Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын ээлжит хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг салбарын сайд нар мэдээллээ. Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын экспорт нэмэгдлээ. Экспортыг улам нэмэгдүүлэхийн тулд боомт руу чиглэсэн хэд, хэдэн арга хэмжээ авахаар болсон. Биржийн арилжаа дорвитой нэмэгдэхгүй байгаа нь овоолготой холбоотой түгжигдээд байна. Нүүрсний уурхай эзэмшигч дотоодын хөрөнгө оруулагч нараас өртгийг бууруулах, тээврийн зардал, НӨАТ, АМНАТ-ыг тооцох эх үүсвэрийг эргэж харахыг удаа дараа хүсэж байгаа. Үүнийг судлаад эргэж танилцуулах үүрэг авлаа” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэ бодлогоо танилцуулсан билээ. Үүний хариуд Хятадын талаас хариу 34 хувийн татварыг АНУ-ын бараанд ногдуулаад байгаа юм. Олон улсын энэ харилцаа манай улсын эдийн засагт нөлөөлж эдийн засгийн хүндрэл, сорилт авчрах дохио болж байна гэдгийг салбарын сайд дурдсан юм. Мөн төсвийн орлогын гүйцэтгэл 90-95 хувьтай байгаа бөгөөд жилд 450 тендер зарладаг байсан бол энэ жил 42 тендер зарласан ажээ.
Б.Лувсанпэрэнлэй