01 сарын 31, 2024
Г.Эрдэнэбат: Бид зогсоо зайгүй хэрэлдэж байна
Г.Эрдэнэбат: Бид зогсоо зайгүй хэрэлдэж байна

“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб” энэ удаагийн өглөөний уулзалтаа /2024.01.30/ “Democracy transformation” сэдвээр зохион байгууллаа. Уулзалтад оролцож, илтгэл тавьсан Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатын хэлсэн үгнээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Хуулийн дагуу гэх нэрийн дор хүний эрх зөрчиж, хязгаарлаж, баривчилж, хорьж, шийтгэж байна. Тэгш эрх, ардчилал, чөлөөт нийгэм, сайн сайхан амьдрал гээд байгаа юм хаана ч алга.

  2. Бид их гоё гоё хууль бичсэн. Гэвч хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийнхээ “толгойг” нь өөрчлөөгүй. Цагдаа нь хүний эрхийг хамгаалсан хуулийг социализмын үеийн арга барилаар буруу ойлгож, хэрэгжүүлдэг. erka_2
      
  3. Бид хуулийн засаглалтай болох гэж явсан ч эцэст нь цагдаагийн, даргын улс болсон. Өнөөдөр байдал маш хэцүү байна. Хуульд юу гэж байх нь хамаагүй, дарга яаж хий гэснээр хийдэг болсон. Бид ийм нийгэм хүсээгүй

  4. Улс, үндэстэн бүхэн өөрийн гэсэн өв соёл, уламжлалтай. Барууны улс орнуудад хувь хүний эрх чөлөөнд суурилсан үзэл хүчтэй байдаг бол Азид хамтач үзэл, ах дүүгийн ёс, үүрэг хариуцлага гэх мэт зүйлүүд чухал. Бид Монгол үндэстнийхээ онцлогийг харгалзахгүйгээр барууны соёлыг хуулбарласан нь зөрчил үүсгэж байна.
  5. Манайд дэлхийн ардчилал болон хүний эрхийн төлөө ажилладаг бүх институц байдаг ч бүгд хүний эрхийн төлөө ажиллаж чадахгүй байна. Үүнийг дүр эсгэсэн ардчилал гээд байгаа юм.

  6. Хувийн өмчийг баталгаажуулж, хамгаалахын тулд өмч хувьчлалыг хийсэн. Гэтэл одоо Монгол Улсын бүх баялгийн 90 хувь нь төрд байна. Бүгд төрийн өмчийн үйлдвэрийн газарт буцаад оччихсон. erka_3
     
  7. Гажуудсан ардчилал нийгмийг тэр чигээр нь хоёр талцуулдаг. Манайх бүх юм “окey” байна гэж магтдаг, бүх юм болохгүй байна гэж шүүмжилдэг хоёр тал болсон. Бид зогсоо зайгүй хэрэлдэж байна. erka_1 

  8. Хүмүүс бүх түвшинд бие биенээ хүлээн зөвшөөрөхөө больчихсон. Бие биенээ хүлээн зөвшөөрөхгүйгээр хөгжих боломжгүй.
  9. Ардчилал гажуудахаар улсын нэр хүнд уначихдаг юм байна. Монгол улс хоёр хөршдөө дандаа худал хэлдэг, бодлого нь өөрчлөгддөг, хулхиддаг гэх нэртэй болсон.
  10. Бид байгаа байдлаа хүлээн зөвшөөрөөд засаж, залруулахгүй бол тогтолцооны гажуудал биднийг улам бүр дордуулж, сүйд хийж магадгүй байна. Энэ тогтолцоогоо сууриар нь засаж, зан үйл, хандлага, арга барилаас нь эхэлж засахгүй бол болохгүй.