Хүн дотроо юу мэдэрч, юу бодож явдгийг гаднаас нь хараад мэдэхгүй ч, бид таних, танихгүй олон хүнийг энэ ийм хүн, тэр тийм хүн хэмээн дүгнэж, өөрийн бодол, төсөөлөлдөө аль хэдийн итгэчихсэн явдаг. Яг ингэж өөрийнхөөрөө дүгнэдэг ч огт нүүр тулан уулзаж байгаагүй зочныхоо хаалгыг хэдхэн өдрийн өмнө тогшсон юм. Миний төсөөлснөөс тэс ондоо нэгэн сууж буй гэдгийг таамаглаагүй билээ. Тэр хүн бол МУБИС-ийн профессор Цогдовын Лувсандорж. Лувсандорж багш боловсролын салбарын тулгамдсан асуудалд шүүмжлэлтэй хандаж, багш нарын цалин хөлсийг нэмэхээс эхлээд олон сэдвээр нийтлэл бичиж, үзэл бодлоо тууштай илэрхийлсээр ирсэн. Найзууд нь түүнийг “шударгын туйл” гэж ёжилдог шиг би ч гэсэн түүнийг хахир хатуу, сөрөг хандлагатай нэгэн хэмээн төсөөлж байв.
- Та аливаад их шүүмжлэлтэй ханддаг хүн. Ялангуяа монголын боловсролын тогтолцоог сүүлийн арваад жил шүүмжилж, бас бичиж байна. Зарим нэг нь аливаа асуудлыг нэг их шүүмжилж гарч ирчихээд удалгүй нөгөө шүүмжлээд байсан хүмүүстэйгээ нэг талд ороод, дарга болоод ч юм уу явчихдаг. Та харин нэг байр суурин дээрээ олон жил явлаа. Яаж ингэж тууштай явдаг юм бэ?
- Энэ салбарын төлөө явж байгаа хүний л хувь тавилан юм. Математикийн багш болоод боловсролын салбарт энэ насыг туулж яваа хүний хувь тавилан гэж хэлж болно. Энэ салбар сайхан болоосой, бидний ажил мэргэжил зөв замаар яваасай гэж боддог. Багш гэдэг нь хүний амьдралын замыг гэрэлтүүлнэ гэсэн утгатай араб үг юм. Яг энэ замаар өглөө ирээд л хүний төлөө явсаар байгаад буцдаг. Хүний төлөө ингэж явдаг учраас миний юманд шүүмжлэлтэй хандаад, тууштай яваад байгаа нь карьерийн төлөө, дарга болохын төлөө биш. Миний мэддэг, гадарладаг энэ салбар зөв замаар яваасай л гэсэн ажил мэргэжлийн төлөөх хандлага учраас өөрчлөгдөхгүй, ижилсэхгүй. Нэг талдаа тууштай яваад буйн гол юм нь тэнд байгаа болов уу.
- Хүмүүс өөрийнхөө төлөө сонголт хийдэг. Бүр огт эргэлзэхгүйгээр тэр сонголтыг хийгээд, даваад, гишгээд явчихдаг шүү дээ. Та тэр шугамыг яагаад давахгүй байна вэ?
- Их чухал асуулт. Юманд шүүмжлэлтэй хандахаар “худалдаж авна” ч гэдэг юм уу тиймэрхүү хандлагууд гарна. Дахиад л саяын зүйл явж байгаа юм. Өөрийнхөө үнэн гэсэн зүйл дээр хатуу байж, өөрөөрөө явж байгаа минь аз жаргал шинжтэй. Ийм болохоор тэр тал дээр хатуу байр суурьтай явдаг. Өөрөөр хэлбэл, шударга замаар явж байгаа нь бидний өссөн орчин, гэр бүл, эндээс 1000 гаруй км-ийн цаана байгаа Тэсийн голын хөвөөнөөс унаган багадаа олж авсан зан чанартай холбоотой. Ёстой л Завхан аймгийн Баянтэс сумын уулын аманд Жавхлан бригадад өссөн хүний онцлог, хөдөөрхүү чанар. Аав ээжийн, нутаг усны хүмүүсийн багаас нь мэдрүүлчихсэн шударга шулуун энэ хандлага арилахгүй гэх юм уу даа. 30 жилийн өнгө аяс өөрчлөгдөхөд арилсангүй. Тэр хандлагаараа л яваад байна. Улааныг үзэж урвахгүй, шарыг үзэж шарвахгүй гэсэн энэ зүйл багаасаа хатуу тогтчихсон болохоор амархан өөрчлөгдөхгүй. Ер нь өөрчлөгдөхгүй.
