Гэрэл зургийн эх сурвалж: Эрүүл мэндийн яам хуудас
Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тус салбарт хийж, хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааны тухай сэтгүүлчдийн асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэрхэн хариулсныг хүргэж байна.
-Эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гэсэн. Явц нь ямар байгаа юм бол. Мөн Донорын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага бий гэж харж байгаа байх. П.Батчулуун эмчид үүссэн асуудал, нөхцөл байдлыг харвал энэ хоёр хуульд зайлшгүй анхаарал хандуулах шаардлага харагдаж байна.
-Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль дээр бид наймдугаар сараас эхэлж ажилласан. Гаднын таван улсын эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуульд судалгаа, шинжилгээ хийсэн. Манайх шиг эмчдээ ял оноодог, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын хууль байхгүй улс ховор. Бид өндөр хөгжилтэй улс орнууд эрүүл мэндийн салбарт барьж байгаа хуулиудыг судлах бодлого барьж байна. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулах гээд Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулсан. Батлагдаад ирвэл олон нийтийн хэлэлцүүлэг хийж, намрын чуулганд өргөн барина. Намрын чуулганы хэлэлцэх асуудалд оруулсан байгаа.
Донорын хууль дээр зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.
Энэ үүссэн нөхцөл байдал хуультай холбоотой. Бусад улсад хүмүүс нь “би донор болохгүй” гэж гарын үсэг зурдаг. Харин тийм гарын үсэг зураагүй хүмүүс донор болдог зохицуулалт байдаг.
Тэгэхээр манай улс Донорын хууль дээр маш олон өөрчлөлт хийж байж хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдэнэ. Эрх зүйн орчныг зөв зүйтэй болгох асуудалд сайд болсон цагаасаа хойш анхаарал хандуулж байна даа.
-Эмийн нэгдсэн бодлого хэрэгжүүлж буй талаар ярилаа. Тухайлбал, манай улсад хүүхдийн гар, хөл, амны өвчний вирусийн эсрэг эм байдаггүй гэх мэтчилэн олон асуудал байна. Хэрхэн чанартай эм хэрэглэдэг болох вэ, БНСУ-тай хамтарна гэж танилцууллаа?
-Эмийн бодлогын хүрээнд үйлдвэрлэгчтэй хамтарч чанартай эм эмчилгээнд нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Удахгүй цахимд иргэдээс санал авах хэсэг нээнэ, энгийн хялбараар саналаа өгөх боломжтойгоор. Ийнхүү санал аваад Эм үнэлгээ эрсдэлийн агентлаг руу явуулах юм. Үүний дараа тэнд судалгаа хийж, шаардлагатай эмийг оруулж ирэх ажил хийнэ. Бүгдийг нэг дор чанартай болгох, монголд байхгүй бүх эмийг оруулж ирэх боломжгүй. Хэрэв тэгэх гэж оролдвол бид ахиад л чанаргүй муу эм оруулж ирнэ. Тиймээс үе шаттай явж ирэх оны төгсгөлд гэхэд энэ зүйлүүд маань шийдэгдэх төлөвлөгөө гаргасан, түүний дагуу ажиллаж байгаа. Таны асуусан гар, хөл, амны эм орж, ирж байгаа үгүйг мэдэхгүй байна.
-Элэгний D вирусийн тарианы талаар асууя. Элэгний D вирустэй нэг хүн 30 хоногт долоон сая төгрөгийн өртөгтэй тариа хийлгэж байна. Гэхдээ амьдралын боломжтой нь шүү. Монгол Улсад ийм зовлонтой 12 мянга гаруй хүн байна гэсэн статистик байдаг юм билээ. Өнгөрсөн жил 100 орчим хүнийг жагсааж тарианд хамруулсан. Ингэхдээ ялгавартай хандсан гэдэг яриа ч байсан. Элэгний хорт хавдрын гол шалтгаан B, С, D вирус. Цаашид асуудлыг ер нь яаж шийдэх юм бэ. Энэ жил хэдэн төгрөг төсөвлөсөн юм бол?
