04 сарын 08, 2025
Д.Болорсүрэн: Төгрөг нуурын ордыг зарахдаа 20 хувийг нь эзэмшдэг биднээс зөвшөөрөл аваагүй 
Д.Болорсүрэн: Төгрөг нуурын ордыг зарахдаа 20 хувийг нь эзэмшдэг биднээс зөвшөөрөл аваагүй 

“Төгрөг нуурын энержи” ХХК-ийг 2005 онд үүсгэн байгуулсан Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн өөрт байгаа баримтаа  АТГ-т хүлээлгэн өглөө

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Төгрөг нуурын орд”-ыг 250 сая ам.доллароор зарсан тухай ярьж асуудлыг шийдэх долоо хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгдсэн. 

Харин өнөөдөр тус ордтой холбоотой хохирогч гэх “Төгрөг нуурын энержи” ХХК-ийг 2005 онд үүсгэн байгуулсан Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн өөрт байгаа баримтаа  Авилгатай тэмцэх газарт хүлээлгэн өглөө.

Тэрээр “Гурван жилийн өмнө нас барсан аавыг минь 1.3 сая ам.доллароор Төгрөг нуурын ордыг зараад идчихсэн, луйварчин гэж бичиж байна. “Төгрөг нуурын энержи” ХХК-ийг аав маань 2005 онд байгуулж улмаар хэсэг нөхдийн хамт утаагүй түлшний үйлдвэр нээж, 2008 онд туршилтын үйлдвэрийг барьж утаагүй түлшийг гаргаж байсан. Мөн тус ордын 20 хувийг эзэмшин гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан.

Харин 2009 онд тус ордыг Хонконгийн хөрөнгийн бирж дээр 250 сая ам.доллароор зарсан. Ингэхдээ 20 хувь эзэмшдэг биднээс зөвшөөрөл аваагүй. Энэ асуудлаар бид гурван шатны шүүхээр яваад үр дүнд хүрээгүй.

Олон жилийн дараа Төгрөг нуурын ордын асуудлыг гарган тавьж улстөржүүлж байгаад эмзэглэж байна. Иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа баримтаа АТГ-т өгөх нь зүйтэй гэж үзлээ. Янз бүрийн дугаараас дуудлага ирж байгаа, би айж байна тиймээс надад хамгаалалт хэрэгтэй, Үндсэн хуульд заасан аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлмээр байна. Миний хувьд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн. Тал талаас дарамт шахалт их ирж байна. Аавыг минь 1.3 сая доллароор энэ ордыг зарсан гэх ташаа мэдээлэл их явлаа, аавынхаа нэр хүндийг хамгаалахын төлөө явна" гэв. 

“Төгрөг нуурын энержи” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Дүгэржав нь шинжлэх ухааны доктор, туйл судлаач байсан бөгөөд анх 1982 онд тус ордын хайгуулыг хийж байжээ. 

Б.Лувсанпэрэнлэй