- Өөрчилчих юм сан. Би чинь ямар учиртай хүн юм бэ дээ гэсэн бодол төрөх үү?
- Тэр бодол хаанаас орж ирдэг вэ гэхээр янз янзын нөхдийн шүүмжлэлийн араас бодогдоно. Намайг шударгын туйл гээд л шүүмжилнэ. Үүнээс болоод найз нөхөд ялгарна, хоёр хуваагдана. Шударга байх тусам найз нөхдийн тоо ховорхон. Гэхдээ байгаа хэд нь жинхэнэ найз нөхөд шиг байна. Өөрөө өөрийнхөө эсрэг явж болохгүй. Өөрийнхөө үнэ цэнийн эсрэг явж, дотроо зовж гаднаа жаргаж байхын оронд өөрийнхөө зарчмаар дотооддоо баясалтай гаднаа жаахан бэрхшээлтэй явах нь илүү аз жаргалтай.
- Өөрөөсөө урвана гэдэг хамгийн муухай байх?
- Хамгийн хэцүү. Өөрөөсөө урваж, зовж байхын оронд өөртэйгөө байсан нь дээр гэдэг ийм үндсэн зарчимтай. Хүний уг мөн чанар, дотоод зүйлтэй л холбоотой.
- Хүн болоход төрж өссөн нутаг орон чухал. Гэхдээ аав ээжийн зааж сургасан хүмүүжил гэж бий. Таны аав ээж юу гэж зааж, зөвлөдөг байв?
- Манай аав бол хувьсгалаас өмнө буддизм нэлээд дэлгэрч байх үеийн хүүхэд. Одоо Баянбулагийн хүрээний тав гэж бий. Тэр чинь сүндэрлэж байсан үе. Дөрвөн настайдаа Баянбулагийн хүрээнд шавилсан айлын ганц хүүхэд. Айлын ганц хүүхэд бол элит маягийн юм даа. Тухайн үеийн элитийн зам чинь үндсэндээ лам болох. Аав дөрвөн настайгаасаа эхлээд хар болох үе хүртлээ /хэлмэгдүүлэлтийн үе/ хийдэд суусан. Лам хүн байж байгаад гэв гэнэт хар амьдрал руу ороод мал маллаад эхэлсэн. Гурван лам ах нь баривчлагдсан болохоор орохоос ч аргагүй. Дээрээс нь тэр үеийн бодлогоор залуу лам нарыг хар болгодог байсан юм. Ингээд хар болсон ч гэсэн өмнөх 33 жилийн хугацаанд өөрийнх нь олсон мэдлэг боловсрол, төлөвшил хүмүүжил нийгэмд үйлчилдэггүй юм аа гэхэд гэр бүл дотор байна. Бид орой унтах бүрдээ үлгэр сонсдог. Маш гоё гоё үлгэрүүд одоо хүртэл миний нүдэнд дурайтал харагдаж байна. Төвөд тарниуд их уншиж, цээжилсэн. Аав бүгдийг нь цээжлүүлнэ. Ума хум базар гүри бадма сэди хум гээд л. Бараг бүх тарнийг дөрөв таван настайдаа ганц би ч биш манай гэр бүлийнхэн бүгд сурчихсан байдаг. . Дээрээс нь манай аав манж, санскрит хэлтэй, судар ном их уншдаг хүн байлаа. Ингэж өссөн орчин маань номын замаар явахад хүргэсэн болов уу гэж дотроо эргэцүүлж боддог. Амьтны амь хөнөөж болохгүй, хүн муу хэлж болохгүй, худлаа хэлж болохгүй гэх зэргээр нөгөө таван сахилыг чинь өдөр бүр дагах нь байна шүү дээ. Нэг үг хазгай хэлвэл загнуулна. Худлаа хэлж ерөөсөө болохгүй. Тэгэхээр үнэн л байх хэрэгтэй. Аливаад шүүмжлэлтэй хандаад байна аа гэдэг чинь уг нь ийм байх ёстой шүү дээ гэж л хэлээд байгаа хэрэг л дээ.
