НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудлаарх тусгай илтгэгч мэдээлэл хийлээ.
НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудлаарх тусгай илтгэгч, доктор Ана Брайан Нугререс Монгол Улсад хийсэн албан айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм.
Энэхүү айлчлалаар Монгол Улс дахь Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн хэрэгжилт, хувийн мэдээллийг хамгаалах тогтолцоонд биечлэн дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ кибер аюулгүй байдал, ажиглалт тандалтын үйл ажиллагаа, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн арга хэрэгслүүд, хяналтын механизм, дэвшилтэт болон шинээр гарч буй технологи, хувийн мэдээллээ хамгаалуулахад тодорхой бүлгийн гишүүдэд тулгамдаж буй асуудлууд зэргийг судалсан байна.
Тусгай илтгэгч болон багийнхан холбогдох яам, агентлагийн удирдлагууд, шүүхийн байгууллага, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчидтэй уулзаад зогсохгүй Налайх дүүрэгт очиж, төрийн үйлчилгээтэй танилцан орон нутгийн удирдлагуудтай уулзсан гэдгийг танилцуулгын үеэр онцолж байв.
Урьдчилсан дүгнэлтээс дараах 11 баримтыг онцлон хүргэж байна.
Баримт -1
Монгол Улсад Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль (2021) батлагдаж, 2022 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд чухал ахиц дэвшил болсон ч хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэхтэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна. Тухайлбал, хувийн нууцыг хамгаалах эрхийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлага бүх талд үүсжээ.
Баримт-2
Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь Хувийн мэдээллийг хамгаалах хууль эрх зүйн орчныг үр дүнтэй хэрэгжүүлэх хяналтын цорын ганц механизм байна. Гагцхүү ХЭҮК нь шаардлага, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллагуудад чиглэл, санал хүргүүлдэг боловч зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд гэм буруутай этгээдэд албадлагын арга хэмжээ авах эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. Хувийн мэдээлэл, ялангуяа эмзэг мэдээллийг үр дүнтэй хамгаалахын тулд бие даасан, хараат бус Мэдээлэл Хамгаалах Газар (DPA) байгуулж, тус газраас заавал биелүүлэх шийдвэр гаргаж, учирсан хохирлоос хамаарч торгууль ногдуулах эрх мэдэл бүхий хүчирхэг хяналтын механизмыг бий болгох хэрэгтэй.
Ерөнхийдөө Засгийн газар хувийн мэдээлэл хамгаалах тал дээр нухацтай хандаж байгаа боловч нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэлд болон хөдөө орон нутагт ч иргэд энэ асуудлаар, ялангуяа бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр хувийн мэдээллээ өгөх, ашиглуулах зөвшөөрлийн талаар сайн ойлголтгүй хэвээр байна.
Баримт-3
Засгийн газраас хувийн мэдээллийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг нэн тэргүүнд тавьсан хэдий ч хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтыг холбогдох эрх бүхий байгууллагууд мэддэг байхын тулд чадавх бэхжүүлэх (жишээлбэл, улс хооронд мэдээлэл дамжуулах талаар хоёр талт хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэг) ажил тулгамдсан асуудал болж байна. Одоогоор нийт хүн амын 60 гаруй хувь нь “E-Mongolia” системийн бүртгэлтэй хэрэглэгч байна. Налайх дүүрэгт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмзэг бүлгийн иргэдэд хорооны нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар зөөврийн ПОС машинаар дамжуулан шууд үйлчилгээ үзүүлж байхтай танилцжээ.
Баримт-4
Албан ёсны уулзалтуудын үеэр тусгай илтгэгчтэй уулзсан хүмүүс хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр хууль тогтоомж, түүний хэрэгжилт ерөнхийдөө сайн ажиллаж байгааг баталж байжээ. Гэвч хууль тогтоомж сайн хэрэгжиж байсан бол иргэд өөрийн хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн талаар ойлголт, мэдээлэл сайтай байж, хувийн мэдээлэлтэй холбоотой зөрчлийн талаар олон тооны гомдол гаргах байсан. Хувийн мэдээллээ хамгаалуулах эрх нь зөрчигдсөн талаарх гомдол мэдээлэл бараг байхгүй эсвэл маш цөөн байгаа нь хүмүүс хувийн мэдээллийг хамгаалах эрхийн үндсийг ойлгоогүй, эрхийнхээ талаар хангалттай мэдээлэлгүй байна гэсэн үг юм гэж дүгнэсэн байна.
