2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн хамгийн ногоон 10 хоттой танилцъя.
Уур амьсгалын өөрчлөлт явагдаж буй энэ цаг үед хүн төрөлхтөн ухамсартай амьдрах нь жишиг болж, дэлхийн хотууд ногоон болох сорилтыг даван туулж байна. Хотдоо мод, ургамал тарьж ургуулахаас эхлээд унадаг дугуйнд зориулсан гудамж, зам хүртэл бий болгох нь байгальд ээлтэй, тогтвортой байдлыг тодорхойлж байгаа юм. 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн хамгийн ногоон 10 хоттой танилцъя.
Копенгаген хот
Копенгаген нь олон жилийн турш тогтвортой байдлын жагсаалтад байсаар ирсэн бөгөөд 2025 онд тэргүүлж байгаа нь гайхах зүйл биш юм. Салхин цахилгаан станц, байгальд ээлтэй архитектур, унадаг дугуйн соёлын ачаар 2025 он гэхэд нүүрсхүчлийн хийнээс ангид болох зорилгууд нь биеллээ олж эхэлж байна. Тус хотын оршин суугчдын бараг 50 хувь нь цаг агаарын байдал үл харгалзан бороотойд, нартайд ч дугуйгаар зорчдог. Органик ресторан болон тогтвортой байдлын дэлгүүрийнхээ тоог нэмбэл зорилгодоо хүрэх алхамдаа улам ойртоно.
Сингапур улс
Сингапурын үзэмж нь шил, ган, ногоон байгууламжийг хослуулсан холимог өнгө байдаг. Сингапурын “ногоон төлөвлөгөө 2030” аль хэдийн үр дүнгээ өгч, дахин боловсруулах хөтөлбөрүүд болон ногоон байгууламжийн сүлжээ нь байнга, үр дүнтэйгээр өргөжиж байна.
Цюрих хот
Нийтийн тээврийн үр ашигтай систем, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн үйл ажиллагаа нь энэ хотыг байгальд ээлтэй амьдралын үлгэр жишээ болгож байна. Цюрих нуур болон Альпийн нуруундаа ойрхон амьдардаг эл хотын оршин суугчид байгальд хайртай гэдгээрээ алдартай.
Стокгольм хот
Шведүүд "зөвхөн зөв хэмжээ" гэсэн утгатай "лагом" урлагийг төгс баримталдаг бөгөөд энэ нь Стокгольмын ногоон бодлогод тусгагдсан байдаг. Хотын сэргээгдэх эрчим хүчний санаачилга, утаа бага ялгаруулдаг шийдэл зэрэг нь ногоон стандартыг хангахад нөлөөлжээ. Мөн усны чанарт гойд анхаардаг бөгөөд хотын усан замууд маш цэвэрхэн тул сэлж ч хүртэл болох аж. Байгальд ээлтэй ресторанууд болон байнга өсөн нэмэгдэж буй цахилгаан автобусны паркийг нэмбэл Стокгольмын ногоон мөрөөдөл биелэх болно.
Ванкувер хот
Ванкувер бол ногоон дэвшилтэт бодлоготой нийцдэг байгалийн үзэсгэлэнт газар юм. Номхон далайд ойрхон, мөнх цаст уулстай хотынхон хүрээлэн буй орчноо хамгаалахад нухацтай ханддаг. Ванкуверын сэргээгдэх эрчим хүчний зорилтууд, ногоон байгууламжууд, өргөн хүрээтэй дугуйн замууд нь тогтвортой хот болгож байна. Нэмж дурдахад, дэлхийн томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг “Стэнли Парк” энэ хотод байдаг.
Осло хот
Осло бол ногоон амьдралтай хот. Норвегийн нийслэлийн тогтвортой байдлын төлөвлөгөөнд нийтийн тээврийг бүрэн цахилгаанжуулж, автомашины хөдөлгөөнийг огцом бууруулсан зэрэг нь багтана. Мөн ой мод, усан замыг хамгаалахад ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Аж үйлдвэрийн бүсүүдийг байгальд ээлтэй хороолол болгон хувиргасан юм.
Амстердам хот
Амстердам хотын залуусын “унадаг дугуйтай хайр дурлал” нь домог мэт яригддаг бөгөөд өнөөдөр ч хэвээр байна. Өргөн дугуйн зам, автомашингүй бүсүүд нь дэлхийн хамгийн тогтвортой хотуудын нэг болгож байна. Амстердам бол сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч бөгөөд нарны зайн хавтангууд хаа сайгүй.
Рейкьявик хот
Рейкьявикийн газрын гүний дулааны эрчим хүчний хөтөлбөр бол ногоон “домог”-уудын нэг юм. Исландын нийслэл бараг бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бөгөөд энэ нь тогтвортой байдлын шалгарсан туршлага болж байна. Рейкьявик хотын оршин суугчид халуун рашаанаас эхлээд галт уулын цэцэрлэгт хүрээлэн хүртэл байгалийн унаган төрхөөрөө бахархдаг. Энэ хотын хаана ч явсан алхаж, дугуй унах боломжтой нь нүүрстөрөгчийн ул мөрийг улам бүр багасгаж ногоон хот байлгасаар иржээ.
Любляна хот
Ногоон хотуудын тухай ярихад санаанд орж ирэх анхны хот Любляна биш байж болох ч энэ жагсаалтын есдүгээрт бичигджээ. Ногоон хот болох эхлэл нь автомашингүй хотын төв, дахин боловсруулах өргөн хүрээтэй санаачилгууд юм. Тогтвортой байдалд анхаарлаа хандуулсан тус хот 2016 онд Европын ногоон нийслэл цолыг хүртсэн бөгөөд тэр цагаас хойш цэцэглэн хөгжиж байна.
Мельбурн хот
Мельбурн хотын гудамж нь ногоон урлаг мэт байдаг. Сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуйд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, 2040 он гэхэд 1.5 сая мод тарихаар төлөвлөж байна. Мельбурн хотын байгальд ээлтэй трамвай болон хог хаягдлын менежментийн шинэлэг системүүд нь илүү ногоон ирээдүйн замыг нээж байгаа аж.
Эх сурвалж: ndtv.com