- Нэг талаас буддын шашны зөв, зөөлөн байх гэсэн хүмүүжил байна. Нөгөө талаас нь харвал буруу зүйлд дуугүй байж чаддаггүй, зан чанар цухалзаад байна уу?
- Тийм юм бий. Тийм зан манай аавд байсан. Манай ээж намайг “Аав шиг ээ” гэдэг байсан байхгүй юу. Аав шиг ээ гэдэг нь ерөнхийдөө өөрийнхөө бодол дээр хатуу зогсох шинжтэй. Одоо манай найзууд намайг “Шударгын туйл” гэж тоглоомоор хэлдэг. Аав маань нутаг усныхан дотроо үгээ хэлчихдэг л хүн байсан даа, хөөрхий.
- Таныг багадаа их онц сурдаг хүүхэд байсан гэж сонссон. Социализмын үед толгой сайтай хүүхдүүдийг бараг л нутаг усаараа бахархаж ярьдаг байсан бололтой.
- Найман настайдаа сургуулийн дотуур байранд орлоо. Эхлээд ээж аавыгаа их санана. Өдөр нь ч гоё л доо. Гурван удаа хоол идчихнэ, үеийнхэнтэйгээ тоглоод л. Хичээл ном ч айхтар хийгээд байснаа санадаггүй юм. Орой тийшээ болохоор гэр санагдаад, ээж санагдаад нулимс унагаж байсан ч үе бий. Шөнө нь зүүдлээд гэртээ оччихдог байлаа. Би энэ тухай “Дотуур байрныхан донжтой” гэдэг нийтлэлдээ бичсэн байдаг юм. Яагаад дөнгүүр сурж байсан бэ гэхээр багаасаа үлгэр сонсож, тарни их цээжилсэнтэй холбоотой. Цээж сайтай болчихсон болохоор 45 минутын хичээл цаасан дээр биш толгойд бичигдчихдэг байсан юм болов уу гэж боддог юм. Нөмрөгт ирсний дараа манай ангид Дашдоржоос эхлээд мундаг хүүхэд олон байсан. Багш хичээлээ заачихаад за одоо хэн ярих вэ гэхэд босоод л ярьчихдаг байлаа. Ийм хүүхдүүд одоо бүгд том эрдэмтэд болсон байна. Тэр нэг мэдээллийн хомсдолтой үе, дээрээс нь цээжлэх чадвар нөлөөлсөн болов уу. Дараа нь МУИС-ийн Математикийн ангид таван жил онц сурч, 1989 онд их төгссөн. Нэгдүгээр курст орж ирэхэд хотын хүүхдүүд их мундаг байсан. Харин таван жилийн дараа нөгөө хөдөөнөөс ирсэн хүүхэд улаан дипломтой онц төгсөж байхад бусад нь бараагүй л болчихсон байдаг юм. Төгссөний дараа манай ангийн найзууд “Лууяа биднээс бодлого бодох чадвараар тийм айхтар илүү байгаагүй. Гэхдээ онц төгсөж байна. Яагаад гэхээр багаасаа сурах чадвар эзэмшсэн хүүхэд байсан” гэж хэлж байлаа. Одоо эргүүлээд бодоход яг оносон юм шиг санагддаг юм. Нөгөө дөрвөн настайгаасаа үлгэр сонсож, тарни цээжилж эхэлсэн хүүхэд сурах арга барилыг аль хэдийн эзэмшчихсэн. Гэтэл бусдаар хэлүүлж, шаардуулж байж хичээл хийдэг хүүхдүүд тийм чадвар олж чадаагүй байсан байж болно.
