Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг хүүгийн хамт мэдээлэл хийлээ.
Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа нийслэлийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Д.Жанчив амиа алдсан үйл явдал нэг жилийн өмнөх энэ өдөр буюу 2024.04.08-нд болж байсан.
Өнөөдөр түүний эхнэр Б.Ганцэцэг хүүгийн хамт хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр гурван асуудлыг хөндөж мэдээлэл хийлээ. Нэгдүгээрт, онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэлийг олон улсын стандартад нийцүүлэн, гал, усанд тэсвэртэй болгон сайжруулахыг хүсэв. Тэрбээр алба хаагчид энэ хувцсандаа л найдаж гал, ус руу орж байгаа шүү дээ. Өнөөдөр гал сөнөөгчид гар нүцгэн шахуу л гал, ус руу орж байна. Ингэж хэлж буйгаараа аливаа байгууллагын мууг үзэх гээд байгаа юм биш, ханийнхаа амь насыг нэхэж байгаа бус стандартын дагуу аврагч, гал сөнөөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах юмыг нэгдүгээрт тавьж чадахгүй байна гэдэгт л дуугарч байгаа юм шүү гэдгийг онцолж байлаа.
Хоёрдугаарт, би бол ханийгаа баатар гэж хэлмээр байна. Нас барсан хүнд баатар цол нөхөн олгодоггүй гэдэг хуультай байдаг юм билээ. 5000 хүний амь нас аварсан хүн амиа алдчихаад байна шүү дээ. Монгол Улс энх тайван, дайн байлдаангүй орон. Гэтэл эх орныхоо төлөө баатарлагаар өнгөрч байгаа алба хаагч нар бол онцгой, цэрэг, цагдаагийнхан л байгаа.Хэн нэгний хувьд төмөр ч гэлээ тэр хүмүүсийн гэр бүлийнхэн, миний, хүүхдүүдийнх хувьд амь насны үнэтэй зүйл ээ гэж хэлмээр байна. Энэ ганцхан миний ар гэрт тохиолдоод байгаа зүйл биш, олон хүний ар гэрт тохиолдсон.
Гавьяа шагналыг дарга нар нь аваад гал, ус руу энэ хүмүүс ороод байдаг. Тэгвэл эргүүлээд бодъё, хариуцлага тооцох гэхээр тэр шагнал аваад байдаг дарга нар нь байдаг юм уу? Байдаггүй шүү дээ. Энийг бас хэлэх нь зүйтэй байх. Хөндөх ёстой сэдвийн нэг мөнөөс мөн. Ар гэр нь харж, хүлээж байдаг юм шүү гэж дамжуулж хэлье.
Гуравдугаарт, миний ханийг өнгөрсний дараа манай гэр бүлд хүнээ алдсан тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу олгосон. Гэхдээ Дүнжингаравын дэлбэрэлтийн үеэр амиа алдсан алба хаагчдын гэр бүлийн ахуйн асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар буцалтгүй тусламж үзүүлсэн. Харин миний гэр бүл, үр хүүхдэд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм бэ. Би бүтэн жил болохоосоо, болохгүй хүртэл олон дарга нарын хаалгыг сахилаа, хүлээлээ. Арга мухардаад Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байна. Хуулийнхаа хүрээнд шийдэж болдоггүй юм уу, хуулийн хүрээнд биш юм гэхэд энэрэнгүй, хүн чанар гаргаад ажилласан жилийг нь үнэлээд шударга хандаж яагаад болохгүй байгаа юм бэ. Миний хань заавал олны анхааралд өнгөрөх ёстой байсан юм уу. Хэрэв олны анхааралд өнгөрсөн бол миний хүүхдүүд тэрхүү хууль, тусламжид хамрагдаж чадах байсан юм болов уу гэж бодож байна. Асуумаар санагдаад байна. Өнгөрсөн нэг жил миний амьдралд маш урт хугацаа байлаа. Маш их зүйлийг үзэж туулсан. Удаан хүлээцтэйгээр хүлээлээ. Тэдгээр алба хаагчид олгосон тэрхүү зүйлээ миний ар гэрт олгож болохгүй яагаад хууль яриад байгаа юм бэ. Адилхан л хууль байхгүй байхад болсон юм чинь одоо яагаад энэ нэг алба хаагчийг ингэж байгаа юм бэ.
Бид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж гуравдугаар сарын 18-нд өргөдлөө өгсөн, Шадар сайд С.Амарсайханд хүсэлт өгсөн, Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандсан, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад өргөдөл өгөөд шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу хүлээж авсан.
Би онцгой байдлын алба хаагчийн бэр, хань байж үзсэн, одоо ээж байж үзэж байна. Ахуй, нийгэм хангамж, эрх ашиг бүхий л тал дээр үгээ хэлэх эрхтэй, хангалттай амьдралын түүх байгаа учир энэхүү зүйл дээр дуугарч байгаа юм шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд үгээ дамжуулж хэлмээр байна, таныг зөв шийдвэр гаргаасай гэж хүлээгээд гэр бүлээрээ суултын хэмжээнд хүлээх болно. Маргаашаас хүүхдүүдтэйгээ суулт зарлана. Хүний энэрэнгүй сэтгэл гаргах байх гэж итгэж хүлээж байна.
Мөн хэвлэлийн бага хуралд талийгаач Д.Жанчивын дүү Д.Бямбацогт ирж оролцсон. Тэрбээр “Тухайн үед дарга нар нь ирээд тэтгэмжийг нь шийднэ. Таван хүүхдэд нь орон сууц бэлдэнэ. Олон нийтэд битгий ярилцлага өгөөрэй гэж байсан. Бид ч хүлээцтэй хандсан. Гэтэл одоо болохоор тийм ч юм болохгүй, ийм тийм гээд байна. Тухайн үед ярьж байсан дарга нар нь одоо үзэж байгаа бол шийдээд өгчихвөл. Ажлаа хийж яваа амиа алдсан юм чинь төр харж байгаа гэсэн гээд тэвчээртэй хүлээж байсан” гэж ярилаа.