чиглэлийг тодорхойлох хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн.

Хөтөлбөр хэрэгжсэн зургаан жилийн хугацаанд давхардсан тоогоор 349 үйл ажиллагаа зохион байгуулж, 260 мянга гаруй иргэнд эрх зүйн сургалт, зөвлөгөө хүргэж, 80 мянга гаруй иргэнийг цахим сургалтад хамруулжээ. Тэрчлэн 800 гаруй сургагч багш, 2200 эрх зүйн хөтчийг улсын хэмжээнд бэлтгэсэн байна. 

Тус хөтөлбөр иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, эрх зүйн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, эрх зүйн боловсролын тогтолцоог боловсронгуй болгоход ахиц дэвшил болсон гэж хэлэлцүүлэгт оролцогчид дүгнэв.

buh_niitiin_bolovsrol_heleltsuuleg_1 “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба дараагийн бодлогын чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд шинэлэг арга зүй нэвтрүүлсэн зэрэг олон эерэг өөрчлөлтийг бий болгож чадсан гэлээ.

Хэлэлцүүлгээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, хөндлөнгийн судалгааны санал зөвлөмж”,

“Үндэсний хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжсэн туршлага”,

“Эрх зүйн хөтөлбөрийн хэрэгжилт ба ололт сургамж”,

“Бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн сайн туршлага”,

“Бодлогын чиглэлд анхаарах зарим асуудал” сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс илтгэл танилцуулан мэдээлэл хүргэлээ. Мөн Булган аймгаас “Орон нутагт хэрэгжсэн сайн туршлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн оролцогчид бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, цаашид үргэлжлүүлэх бодлогын чиглэлийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх, сайжруулах тал дээр үзэл бодлоо илэрхийлэн санал солилцлоо.

buh_niitiin_bolovsrol_heleltsuuleg_3 “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба дараагийн бодлогын чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл буюу  зарим төрийн захиргааны төв байгууллагын удирдлагууд болон олон улс, төрийн бус байгууллага, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн багш нар зэрэг нийт 50 гаруй байгууллагын төлөөллүүдээс гадна 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс цахимаар оролцов.

Б.Лувсанпэрэнлэй