- Танд итгэж багшаар үлдээсэн тэр хүмүүс өөрийг тань эрдмийн зам мөрөөсөө хазайхгүй явахад их нөлөөлсөн байх?
- Би сургуулиа төгсчихөөд хөдөө явах гэж байсан хүн шүү дээ. Тэгээд явахаасаа өмнө анги даасан багштайгаа уулзаж, баяртай гэж хэлье гээд ирсэн. Таван жил ангийн дарга хийж байсан хүн усанд хаясан чулуу шиг алга бололтой нь биш. Хүний чанар байна даа. Багштайгаа уулзаад “Билетээ авчихсан. Маргааш Баянтэс явлаа” гэсэн чинь багш “Билетээ буцаана аа. Би чамайг энд оруулна” гээд тэр дор нь Багшийн их сургууль руу явуулсан. Миний өмнөөс ярьчихсан байгаа юм. Хүний төлөө байх гэдэг сайхан чанарыг үлгэрлэсэн. Манай Чимэдцэрэн багшаас эхлээд энэ замыг туулсан бүх багш нар өөрийнхөө төлөө биш, хүний төлөө, шавийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй байлаа. Энэ салбарын төлөө дуугараад байгаа нь үүнтэй бас холбоотой. Багшийн нүдэнд өртөж, багшийн шалгуурыг давж, багш нарынхаа тус дэмээр өдийг хүрсэн. Бусдын төлөө явахгүй гэсэн бодолтой нэг ч багш байхгүй шүү дээ. Чи уншаад өгөөч ээ, гэрийн даалгавраа хийгээч ээ, наад бодлогоо бодоод өгөөч ээ гээд л. Дандаа л тэр оюутан, сурагч, хүүхдийн сайн сайхны төлөө шүү дээ. Багш гэдэг энэ ажил хүний сайн сайхны төлөө мэргэжил гэдгийг миний багш нар ойлгуулсан. Надтай учирсан бүх багш миний л төлөө байсан. Манай 10 жилийн Луж гэж багш байсан. Нэр нь Лувсандорж. Баянтэс сумаас тоо боддог хүүхдүүдийг Нөмрөгт ирэхэд Лужийн шавь нар гэдэг байлаа. Багшаа дурсах сайхан байна. Баянтэсийнхэн багшийн үед тоондоо их сайн байсан. Луж багш намайг, манай ах нарыг олон хүүхдийг тоонд дөртэй болгож, ирээдүйн замыг нь зассан. Олон хүний амьдралыг өөд нь татсан байна даа.
- Багш нарынхаа өгсөн итгэлийг дааж явна гэдэг том ухамсар, хариуцлага юм даа?
- Тийм. Тэрийг дааж явна гэдэг чухал. Би багш нарынхаа итгэлийг алдаад Багшийн сургуулиа хаяад явбал муухай биз дээ. Хүн чанартай холбоотой зүйл байгаа юм. Багшийн ач гэж энэ юм аа гээд зүйрлээд хэлчих зүйл хэцүү. Ээж аав биеийг төрүүлж байна. Багш нар л хүнийг бүтээж байна шүү дээ.
Би өдий зэрэгтэй яваа нь чиний төлөө байна гэж хэлээгүй мөртлөө миний төлөө байсан олон сайхан багш нарын ач юм даа.