-Элэгний D вирусийг эмчлэхэд өндөр өртөг шаардлагатай. Элэг D вирустэй хүмүүсийн Халдвар судлалын үндэсний төвд ирүүлсэн материалыг шүүж түргэн хугацаанд эмчилгээ шаардлагатай, амь нас нь аюулд орсон хүмүүсийг сонгож авч байгаа. Сонгох журам, зааврыг манай яамнаас ХӨСҮТ рүү явуулсан. Ямар нэгэн байдлаар шаардлагагүй хүн түрүүлж сонгогдсон нь тогтоогдож хариуцлага хүлээсэн зүйл байхгүй. Ер нь хүн болгоны амь насанд тулсан цагт янз бүрийн хардалт сэрдэлт байдаг байх. Хардах эрх тэдэнд бий. Энэ тал дээр бид анхаарал хандуулан ажиллана.
Энэ онд “Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн хүрээнд D вирусийн эм авахад 17 тэрбум төгрөг тусгасан. Тухайлбал, энэ 12 мянган хүний 20 хувьд нь эмчилгээ хийх нь. Үлдэж буй 80 хувь нь мэдээж гомдолтой байна. Эм тариа нь үнэтэй учир авч хэрэглэж байгаа иргэд цөөхөн. Бидний эмчилж байгаагаас олон хүн D вирусийн халдвар авч байна.
Тэгэхээр энэ өвчлөлийг зогсоохгүйгээр зөвхөн D вирусийг эмчлэхэд төсөв мөнгө зарцуулаад байвал энэ нөхцөл байдлаас хэзээ ч гарахгүй. Тиймээс халдварыг яаж багасгах, урьдчилан сэргийлэх тал дээр санхүү мөнгө зарж ажиллана.
-Резидент эмч хоёр жилээр суралцаж байгааг гурван жил болгоно гэж ярилаа. Мэргэшихийн тулд нэг сард 740 мянган төгрөгийн цалин аваад суралцаж байгаа. Суралцах ч бус ажиллаж байгаа гэж хэлэхэд зөрөхгүй байх. 740 мянган төгрөгөөр хүн амьдрахад бас өнөөгийн нөхцөлд ямар байгаа билээ. Гэтэл дахиад нэг жил нэмэгдэх нь дагаад цалинг нь нэмэх юм уу?
-Резидент эмч нар цалингүй, нэг сая төгрөгийн төлбөр төлж хоёр жил сурдаг байсан. Харин 2020 онд би Эрүүл мэндийн сайд байхдаа цалинтай болгосон. Одоо цалинтай болчихоор жилийг нь нэмэх боломж бүрдэж байгаа. Шууд дөрөв, таван жил биш эхний ээлжид нэг жил нэмж байна. Бодитоор ямар нөхцөл байдал үүсэхийг харна. Ямар ч байсан хоёр сая төгрөгийн төлбөр төлөөд сурдаг байсан бол жилдээ 10 сая төгрөгийн цалин авч, түүнийхээ хоёр саяыг төлбөртөө өгч бусдыг нь зарцуулах боломж бүрдсэн учир гурван жил сурахад асуудалгүй гэж харж байна. Одоогоор бол резидент эмч нарын цалинг нэмэх асуудал яригдаагүй.
-Эмнэлгийн орчноос халдвар авах тохиолдол гардаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Манай улсад эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид чадавх сайтай боловч иргэдийн итгэл үнэмшил сул байгаагийн гол шалтгаан нь чанар, аюулгүй байдлын асуудал. Тэгэхээр үүнийг сайжруулахгүйгээр дэлхийн түвшинд хүрэх гэдэг хэцүү асуудал. Үүнээс болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаад халдвар авчихдаг юм гарч байсан. Ходоодны дуран хийдэг, шүдний эмчилгээ үзүүлдэг гэх мэт газарт чанар стандартыг бариулах, шалгалтыг байнгын тогтмол явуулж хийж хэрэгжүүлж байж л бид нар амжилтад хүрнэ. Үүний тулд эмнэлгүүдийн чанарын албыг сайжруулах хэрэгтэй байгаад байдаг. Тухайлбал, өнөөдөр УНТЭ-ийн Чанарын алба гэхэд дөрвөн хүнтэй. Тэгэхэд Филиппин улсад яг ийм хүчин чадалтай эмнэлэгт Чанарын алба нь 30 хүнтэй ажилладаг. Байнга хяналт тавьж, зөв, буруу байх, эрсдэл учирч байна уу гэдгийг хянаж байдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой. Тийм хэмжээний мэдлэг чадвартай хүний нөөц байхгүй. Хүний байлаа гэхэд цалин мөнгөний асуудал бий болно. Энэ мэтчилэн маш олон зүйлийг хийхээр байгаа. Эхнээс нь үе шаттай шийдээд явж байна.
