Улаанбурхан өвчний 18 дахь тохиолдол бүртгэгджээ
Нийслэлд улаанбурхан өвчний нийт 14 тохиолдол батлагдаад байсан. Тэгвэл өчигдөр шөнө нэг тохиолдол лабораториор батлагдаж 15, Өмнөговь аймгаас 12 сорьц хүлээж авснаас гурав нь батлагдаж нийт 18 тохиолдол бүртгэгдсэн тухай өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Батлагдсан тохиолдлууд вакцины хоёрдугаар тунгаа хийлгээгүй хүүхдүүд байгаа аж. Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхээ Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээсээ харж, лавлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Улаанбурхан өвчний хавьтал болсон, халуурсан тууралт өгсөн бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд үзлэг, вакцинд хамрагдахыг анхаарууллаа.
Б.Туяамарал