- Багш нарын ачаар амьдралын бүх зүйл шулуун дардан байсан гэвэл өрөөсгөл. Та 1989 онд төгссөн гэхээр яг нийгмийн шилжилтийн үе таарч байна л даа. Залуу багшийн амьдрал ямар байв?
- 1988 онд төгссөн хүүхдийг бол яг нөгөө социалист бодлогоор нэг газар хуваарилна. Тэгээд очихоор нь байр гаргаж өгөөд, 300 төгрөг өгнө. Гэтэл бидний үед нөгөө бодлого чинь байхгүй болсон. Би хотод түрээсийн байр олох шаардлагатай болсон. Тэр үед түрээслэх байр байтугай, нийгэм энэ тухай ойлголтгүй байсан. Амаргүй замыг туулж байлаа. 1990 оноос өмнө “64” хөл хөдөлгөөн ихтэй дэлгүүр байсан. Харин 1990 он гараад картын бараанд дугаарладаг болсон. Би харин картын барааны үед картгүй амьдарч байлаа. Тэр үед 64-рүү картгүй хүн ороход давс, талх л байдаг. Талх нь ч бараг байхгүй. Яагаад гэхээр Улаанбаатарт амьдардаг гэсэн тодорхой хаяггүй. Багшийн дээдийн 509 номерт амьдардаг гэлтэй биш. Тэгээд хаяггүй учраас карт олддоггүй. Картгүй хүн өлсөнө. Гэхдээ өглөөний 4-6 цагийн хооронд картгүй хүмүүст талх тараана. Очерлож, очерлож нэгийг л авдаг байлаа. Харин олон жилийн дараа манай сургууль дотуур байртай болоод тэндээ залуу багш нарын өрөө гэж гаргасан. Ингээд цаг үе ч өөр болсон доо.
- Би л гэхэд картын барааны үеийн картгүй хүмүүсийн тухай огт сонсож байгаагүй юм байна.
- Картгүй хүмүүс бол аймшигтай байсан. Багшийн сургуульд ажиллаж байгаа надад карт байхгүй мөртлөө мөнгө нь бол байгаад байгаа юм. Нэг газар хооллодог байсан нь Соёлын төв өргөөний хойд талын ресторан. Очиход тэр үеийн манай алдартай жүжигчид байдаг. Хааяа тэдэнтэй сууж хоол иддэг байсан. Байнга тэнд очоод үнэтэй хоол идээд байж чадахгүй. Өөр ажилладаг хоолны газар байхгүй шүү дээ. Ер нь өлсөж байсан. Тийм амаргүй үе байсан юм даа. Тэр үед зуны амралтаараа ээж дээрээ нэг очиж байгаа юм. Хөдөөний хүүхдүүд чинь нүцгэлээд л сууна. Ээж минь харчихаад их турсан байна гэдэг сэн. Ус уугаад талх идээд яваад байхаар турахаас аргагүй. Өлсөх бас сайн талтай. Өлссөн хүн бол амьдралыг өөрөөр харна. Өөртөө зорилго тавиад ном л их уншина. Хичээлээ бэлдчихээд, англи хэл бие дааж сурна. Сурах гэдэг энэ зүйлтэй л их нөхөрлөсөн дөө. Бас ганц чадах зүйл минь нь ч юм уу даа. Оюутнууд надаас та юу чадах вэ гэхээр нь би сурахыг л чадна гэж наргидаг юм.
- Хүмүүс тэр үед ганзагын наймаанд их явсан гэдэг. Наймаа панз хийгээд өөр тийшээ холбирчих бодол төрж байв уу?
- Би ер нь номоор л амьдарна гэхээс өөр замын амьдрал миний толгойд байгаагүй. Тэр ёстой унаган чанартай холбоотой. Миний үеийнхэн ихэнх нь ганзаганд явсан. Ер нь тунаж үлдсэн шүү, их сургуулийн багш нараас. Манай МУИС-ийн 1989 оны төгсөлтөөс л гэхэд олон хүн ганзагын найманд явсан. Амьдрахын эрхэнд ингээд өөр замыг сонгосон жишээ олон. Яг эрдэм номын мөрөө хөөсөн нь хуруу дарам цөөхөн, нэг хоёрхон л хүн байна.
