Нийслэлд ОНХС-аас хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч эхэлжээ
Иргэдийн саналыг зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах бөгөөд саналаа “ОНХС” гар утасны аппликейшн, “Е-mongolia” аппликейшн болон https://onhs.mof.gov.mn цахим хуудаснаас өгөх боломжтой гэж НЗДТГ-аас мэдээллээ.
Энэ онд ОНХС-гаас нийслэлд 60.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдаж, үүний 60 хувь буюу 36.2 тэрбум төгрөгийг дүүргүүд рүү дахин хуваарилсан бөгөөд үлдсэн 40 хувь нь нийслэлийн хөрөнгө оруулалтад төлөвлөгдсөн аж. Өнгөрсөн оны санал асуулгаар нийслэлийн 204 хорооны 18-аас дээш насны иргэдийн 40 хувь нь санал өгч, тэдний саналаар ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр батлагдсан гэв.
Мөн ОНХС-ийн хөрөнгөөр энэ онд нийслэлд 24.1 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж ажиллаж байгаа юм байна. Тус сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, төслийн хэрэгжилт болон худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн үндсэн таван үе шаттай бөгөөд бүх үе шатуудад иргэд оролцох боломжтой юм.
Дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогын тодорхой хувиар тус санг бүрдүүлдэг ажээ.
Б.Лувсанпэрэнлэй