Зүүн аймгуудад ноолуур 155-165 мянган төгрөг байна
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр ноолуурын үнийн талаар мэдээлэл өгсөн байна. Дорнод аймагт нэг килограмм ноолуурыг 163-165 мянган төгрөгөөр, Сүхбаатар, Хэнтий аймагт 155-158 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдан авч байна гэж мэдэгджээ.
Тэрбээр, “Дэлхийд худалдааны томоохон дайн явагдаж байна. Энэ үед нүүрстэй харьцуулахад ноолуур маш бага буюу таван хувийн мэдрэг чанартай. Яагаад гэвэл ноолуурын зах зээлийн төлөв байдал харьцангуй тогтвортой байгаа. Манай улс ноолуурын томоохон нийлүүлэгчийн хувиар энэ цаг үеийг ашиглаж дотоодын үйлдвэрлэх чадавхаа яаралтай босгох шаардлагатай байгаа" гэв.
Энэ онд ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 230 тэрбум төгрөг, ээрэх, нэхэх, сүлжих дамжлагын хөрөнгө оруулалтад 132 тэрбум төгрөг, ноос боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 30 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 290.9 тэрбум төгрөг, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 40 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 66 тэрбум төгрөг тус тус олгогдохоор санхүүжилт нь батлагдаж, зээл олгож эхэлсэн ажээ.
Б.Лувсанпэрэнлэй