Баримт-5
Бусад орны нэгэн адил Монгол Улс кибер аюулгүй байдлын халдлагад үр дүнтэй хариу арга хэмжээ авах бодит сорилттой тулгарч байгаа бөгөөд илүү найдвартай хамгаалалт боловсруулж, хувийн мэдээлэлд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх шаардлагатай байна. Монгол Улсад 2024 онд 1.6 сая кибер халдлага, зөрчил, 13061 кибер гэмт хэрэг гарсан статистик мэдээлэл байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь кибер аюулгүй байдлын иж бүрэн тогтолцоог бий болгохын чухлыг хүлээн зөвшөөрч, техникийн чадавхын дутагдлыг арилгахын тулд кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг ажиллуулж байна.
Баримт-6
Ковидын дараах нөхцөл байдалд байгаа бүх улс орны нэгэн адил Монгол Улсад иргэдийн, тэр дундаа хүүхдүүдийн цахим хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Цахим дээрэлхэл, гадуурхал ба хуурамч мэдээний сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн эрсдэл нэмэгдэж, олон нийтийн сүлжээг өргөнөөр ашигладаг залуучууд, хүүхдүүд онцгой өртөмтгий болж байна.
Баримт-7
Иргэдийг залилах болон бусад цахимаар үйлдэгдсэн гэмт хэргээс хамгаалах зорилгоор Засгийн газраас хууль бус цахим мөрийтэй тоглоомын болон бооцоот спортын салбарын зарим платформыг зохицуулахаар төлөвлөж байгаа талаар мэдсэн. Цаашилбал, хууль бус мөрийтэй тоглоомын агентууд, тэр дундаа хувийн банкны дансаа ашиглуулдаг, мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлдэг, харилцаа холбооны хэрэгслээ ийм зорилгоор ашиглахыг зөвшөөрдөг хүмүүст чиглэсэн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа нь сайшаалтай хэрэг.
Баримт-8
Засгийн газраас олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл болон бусад хот, суурин газрын нийтийн эзэмшлийн талбайд камержуулалтын системийг өргөн хүрээнд нэвтрүүлсэн. Шуурхай удирдлагын хяналт, мэдээллийн төв нь камерын мэдээллийг хянах, хамгаалах үүрэгтэй. Гэхдээ энэхүү мэдээллийг хэрхэн цуглуулах, хадгалах, бусад зорилгоор ашиглах, тухайлбал зөвшөөрөлгүй ажиглалт тандалт хийх эрсдэлийн талаар иргэдэд илүү сайн мэдээлэл өгөх нь чухал юм.
Баримт-9
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран Монгол Улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги, алсын хараа боловсруулах санаачилгыг эхлүүлсэн. Хиймэл оюун ухаан, био хэмжүүрт таних системийг бий болгож буй хувийн технологийн корпорацуудтай нягт хамтран ажиллах нь чухал. Технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед холбогдох хууль, зохицуулалт, хамгаалалтын бодлогыг шуурхай боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй тул хууль эрхзүйн цоорхой үүсэж байгаа нь бүх улс орны өмнө тулгамдаж буй асуудал юм. Харин хүний хувийн мэдээллийг хамгаалуулах эрх зэрэг хүний эрхийн талаар сайн мэдээлэлтэй нийгмийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёс зүйн зарчмуудыг баримтлах замаар энэхүү хууль эрхзүйн цоорхойг нөхөх боломжтой.
Баримт-10
Боловсролын яам тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд бэлэн мэт боловч бүх яамдын боловсрол, сургалтын хөтөлбөрүүд нь цахим боловсрол болон цахим ур чадварын чадавхыг бэхжүүлэхэд бодит нөлөө үзүүлэхийн тулд илүү зорилтот бүлгүүд рүү чиглэсэн, цогц байх шаардлагатай. Технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх нь нэн чухал боловч хувийн мэдээллийг зүй бусаар ашиглах эрсдэлийг бууруулах, иргэдийн хувийн нууцаа хамгаалуулах үндсэн эрхийг нь хангахын тулд технологийн дэвшлийн төвд хүнийг тавьж, хүний эрхэд суурилсан хандлагаар хэрэгжүүлэх ёстой.
Баримт-11
Нийт хүн амын дунд, ялангуяа эмзэг бүлгийн (ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн цөөнх, бага орлоготой иргэд зэрэг) цахим хуваагдлыг арилгах, хувийн мэдээлэл хамгаалах эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэхийг Засгийн газарт уриалж байна. Цаашид олон сорилтууд тулгарах бөгөөд тэр хэрээр хийх ажил их байна. Эдгээрийг шийдвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн хүсэл зориг байна.
Тусгай илтгэгч Ана Брайан Нугререс “Тайланг боловсруулахад зарим сэдвээр нэмэлт үнэлгээ шаардлагатай байгаа тул Засгийн газар болон бүх холбогдох байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын мөрөөр гарах дүгнэлт, зөвлөмжийг бүхий эцсийн тайланг 2026 оны гуравдугаар сард болох Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулганд албан ёсоор танилцуулахаас өмнө Засгийн газарт танилцуулж санал авах болно” гэж мэдэгдсэн юм.