Хотын зурвас: “Цөвүүн цаг” кино бус бидний туулсан амьдрал
Хотын зурвас: “Цөвүүн цаг” кино бус бидний туулсан амьдрал

Гэрэл зургийг "Цөвүүн цаг" киноны постероос ашиглав.

Таван жилийн өмнө Ирландын тэнгисийн зах хязгааргүй их усыг ширтэн жижиг модон гүүр дээр зогсож байхдаа Л.Ширчин зохиолчийн “Зэрэглээн дунд тэмээ торолзоно” баримтат өгүүллэгийг анх сонсож байж билээ.

Үүнээс хойш нэг сайхан юм сонсоод алхмаар санагдсан үедээ юүтүүбээс тоглуулдаг болсон. Сонсох бүрд буурайгийн бор ингэний урд бөхөнд шээзгийтэй хүүхэд зүүлттэй, Төгрөгийн говийн нэгэн худгийг зүглэн зэрэглээ дунд сүүмэлзэж нэг, тодорч нэг торолзсоор наашилж байх шиг төсөөлөгддөг юм. 

Зэрэглээг их ус гэж төсөөлдөг, давхиад очиход цэнхэртсэн том нуур байгаасай гэж хүсдэг говийн балчир охин мяралзан тунарах тэнгисийн хажууд амьдарч цийлэлзэн шаргалтах говио санаж явахдаа олж сонссон болохоор ч тэр биз.

“Цөвүүн цаг” киног эл баримтат өгүүллэгээс сэдэвлэн бүтээснийг, ажлын нэр нь “Зэрэглээнд торолзох ингэ” гэсэн байсан зэргийг киноны найруулагч, зохиолыг нь бичсэн гавьяат жүжигчин О.Бат-Өлзий ярьсныг сонсчхоод үзсэн тул тэр мөчийг хүлээн далдхан догдолж байлаа. Гэтэл театр дүүрэн үзэгчдийг яг л тэнд аваачив. Театрын өргөн дэлгэц, хөгжим хоёроор дамжин бид говь, худгийн асгар, бударгана үнэртүүлэн уруул, завжаа сэгсэрч ус цацруулах тэмээдийн хажууд очиж, нулимс нь мэлтрэн зэрэглээ зүсэн алхаж ирэх ингэний бөхнөөс шээзгийтэй нялх хүүг буулгаж үзээд сая нэг амьсгаа авлаа. Чийгтсэн нүдээ арчаад “Цөвүүн цаг”-аас эргэж ирэв, театраараа.

Ураг удмын өвөг дээдэс минь энэ л цөвүүн цагийн эрхэнд үрэгдэж, үйлдсэн гэмгүй атлаа хэлмэгдэн хороогдсон түүхтэй. Энэ цагийн хэллэгээр хэлмэгдэгсдийн үр хойч болсон над мэт олон хүн тэр цагийг кино дэлгэцээс шархирч, шимширч үзсэн болов уу. Хийдэд шавилан сууж байгаад цөвүүн цагийн эрхээр хар болсон номтой лам хүн буюу нагац өвгөөс миний нэрийг авсан гэдэг. Тэр цагт “ногоон малгайтан”-д буудуулчхалгүй үлдсэн тэр хүн монгол оронд ардчилсан хувьсгал иртэл амьд сэрүүн явжээ. Сэтгэл зүрхэндээ юу тээж, ямар их зүйл хадгалж явсан бол гэж бодохоос халгам боловч сонин санагддаг юм, одоо.

Миний таних хамгийн өндөр настан, миний мэдэхээр хамгийн их түүх ярьж чадах хүн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Их-Ус” багийн малчин Д.Ишцоодол гуай.

Нас сүүдэр 100 хүрсэн тэрбээр 10 гаруйхан настай жаахан охин байхдаа хонио хариулж яваад Баянгийн жасыг шатааж байсныг харсан тухайгаа хуучилж билээ.

Тэр бол Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Төгрөгийн говьд байгаад их хэлмэгдүүлэлтийн үе цөвүүн цагийн нөлөөгөөр шатаагдаж, устгагдсан Баянгийн жасын тухай яриа юм. Энэ нутгийн Уушгийн рашаан дахь Дарь-Эхийн жас ч мөн ижил түүхийг туулж, устгагдаж, сүйрүүлсэн 700 гаруй сүм, хийдийн жагсаалтад багтсан.

Оюун санааны тусгаар тогтнол, итгэл үнэмшил, амьдралын утга учраа харийн заавартай элэг нэгтэндээ самруулсан цөвүүн цагийн үнэн түүхийг залуус бид мэдэх ёстой.

Ой санамжаа устгуулсан зохиомол түүхээр хүмүүжсэн дээд үеийнхэн, “монголчууд зовж үзээгүй” гэж худал мэдэмхийрдэг зарим хийрхэгч, өнөөдрийн эрх чөлөөндөө бардан жаргалдаа ташуурч яваа залуус заавал үзээсэй. Үзэгчдэд захья, “Цөвүүн цаг”-ийг “муу, сайн эсвэл муухай дуусдаг ...” энэ тэр гэдэг кино бус бидний улс гэрийн, өвөг дээдсийн минь туулсан амьдрал хэмээн бодож үзээрэй. Бас бид одоо ямар цагт амьдарч байна вэ? гэж эргэцүүлээрэй.

Туулсан түүхээ магадгүй хэзээ ч эргүүлж уншихгүй, эргэж харахгүй ирээдүйн аав ээж, өвөө эмээ болох залууст өнгөрсөн цагийг энэ үеийн кино дэлгэцэнд авч ирж харуулсан уран бүтээлчдэд талархаж байна.