Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт “Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, хөндлөнгийн судалгааны санал зөвлөмж”, “Үндэсний хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжсэн туршлага”, “Эрх зүйн хөтөлбөрийн хэрэгжилт ба ололт сургамж”, “Бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн сайн туршлага”, “Бодлогын чиглэлд анхаарах зарим асуудал” сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл танилцуулан мэдээлэл хүргэх юм байна.
Хэлэлцүүлэгт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл буюу зарим төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нар зэрэг нийт 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцоно. Мөн 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс цахимаар оролцоно гэв.
Б.Лувсанпэрэнлэй