- Тантай мөр зэрэгцэн төгссөн тэр залуусыг сурсан мэргэжлээрээ ажиллахад нь төрөөс дэмжээд өгсөн бол өнөөдрийн энэ доголдол, асуудал үүсэхгүй ч байсан юм бил үү гэсэн бодол төрж байна.
- Тийм мөрдлөгөд хүрч болно. Тэр үед инженер, математик гээд бүх чиглэлээр бэлтгэгдсэн хүмүүсийн ихэнх нь амьдралын эрхээр өөр зам сонгоод, мэргэжил эзэмшээгүй юм шиг болчихсон. Манай нэг багш ярьдаг юм. 1990-ээд оны эхээр орос руу аспирантурт явах гэж байсан чинь нэг улстөрч таараад түм түжигнэж, бум бужигнаж байхад чинь юун сурах вэ гэж хэлсэн гэдэг. Түүнийхээ горыг өнөөдөр улсаараа амсаж байна. Мэргэжилтэй, мэдлэгтэй хүмүүсээр салбар салбартаа дүүрч байж л энэ улс орон хөгжинө шүү дээ.
- Хувь хүн ч бай, нийгэм ч бай нэг чиг шугамаа алдахгүй явна гэдэг амаргүй. Таны хувьд энэ замыг хэрхэн туулав?
- Тэр үед бүх юм өөрчлөгдсөн. Орос хэлээр шалгалт авдаг, гадаад явуулдаг улс байхгүй болчихлоо. Миний үеийнхэн их, дээд сургуульд багшилж байгаад орос руу аспирантурт явдаг байсан. Гэтэл бүх юм өөр болсон. Гэхдээ би холбироогүй, тууштай явсан. Ардчилал гарсны дараа scholarship-тэтгэлэг гэж англи үгийг анх сонслоо. Тэгээд бие дааж үзэж эхэлсэн. Би гурван жил оройгоор англи хэл сураад японы засгийн газрын тэтгэлгээр сурч байлаа. Японы ард түмэнд баярладаг. Дараа нь Боловсролын яаманд ажилласан. Стандарт хийх ажил ид өрнөж байсан юм. 20 гаруй стандарт, төсөл удирдаж, таван жил ажилаллаа. Нэг удаа интернет шалгаж байсан чинь зөвхөн яамны мэргэжилтэнд хамаатай Австралийн засгийн газрын тэтгэлэг зарлагдсан байна. Тэр тэтгэлэгт тэнцээд 42 насандаа гэр бүлээрээ Австралид очиж, гурван жил сурлаа. Одоо үндсэндээ 30 орчим жил академик амьдралын оргил профессор гэж цолтой болох хүртлээ ажилласан байна. Дотооддоо нэлээд их аз жаргалыг бий болгочихсон “happy” нэгэн л явж байна.
- Таныг аливаад их шүүмжлэлтэй ханддаг болохоор хөмсөг зангидсан хүн байх болов уу гэж төсөөлж байлаа. Гэтэл эсрэгээрээ та өөрийгөө хамгийн аз жаргалтай нэгэн гэж ярилаа. Миний төсөөлөл бурууж байж. Магадгүй таныг олон хүн над шиг буруу дүгнэдэг болов уу?
- Миний бичвэрийг харахаар аймаар юм харагддаг байх.
- Танд туулж өнгөрсөн амьдралдаа харамсах зүйл байдаг уу?
- Бидний үеийнхний хүүхэд нас их сайхан өнгөрсөн. 1990 оноос хойш бүх юм бужигнаж байсан ч зорилгоо тавьж яваад зорьсондоо хүрлээ. Надад гомдол байхгүй, харин ч баясалтай байна.