-Анагаахын чиглэлийн олон хувийн сургууль байна. Чадваргүй, жороо ч бичиж чадахгүй эмч, мэргэжилтнүүд төгсөөд ажиллахаар ирж байна гээд хүмүүс ярьж, шүүмжилж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй вэ?
-Хувийн сургуулиудаас чанаргүй, мэдлэг муутай эмч нар гарч байна гэдэг асуудал нэлээн яригддаг. Учиргүй шалгалт явуулаад үйл ажиллагааг нь зогсоох бол зөв алхам гэж үзэхгүй байна. Энд чинь өч төчнөөн хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийгээд, багш нарыг бэлтгээд үйл ажиллагаа явуулж байгаа.
Тэгэхээр бид нар чанартай хүмүүсийг зах зээл дээр гаргахын тулд эмчлэх эрхийн лицензийн шалгалтыг сайжруулах ёстой. Ингэхээр эмчлэх эрхээ авч чаддаггүй хүүхдүүд ажлын талбарт орж чадахаа байна.
Тухайн жилд төгссөн нийт хүүхдүүдээс аль сургуулийн хэдэн оюутан эмчлэх эрхийн лицензээ авсан тухайг олон нийтэд мэдээлдэг болъё гэж байгаа. Төгсөгч нь лицензээ авч чадаагүй сургуульд хүмүүс орохоо болино, өөрсдөө чанараа сайжруулах бодлого барьж эхэлнэ. Эмчлэх эрхийн шалгалт, резидентийн шалгалт, төгсөх шалгалтыг олон улсын түвшинд хүргэж сайжруулъя гэдэг бодлого бариад явж байна.
-Манай эрүүл мэндийн салбарт боловсон хүчний асуудал ямар түвшинд байна вэ. Ямар мэргэжилтнүүд дутагдалтай байна вэ?
-Монгол Улс 10 мянган хүнд ногдох эмчийн тоогоор дэлхийд долоодугаарт эрэмбэлэгддэг. Тэгэхээр тооны хувьд бол болоод байгаа. Харин нарийн мэргэжил эзэмших хүний нөөцийн бодлого нь алдаатай байна гэдэг дүгнэлттэй. Хавдар, хүүхэд нярайн эмч дутагдалтай байна. Бид тэгэхээр 2035 он гэхэд манайд хавдрын өвчлөл ямар байх юм бэ, хэдэн эмч хэрэгтэй вэ, үүний тулд энэ 10 жилд яаж ажиллах вэ гэдэг бодлогыг хийж хэрэгжүүлж байгаа. Байгаа давуу тал буюу бэлтгэгдсэн эмч нарынхаа тооцоо судалгааг зөв гаргаад бэлдээд явах юм бол дутагдлаас богино хугацаанд гарах боломж байгаа.
-Эрүүл мэндийн даатгалын сан ямар нөхцөлд байна вэ?
-Мөнгө нь хаанаа ч хүрэхгүй тийм учраас тусламж үйлчилгээгээ ангилж байна. Тусламж үйлчилгээг нэн шаардлагатай, архаг, төлөвлөгөөт гэдэг гурван ангиллаар олгож байгаа. Мэдээж нэн шаардлагатайд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Ингэж үйлчилгээг ангилснаар ядаргаа тайлах эмчилгээг байн байн авдаг, эмнэлэгт олон хэвтдэг хүмүүст хязгаарлалт ирнэ. Мэдээж ард иргэдийн гомдол санал ирэх л байх.