1. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдэд 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.
2. Нэгж хувьцааны үнэ 108 төгрөг бөгөөд хувьцаа эзэмшигч өөрийн дансанд байгаа хувьцааныхаа тооноос хамаарч дансандаа хүлээн авах мөнгөн дүн өөр өөр байна. Хувьцаа эзэмшигчийн 1072 хувьцаа дансандаа байгаа тохиолдолд ногдол ашгийг бүрэн хүлээн авах юм.
3. Хувьцаа эзэмшигч иргэд ногдол ашгаа өмнө нь брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансаараа авна. Харин шинээр хувьцаа эзэмшигч болсон хүүхдүүд хүүхдийн мөнгөний дансаараа дамжуулан ногдол ашгаа авахаар зохицуулжээ.
4. 2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарсан байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу ногдол ашгийг хувьцаа эзэмшигч бүрд олгоно гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
5. “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгохоор болжээ.
6. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргажээ. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж буй юм байна.
7. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн бөгөөд 1072 хувьцааны дансаа нээлгэж амжаагүй хүүхдүүд харьяа сум, аймаг, дүүргийнхээ холбогдох мэргэжилтэнтэй холбогдож мэдээлэл авч, данс нээлгэх боломжтой.
8. Хувьцаа эзэмшигч өөрийн данс дахь хувьцааны тоогоо мэдэх, данстай эсэхээ мэдэхийн тулд https://1072.ett.mn/mn/check сайтад нэвтэрч регистрийн дугаараа оруулснаар тодорхой мэдээллийг авч болно. Мөн 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулах боломжтой бөгөөд ярианы төлбөр энгийн тарифаар бодогдох юм байна. Түүнчлэн өөрийн регистрийн дугаараа 158989 дугаарт латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох аж.