Монголд аз жаргалтай хүн байна гэвэл түүнийг нэг нь би өөрийгөө гэж боддог. Би дотоодын аз жаргалдаа хүрсэн гэж хүмүүст хэлдэг юм.
- Хүмүүс таныг аливаад шүүмжлэлтэй хандахаар өөрийнхөө төлөө яваад байна гэж хардаг байж болох юм. Таны ярианаас бусдын төлөө үүнийг хийдэг гэж ойлголоо. Зөв үү?
- Гол юм нь тэр. Энэ ийм болчихоосой гэдэг байдлаар л хэлж, бичдэг. Жишээ нь, мухар сүсгээр их явбал ерөөсөө л уруудах шинжтэй. Ийм учраас мэдлэг, технологийг хэрэглээд өгөөч ээ гэж хэлдэг. Бас бусад бүх салбар дээр мэргэжлийн хүмүүс нь үүнийхөө төлөө дуугараач ээ. Энэ улс орон мэдлэг, чадвар, технологиор л хөгжинө. Би үнэндээ айхтар шүүмжлэгч биш. Бүхнийг мэддэг, зөв зам заадаг нь ч биш. Ерөнхийдөө энэ мэдлэгээр явбал бидний амьдрал, улс орон чинь зөв болно шүү л гэж хэлдэг юм. Мэдлэг, технологи хэрэглэхгүй болохоор л буруу болчихож байгаа юм.
- Та 2011 оноос хойш блог хөтөлж, нийтлэл бичсэн байна. Бас дурсамж, шүлэг бичжээ. Яагаад бичих болов?
- Тэр их сонин. Би 18 нас хүртлээ хөдөө сумандаа байсан байна. Тэгээд дараагийн 40-өөд жил нь багшийн дээд, 11-р хорооллын орчимд өнгөрчихөж. Сүүлд Шарга морьтод зуслантай боллоо. Гэтэл яг эргээд хүүхэд насандаа очсон байхгүй юу. Нөгөө Завхан аймгийн Баянтэс сум, Тэсийн гол, уул ус харагдаж, миний хүүхэд насны Лувсандоржийг аваад ирсэн. Шарга морьтод маш дуртай. Тэнд очихоор сэтгэл санаа сэргээдэг энэ байдал нь намайг дотор байгаа юм аа гаргахад л хүргэж байгаа юм. Ганц хоёр юм бичиж байгаа нь Шарга морьтын үр дүн. Хүүхэд насны минь үр дүн.
- Төрөлхийн авьяас мэдрэмж байна уу?
- /Нэг их чангаар инээв./ Тэрийг бол мэдэхгүй. Манай Шарга морьтын байгаль бол очсон хүн бүрд юм бодогдуулахаар тийм л сайхан газар. Байгаль дэлхий, уул усаа харахаар их юм бодогдоно. Тэр бодогдсон жаахан жаахан зүйлүүдээ буулгадаг юм. Цас будраад манан будан буусан үед манай эхнэр “чиний дуртай мөч” гэдэг юм. Тэр бол яг л хөдөөний ахуй. Цас малгайлсан нам гүм үед уул руу явчихна. Бороо шивэрч байвал сайхан нэвт норсон ч хамаагүй гараад мод руу алхдаг. Манан буусан нэвсийсэн цагаан далайд хоньтойгоо, морьтойгоо ижилсчихсэн яваа ийм мөчтэй ойрхон. Зуслантай болсноос хойш ийм мөчүүд эргэж ирсэн. Түүнээс хойш дотор байгаа юм аа гаргах гэж оролдож байна. Түүнээс биш айхтар мэргэжлийн уран зохиолын түвшний юм биш. Уран зохиол бол агуу том салбар юм байна лээ.
