Эрдэмт Монгол” зорилтот төсөл өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлжээ.
“... Би багш болмоор байна, цагдаа болно, эмч болчихвол хэцүү болов уу, юутай ч элсэлтийн шалгалт өгөөд шийднэ, хичээлээ хий, сургалтдаа яв, гэрийн багш, цагийн багш, сургалтын төв, сургалтын төлбөр ...” иймэрхүү яриа төгсөх ангийн сурагчтай айлуудад ид өрнөж буй цаг. Олонх хүүхдийн ирээдүйнхээ, амьдралынхаа чухал сонголтыг хийхэд нөлөөлдөг Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахад тавхан хоног үлджээ.
Ийм цагт төгсөх ангийн сурагчид, тэдний эцэг эхэд хэрэгтэй нэгэн үйл ажиллагаа өчигдөр /2025.04.15/ Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд боллоо. Энэ нь хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын орон нутагт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдын төгсөх ангийн сурагчдыг Элсэлтийн шалгалтад бэлтгэх цахим хичээл байсан юм.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын орон нутагт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдын сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж буй болон ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлэх “Эрдэмт Монгол” зорилтот төсөл өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлжээ.
Энэхүү цахим сургалт нь тус хөтөлбөрийн нэг хэсэг. Монгол хэл-үндэсний бичиг, англи хэл, математик, нийгмийн судлал гэх дөрвөн судлагдахуунаар сурагчдыг Элсэлтийн шалгалтад бэлтгэж ДХИС-ийн харьяа ерөнхий боловсролын Ахлах сургуулийн багш нар хичээл зааж байна. Үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө харьяа агентлаг, байгууллагуудын дунд явуулсан судалгаануудын үр дүнд үндэслэн энэ жил эдгээр хичээлээр сурагчдыг Элсэлтийн шалгалтад бэлдэхээр болжээ.
ДХИС-ийн харьяа ерөнхий боловсролын Ахлах сургуулийн захирал, хурандаа Д.Гандаваа
Сургуулийн захирал, хурандаа Д.Гандаваа “Эрдэмт Монгол” цогц төслийн нэг хэсэг болох энэ сургалтыг манай сургуулийг түшиглэн зохион байгуулах шийдвэр гарсан. Төрийн тусгай алба хаагчид томилгоогоор үүрэг гүйцэтгэдэг. Алба хаагчийн хувьд эзэмшсэн боловсрол, мэдлэгийнхээ дагуу тухайн албан тушаалдаа томилогдоод явдаг. Харин үүний ард ар гэрийн асуудал хүндээр тусаж байдаг. Нэг ёсондоо ар гэрт хохиролтой ч гэдэг юм уу асуудлууд үүсэж байдаг л даа.
Үүнийг их соргогоор олж харсан нь “Эрдэмт Монгол” төслийн гол том агуулга байгаа юм. Алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан үр хүүхэд нь эцэг эхээ дагаж олон сургууль дамждаг, боловсролын чанар, хүртээмж бүс нутгуудад харилцан адилгүй байдаг. Энэ байдлын эцсийн үр дүн нь хүүхдэд их нөлөөлдөг. Хүссэн сургуульдаа орж чадахгүй байх, сургуульгүй хоцрох гэх мэт эрсдэлүүд бий л дээ. Тэгэхээр энийг л олж арилгаж, нөхөж тэнцвэржүүлэх зорилготой сургалт” гэж онцолсон.
Монгол Улсын хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилчин, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид гээд өөрийн үйл амьдралын ихэнх цаг хугацааг ажиллаж, үүрэг гүйцэтгэж өнгөрүүлдэг онцлогтой албаныханд, тэдний хүүхдэд энэ сургалт хэрэгтэй зүйл бөгөөд үр өгөөж өгнө гэдэгт зохион байгуулагчид нь итгэж байна. Угаас “Эрдэмт Монгол” төслийн гол чиг ч ийм ажээ.
Цахим хичээлд хамрагдахаар дөрвөн судлагдахуун хичээлийн хүрээнд давхардсан тоогоор 1000 орчим сурагч бүртгүүлжээ. Тэд ирэх зургаадугаар сард Элсэлтийн шалгалт өгөхөөр, түүний өмнө монгол хэл, бичгийн шалгалтад заавал тэнцэх том зорилго тээж буй. Боловсролын хүртээмжийг тэгш байлгахыг зорьж, олон мянган километрийн зайнаас цахимаар зааж сурагчийн цаг хугацааг хэмнэн үнэ төлбөргүй цахим сургалт зохион байгуулж буй нь эцэг эхийн ачааллаас бага ч болов хөнгөлж байгаа болов уу гэж ДХИС-ийн харьяа ерөнхий боловсролын Ахлах сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Э.Ариунболор ярьсан.
ДХИС-ийн харьяа ерөнхий боловсролын Ахлах сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Э.Ариунболор
Цахим сургалтын эхний хичээл англи хэл байв. Тус сургуулийн англи хэлний багш Ц.Гантуяа “Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй алба хаагчдын хүүхдүүд сургалтад хамрагдаж байна. Миний хичээлд 176 сурагч хамрагдах бүртгэл ирсэн. Хичээл 80 минутаар орно. Долоон долоо хоног хичээл явах учраас долоон сэдвийн хүрээнд бэлтгэлээ. “Эрдэмт Монгол” төслийн хүрээнд энэ сургалтыг зохион байгуулж буйд талархалтай байгаа. Цаашид өргөжиж үр дүнг нь хүүхдүүд хүртэх байх гэж бодож байна” гэсэн юм.
ДХИС-ийн харьяа ерөнхий боловсролын Ахлах сургуулийн англи хэлний багш Ц.Гантуяа
“Эрдэмт Монгол” төсөл 2028 он хүртэл үргэлжилнэ. Элсэлтийн шалгалтад сурагчдыг бэлтгэх энэ цахим сургалт ч ирэх жил болно. Ингэхдээ судалгаа, дүгнэлтийг байнга хийж анхны удаагийн зохион байгуулалтаас алдаа дутагдал байвал сайжруулаад явах ажээ.
Тушаал, томилгоо дор амьдардаг тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын хүүхдүүдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэх, хоцрогдлыг арилгах, алслагдсан бүсэд амьдарч буй цэцэрлэгийн болон бага ангийн суралцагчийг гэр бүлээс салгахгүйгээр сургах зэрэг нөхцөл боломжийг бий болгох нь төслийн үндсэн зорилго байна. Төслийн хүрээнд зарим хилийн цэргийн анги, салбарт бага сургууль, цэцэрлэг барьж байгуулжээ.
Хэрэв энэ төсөл зорилгодоо бүрэн хүрвэл олон хүүхдийн мөрөөдөл биелж, тэдний гэр бүлд баяр нэмнэ.
Нэмж тодруулахад, Хууль зүй, дотоод хэргийн яам зохион байгуулалт, эрхлэх асуудлынхаа хүрээнд улсын хэмжээнд хамгийн олон агентлаг, байгууллага харьяалдаг. Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаад иргэн, харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь тус яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг юм.