03 сарын 26, 2025
Нүүрсний экспорт 1.9 саяд хүрсэн нь орлого өсөхөд нөлөөлөв
Нүүрсний экспорт 1.9 саяд хүрсэн нь орлого өсөхөд нөлөөлөв

Нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар өсжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа.

Нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу энэ оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өссөн байна.

Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэв. Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлсөн аж. 

Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая доллароор өсөж, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд хүрчээ. 

Б.Лувсанпэрэнлэй