- Хэл, уран зохиолын багш найзуудаасаа математикийн ангийхан бичихдээ сайн гэж сонсож байсан юм. Математик сэтгэлгээ утга, уран зохиолын төрлийн бичвэр бичихэд нөлөөлдөг юм болов уу?
- Математикийг ерөнхийдөө энгийнээр хэлбэл хүнийг боддог, сэтгэдэг юманд л сургаад байгаа юм. Бодох нь байна шүү дээ. Бодох сэтгэх дасгал хийгээд байгаа гэсэн л утгатай. Хүмүүсээ бодож сэтгэдэг болгохын тулд 12 жил математик зааж байна. Дээр нь математик хэл юм байхгүй юу. Монгол хэл 35 үсэгтэй, Англи хэл 26 тэмдэгттэй байдаг шиг математик бол хэл. Грек, латин цагаан толгой, арабын хэдэн тоо, тэмдэгтээр өөрийгөө илэрхийлэх гээд байгаа юм. Манай математийнхан өөрийгөө илэрхийлэх талдаа ойрхон байна гэвэл хэлээрээ л ижилсэнэ. Математикаар юм бичвэл энгийн ойлгомжтой бичих ёстой. Тэгэхээр монгол хэлээр ч гэсэн тиймэрхүү бичиж таарна.
- Цаашдаа хийхээр зорьж буй зүйл юу байна вэ?
- Би инээдэмтэй ч гэх юм уу нэг юм хийлээ. Манай улс орныг удирдахад улс төрийн нам шиг хэрэггүй юм алга гээд байдаг. Тэгвэл нам байхгүй ямар улс байдаг вэ гэхээр хаант засаг л байна. Бид чинь 1924 онд хаант засгаасаа салчихсан учраас буцаж болохгүй. Нам байх хэрэгтэй. Намгүйгээр улс орон хөгжихгүй. Харин нам сайхан төлөвших ёстой. Намын төлөвшлөөс миний амьдрал, таны амьдрал, өнөөдөр төрж байгаа хүүхдийн амьдрал хамаарах гээд байна. Нам шиг нам байхаас улс орны амьдрал хамаарна. Би Монголын төв нам гэдгийг байгуулах гэж таван удаа 800 хүний гарын үсэг цуглуулж, дээд шүүхээр оруулаад таван удаа буцлаа.
- Яагаад буцаасан юм бэ?
- Яагаад буцаасан юм бэ? гэсэн асуултыг тавьж болохгүй. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх учраас тийм асуулт тавьж болохгүй. Хариулахгүй байж болно. Зүгээр яагаад вэ гэсэн асуултыг тавихаар бичиг ирүүлдэг юм. Тэр тайлбар дотор нь 800 хүний нэг рүү нь утасдахад би гарын үсэг зураагүй гэж хэлсэн шүү дээ гэсэн ийм л үндэслэл байдаг. Тэгэхээр улс төрийн намуудыг бүртгэхийг нь бүртгэж болно. Бүртгэхгүйг нь бүртгэхгүй байх боломжтой болчихоод байна. Магадгүй Ц.Лувсандоржийн нам Монгол төв нам гээд байгаа юм биш үү. Наадах чинь эмч төвд нь байдаг, багш төвд нь байдаг, төрийн албан хаагч төвд нь байдаг ийм улс төрийн хүчин гарч ирэх гээд байна гэж боддог байж магадгүй. Багш нар, эмч нар, сэхээтнүүд төвөөсөө шахагдчихсан байхгүй юу. Төвлөрчихвөл гараад ирж мэднэ гэж айдаг байх. Ийм таамаг байж болох байхгүй юу. Таван удаа өгөхөд, таван удаа буцаасан. Монголын төв намыг дахин бүртгэсэнгүй гэсэн ийм л юм телевизийн мэдээний доогуур их явдаг юм. /инээв/ Үүнийгээ зургаа дахь удаагаа оруулна гэсэн бодолтой л явж байна.
- Ярилцсанд баярлалаа.