03 сарын 21, 2025
“700 орчим хүн тархины үхэлтэй донор хүлээж, 3000 өвчтөн бөөрний дутагдлын эмчилгээнд орж байна”
“700 орчим хүн тархины үхэлтэй донор хүлээж, 3000 өвчтөн бөөрний дутагдлын эмчилгээнд орж байна”

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилүүлэн суулгах үндэсний багаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилүүлэн суулгах үндэсний багаас өнөөдөр /2025.03.21/ хэвлэлийн бага хурал хийлээ. Хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Батчулуун гэмт хэрэгт буруутгагдсан хоригдсоноос хойш тархины үхэлтэйлгах мэс засал зогсоод байгаа юм.  

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч М.Эрдэнэсайхан “Бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнд бөөр орлуулах, цус нөхөх эмчилгээнд өнгөрсөн онд Монгол Улс 21 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Насны ангиллаар авч үзвэл, 0-19 насныхан 49 байгаа бол 20-44 насны 832 хүн, 45-64 насны 1481 хүн, 65-74 насны 457 хүн, 74-өөс дээш насны 169 хүнд диализын аппаратаар эмчилгээ хийлгэж, хамааралтай амьдарч байна. Харамсалтай нь өнгөрсөн оны байдлаар бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд орсон 607 хүн байна. 167 хүн эмчлүүлж байхдаа нас баржээ. Жил бүр 50 мэс заслыг төрөөс дааж, үнэ төлбөргүйгээр бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг. Төр засгаас биднийг дэмжиж, Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төвийг байгуулахаар барилгын ажил нь үргэлжилж байна. Одоо бид гуравхан орны эргэлтэд тааруулж, нэг сард зургаан хүнд мэс засал хийх боломжтой ажилладаг. Дархлаа дарангуйлах эмэнд нэг сард 150-200 сая орчим төгрөг зарцуулдаг бол бөөрний цус шүүх эмчилгээнд 1.9 тэрбум төгрөгийн зарцуулж байна. Үндэсний баг байгуулагдсан цагаас хойш анхны тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2008 онд хийж байсан” гэж ярилаа.  

Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 2008 онд хоёр удаа, 2009 онд хоёр удаа, 2010 онд хоёр, 2012 онд хоёр, 2018 онд хоёр, 2019 онд 11 хүнд, 2020 онд зургаа, 2021 онд найм, 2022 онд дөрөв, 2023 онд дөрөв, 2024 онд 10 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.. Тархины үхэлтэй донороос 57 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. 

Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгуулсан 318, гадаадад бөөр шилжүүлэн суулгуулсан 184 хүн  эмнэлэгийн хяналтад буй юм байна. 

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч Д.Нямсүрэн “Бид 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслын оролдлого хийсэн ч амжилтгүй болж, 10 жил боловсон хүчин, багаж тоног төхөөрөмж, лабораториа бэлдсэнээр 2006 оноос энэ мэс заслыг амжилттай хийж эхэлсэн. Өнөөдөр 400 дэх мэс заслаа хийх гэж байгаа бөгөөд тархины үхэлтэй донор хүлээж байгаа 700 орчим хүн байгаа бол бөөрний дутагдлын эмчилгээнд 3000 хүн орж байна” гэлээ. 

Б.Лувсанпэрэнлэй