Даблины гудамжаар Үлиссийг “гишгэлж”, уран зохиолыг мэдэрч алхдаг
Даблины гудамжаар Үлиссийг “гишгэлж”, уран зохиолыг мэдэрч алхдаг

Гэрэл зургийн эх сурвалж: Irishindianchronicle

Бороотой өдрийн онцгой сайхан мэдрэмжүүдийн нэг бол Даблины гудамж дахь Ж.Жойсын цутгамал, Үлисс романы гол дүрийн эшлэлүүдтэй гуулин хавтангууд өнгөлөгдөж, шармал мэт гялалзаж байгааг харах.

Ж.Жойсын төрсөн өдөрт

Шиврээ бороотой, тэнгис, манан хоёрын зааг үл ялгарна. Нүүгэлтсэн саарал манан дундаас нохой хөтөлсөн эмэгтэй, хүзүүндээ дуран зүүсэн шувуу ажиглагч хосууд, өглөөний гүйгчид гарч ирээд зөрж өнгөрнө. Хөөрхөн цоохор нохойн сүүлээ өргөж эрхлэх, ноосон малгай, ус нэвтрэхгүй хүрэм өмссөн боловч хаймран углааштай эзэгтэйн “Lovely morning. Isn’t it?” гэдэг мэндчилгээ, бидний инээмсэглэл, өндөр загалмайт сүмийн том модон хаалгаар орж буй тод хувцастай хоёр хүний өчүүхэн жижиг үзэгдэх байдал ... . Ном дотор, үлгэр, тууж дунд амьдарч байгаа мэт мэдрэмжийг өгнө.

Сөрж алхсаар номын сангийн үүдээр орвол шүхэр агуулах хувин мэт савнууд дүүрч, өнгө өнгийн нойтон шүхэр хатахаа бас эзнээ хүлээх мэт эгнээстэй. Ус асгарсан шүхрээ эвтэйхэн эвхэж тавиад уншлагын танхимд орох үед ихэнх суудал эзэнтэй болсон байдаг юм. Цонхны хажуугийн жижиг ширээ л хүнгүй байгаасай гэж бодно. Азаар олонхдоо хүнгүй байх бөгөөд үргэлж даарч явдаг тул өглөөний нар түр саатдаг тэр суудалд дуртай.

Бороотой өдрийн онцгой сайхан мэдрэмжүүдийн нэг бол Даблины гудамж дахь Ж.Жойсын цутгамал дүрс, Үлисс романы гол дүрийн эшлэлүүдтэй гуулин хавтангууд өнгөлөгдөж, шармал мэт гялалзаж байгааг харах. Намайг мэндлэхээс ч өмнө зохиогчийнх нь дурсгалд зориулан хийж, суурилуулсан 14 ширхэг гуулин хавтан өчигдөрхөн байрлуулсан мэт л үг үсэг нь элэгдээгүй байгаа нь гайхалтай.

 Эдгээр хавтанг Үлисс романы гол баатар Леопольд Блумийн замыг тэмдэглэж суурилуулсан гэдэг бөгөөд алдарт удирдагч Парнеллын нэрэмжит гудамжнаас ОКоннелын гудамж уруудаж Степпений цэцэрлэгт хүрээлэн явах замд хамгийн олонтой нь таарна.

j3 ОКоннелын гудамж дахь гуулин хавтан, 2021 оны 10 дугаар сар

Өнөөдөр XX зууны дэлхийн уран зохиолын нөлөө бүхий төлөөлөгч зохиолч, яруу найрагч, утга зохиол шүүмжлэгч Ж.Жойс (1882-1941)-ын эснэсэн өдөр. 1922 онд хэвлэгдсэн Үлисс бол түүний хамгийн алдартай бүтээл. Тэрээр нэгэнтээ хэрэв хэзээ нэгэн цагт Даблин сүйрвэл Үлиссийн хуудаснаас тоосго, тоосгоор нь сэргээн босгож болно гэсэн байдаг.

Бүрх малгай, урт хүрэм, дугуй нүдний шилтэй, таяг тулсан эрийн дүрстэй, хажууд нь хэдэн мөр бичигтэй, босоо тэгш өнцөгт хэлбэрт тэрхүү хавтанг хүмүүс санаатай, санамсаргүй гишгэлээд алхахыг харах онцгой ч юм шиг, онцгүй ч юм шиг сэтгэгдэл үлдээнэ. Харин би хэчнээн яарч явсан ч хажууд нь гишгээд өнгөрдөг. Өнгөрсөн зууны дэлхийн уран зохиолын оргил бүтээлийн эшлэл чиний хөл дор хэвтэж буйг мэдэж байгаа бол гишгэлж зүрхэлнэ гэж үү?

Энэ хотод навч ногоон, улаан, шар болж бүр унаж дууссан ч зүс, усан, аадар, ширээ, солонготой  бороо орж л байдаг, тэнгис, манан хоёрын хязгаар үл ялгарч байдаг хүний сэтгэлийн хөдөлгөөний үелзлийг хамгийн доод эсвэл хамгийн дээд түвшинд аваачих ид шидтэй.

Ийм хотоос Жонаттан Свифт, Жеймс Жойс, Оскар Уайльд, Уильям Батлер Йейтс нар төрөхгүй гээд ч яах вэ.

 Жорж Бернард Шоу, Уильям Батлер Йейтс, Сэмюэл Бекетт, Симус Хини нар Нобелийн утга зохиолын шагналыг хүртэхгүй гээд ч яах вэ.

j6 Ирландын тэнгисийн эрэг

Даблин бол ЮНЕСКО-оос батламжилсан Уран зохиолын хот. Анхны ийм тодотголыг Шотландын Эдинбург хотод өгч байсан бол дөрөв дэх нь Ирланд улсын нийслэл Даблин хот болж байв. Утга уран зохиол, яруу найраг, театр, урлагийн өвөрмөц соёлтой орон.

Хотын номын дэлгүүрүүд ямагт л дүүрэн хүнтэй. Хэвлэгдээд удаагүй ном төдөлгүй л шинэ номын хэсгээс шилжиж өөр нэгэн зохиол байрыг нь эзэлсэн байдаг. Эцэг, эхээ дагасан улбар үстэй, усны гуталтай охид, цоохор нүүртэй бяцхан хөвгүүдээс эхлээд таяг тулсан, алхуулагч түрсэн жижигхэн эмээ, өвөө нартай номын дэлгүүрт таарах нь тун олон. Уугуул хүмүүс нь өтгөн ирланд цай, кофе уунгаа нэтфликст орсон шинэ кино, сүүлд уншсан номынхоо талаар ярих, зүгээр ч нэг уншигчийн бус шүүмжлэгчийн түвшинд авч үзэх маш дуртай. Их уншдаг хүмүүсийн зан байх. Тэр мэдээний, тийм нийтлэлийн эсвэл энэ киноны тухай чи юу гэж бодож байна гэж асууна. Бас л уншдаг хүмүүсийн л чанар.

j1 

Ирландын уран зохиолын музейн үүдэнд, 2021 оны наймдугаар сар

Эцэст нь, happy birthday Mr James Joyce! XXI зууны уншигчаас чинь.