Энэ бол хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр хэмээх нэртэй улаанбаатарчуудад орчин үеийн сонсогдож мэдэх боловч хөгжилд хүрсэн, мэдлэг мэдээлэлтэй улсуудад бол хоцрогдсон, хортой, хохиролтой зүйл юм.
Утаа гэдэг үгийг улиг болтол хэлэлцэж, утааны улмаас хордож, угаартаж, үхсэн гэх мэдээнд сэрд хийхээ ч больж байна, улаанбаатарчууд. Зөвхөн цаасан дээр цоохорлогдож, нийтэд мэдэгдсэнээр долоохон жилийн хугацаанд 779 хүний амь авч одсон угаарын хий бол энэ хотынхны хамгийн аймшигтай дайсан. Харамсалтай нь хөнөөлт дайснаа хэрхэн дарахыг мэдэхгүй мэнэрч суудаг өрөвдөлтэй хүмүүс билээ. Заримдаа тэд нүүрс төрөгчийн дутуу ислээр утаж устгадаг нацистуудын сэдсэн “хийн амбаар” /gas chamber/ руу туугдаж яваа эрх чөлөөгүй хохирогчид шиг санагдана.
Гэвч онгорхойн дотор уужуу тул хаврыг хүлээн санаа алдаад урьдынхаараа л Цагаан сар, урт амралт, үргэлжлэн тэмдэглэх баяр ёслолуудаа ярьсаар.
Угаарын хийнээс ч дутуугүй устгах чадалтай аюул занал дөтлөн ирж байгааг анзаарсан үгүй нь үл мэдэгдэнэ.
Тиймээс энд Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлага юу төлөвлөж, сэдэж, ярьж байгааг, яагаад монголд, нийслэлчүүдэд хортой, хохиролтойг, мөн Улаанбаатар хот хог хаягдлын асуудлаа шийдвэрлэхэд ямар шийдэл гарц хайвал зохистойг бичье. Уншигч та анхааралтай, тунгаамжтай уншина уу.
Мэдээ-1
2025.01.02. Эх сурвалж: mongolia.gov.mn вэб сайт. Монгол Улсын Засгийн газрын тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал: Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашгийг судалж, хэрэгжүүлэх.
Мэдээ-2
2024.11.15. Эх сурвалж: ulaanbaatar.mn вэб сайт. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй томоохон 12 төсөл, арга хэмжээний нэг: Хог шатаах 20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Мэдээ-3
2024.09.28. Эх сурвалж: ulaanbaatar.mn вэб сайт. Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээс гадна Нарангийн энгэрийн буюу Улаанчулуутын хогийн цэгт хий шатаах байгууламж барих төслийг Солонгос улстай хамтран хэрэгжүүлэх талаар нийслэлээс хэлэлцээр хийж байна.
Хог хаягдал бол хэнд ч хэрэггүй зүйл тул газарт булшилснаас зууханд шатааж эрчим хүч гаргаж авъя гэдэг санааг 1874 онд англичууд бодож олжээ. 151 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд мянга мянган хог шатаах үйлдвэр байгуулж, үйл ажиллагааг нь зогсоож, алдагдалд орж янз бүрийн л зам туулж ирж. Харин сүүлийн жилүүдэд дэлхий даяар хог хаягдлын олон мянга судалгаа хийж, хог хаягдал шатаах үйлдвэрүүдийн нууц, далд үйлдэл, сөрөг нөлөөллийг ил болгосноор улс төрч, шийдвэр гаргагчид нь гэхээс илүү мэдлэгжсэн иргэдтэй улс орнууд үүнээс татгалзах нь эрчимжлээ.
Учир нь хог хаягдал шатааж буй үйлдвэрийн яндангаас ялгарах химийн хорт нэгдлийн хүний эрүүл мэнд, амь нас болон байгаль орчинд үзүүлэх хөнөөлийг тэд мэдсэн болохоор тэр. Тэрчлэн дэлхий нийтээрээ тэмүүлж буй тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль хамгаалах үйлс, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой “Тэг хог хаягдлын зарчим”-ыг биелүүлэхэд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлд хор хөнөөл таригч нь хог хаягдал шатааж эрчим хүч гаргаж авах үйлдвэр гэдгийг судлаачид онцолжээ.
Яагаад хоцрогдсон, хортой, хохиролтой вэ?
Өндөр хөгжилтэй гэж дүгнэдэг, даган дуурайдаг Европын холбооны улсууд, дандаа аз жаргалтайгаар төсөөлөгддөг Скадиновын орнууд хог хаягдал шатааж эрчим хүч үйлдвэрлэхдээ хэрхэн бүтэлгүйтсэн тухай, “хог импортолдог” гэдэг тодотголтой Швед улсын бодит төрх юу вэ гэдгийг энд жишээлнэ. Битгий гайхаарай.
