Хил орчмын хамтын ажиллагааны талаар хуралджээ
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын “Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан” энэ сарын 8-ны өдөр Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагджээ.
Тус хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ахлан оролцсон бол Оросын талын төлөөлөгчдийг Дотоод хэргийн дэд сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Игорь Николаевич Зубов ахлан оролцсон байна.
Хуралдааны эхэнд талууд хууль бус зэвсэг, галт хэрэгслийн худалдаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийн хууль бус эргэлт, хууль бус шилжилт хөдөлгөөн, малын хулгай, мөн мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох талаар хэлэлцсэн аж.
Мөн зэрэгцээ хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар харилцан танилцуулга хийжээ. Тэрчлэн талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодис, сэтгэцэд аюултайгаар нөлөөлөх шинэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлын хүрээнд цаашид харилцан шуурхай мэдээлэл солилцох, энэ төрлийн бодисын хууль бус худалдаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм байна.
Мөн хууль сахиулах салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, тухайлбал, нисгэгчгүй агаарын техник технологи болон компьютерийн технологийн аюулгүй байдлын мэргэжилтэн, шүүхийн шинжилгээний шинжээч бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэхийн зэрэгцээ талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд хууль сахиулах чиглэлийн холбогдох байгууллагад шууд харилцах чиг үүрэг бүхий алба хаагчийг харилцан томилох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэв.
Энэ удаагийн хуралдаанд хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл буюу Монголын талаас Дорнод, Сэлэнгэ, Увс аймгийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, Оросын талаас Буриад, Тува, Өвөрбайгалийн хязгаар, Алтай Улсын Дотоод хэргийн сайд нар тус тус оролцжээ.
Б.Лувсанпэрэнлэй