Цогтцэций суманд 197 хүн хоолны хордлогод оржээ
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 197 хүн өвчилсөн гэж өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тус суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг дөрвөн компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-нд илэрчээ.
Одоогоор хоолны хордлогын 197 тохиолдол бүртгэгдсэнээс 150 гаруй хүн эмнэлэгт, 44 хүн гэрээр эмчлүүлж байгаа юм байна. Өвчлөгсдийн олонх 20-48 насныхан бөгөөд гүйлгэх, халуурах, гэдэс базлах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.
ХӨСҮТ-өөс зургаан хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг халдварын голомтод эрсдэлийн үнэлгээ хийх, шалтгаан нөхцөлийг тодруулж байгаа гэлээ.
Б.Лувсанпэрэнлэй