Хог хаягдал шатаах байгууламжаас ялгардаг хамгийн аюултай бодис бол диоксин. Хүний эрүүл мэнд болон экосистемд нэн хөнөөлтэй. Диоксин нь эсийн тунгалгийн тогтолцооны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, ходоод, элэг, бүдүүн гэдэс болон бусад хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг өдөөж хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг нь зургаан төрлийн судалгаагаар нотлогджээ. Эдгээр судалгааны дунд Андреа Ранзи нарын итали эрдэмтдийн хийсэн “Хог хаягдал шатаах зуухны ойролцоо амьдардаг хүмүүсийн нас баралт, өвчлөл: өртөлтийн үнэлгээний загварт суурилсан когортын судалгаа” багтсан нь бодит нотлох баримт юм.
Диоксиноос гадна хүлэмжийн хий, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын исэл болон бусад хүчиллэг хий (SOx, HCl), металл (кадми, хар тугалга, мөнгөн ус, хүнцэл, хром), полихлорт бифенил, бромжуулсан полиаромат нүүрсустөрөгч (PAHS) зэрэг тун аюултай бодис ялгардаг. Ийм бодис хүнийг хордуулж дутуу төрөлт, амьсгал давчдах, толгой өвдөх, ходоод өвдөх, ядрах, тоосонцортой холбоотой ураг зулбах эрсдэлд хүргэдгийг мөн л шинжлэх ухаанаар тогтоожээ.
Жишээ-1.
Нидерланд, Дани, Испани зэрэг улсын хог хаягдал шатаах үйлдвэрүүд диоксины хэмжээг хянахгүйгээр худал мэдээлж байгаль орчин хариуцсан алба болон иргэдийг залилдаг байсан нь илэрч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Португалийн аялал жуулчлалын төв Майдера мужид хатуу хог хаягдал шатаах байгууламжийн шууд нөлөөгөөр хог хаягдлын дахин боловсруулалт багасаж 10-хан хувь болсны дээр байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллахад шаардлагатай хэмжээний хог хаягдал байхгүй байсан учир санхүүгийн алдагдал хүлээхгүйн тулд органик хаягдлаа дахин боловсруулахаа больж шатааж эхэлжээ. Буруу замаар будаа тээхийн үлгэр.
Жишээ-2.
Данийн Копенхаген хот дахь Амагер Баккер нэртэй хог шатаах байгууламж 500 сая еврогийн өртөгтэй ч хангалттай хог хаягдал цугларахгүй байгаагаас алдагдал хүлээх нь тодорхой болжээ. Хог хаягдал шатаах үйлдвэрийн алдагдлыг үүрэгчид нь татвар төлөгчид болно. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа хүртэл түүж шатаагаад хэзээ ч үл цадах мангас мэт аварга байгууламжийн амыг дүүргэж, алдагдлаас зайлсхийн, нийтийн эсэргүүцлээс сэргийлэхийн тулд хог импортлохоор төлөвлөжээ. Даничууд гаргасан гэхэд даанч ядмагхан шийдвэр.
Жишээ-3.
Швед улс ахуйн хог хаягдлаа 100 хувь дахин боловсруулсан учраас импортын хог авч буй юм биш. Хог хаягдал шатаах мангас мэт үйлдвэр ажиллаж, хэсэгхэн л зогсоовол хэцүүдэх учраас тэр юм. Байгаль хамгаалах агентлагийнх нь мэдээлснээр шатаах байгууламжууд нэг мегаватт эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрс шатаахаас 33 хувиар илүү CO2 ялгаруулдаг гэж тогтвортой байдлын “Treehugger” сайтаас бэлтгэсэн “Үгүй ээ, Швед хог хаягдлынхаа 99 хувийг дахин боловсруулдаггүй” өгүүлэлд бичжээ. Олон жил гүрийсний эцэст үнэнд гүйцэгдсэн тэд өөрсдийн буруу зүйл хийж байснаа ойлгож энэ хортой аргаа өөрчлөх гарц хайхаар шийджээ.
Гэтэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024.09.28-нд “2026 оноос хог хаягдлыг булж устгахгүй, шатааж эрчим хүч гаргаж авна. Булж устгах арга бол байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Европын томоохон улсууд энэ аргаас хэдийн татгалзаад байна. Тиймээс улаанбаатарчууд 2026 оноос эхлээд газарт хогоо булахгүй” гэж ярьсныг хотын захиргааны албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.
Нийслэлийн Засаг даргын жишээлсэн Европын орнууд нь хог хаягдлыг булж устгадаг аргаасаа аль хэдийн татгалзсан төдийгүй шинэ зүйл, шийдэл мэт ярьж буй хог хаягдал шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 100 гаруй жилийн турш ашиглаж, туршиж хор хөнөөл, аюул заналыг нь мэдэрч, мэдсэний эцэст дахиад татгалзаж байгааг дээр жишээлсэн судалгааны баримтууд нотолж байна.
Тэгвэл ямар шийдэл, гарц хайх вэ?
Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр нэг жилийн хугацаанд улаанбаатарчуудын “үйлдвэрлэсэн” 400 мянган тонн хог хаягдлыг гурван төвлөрсөн хогийн цэгт булж устгадаг. Энэ нь байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлээд, үлдэгдэл үнс, нурмаар барилгын материал, явган замын хавтан хийж хот тохижилтод нийлүүлнэ. Үүний тулд Цагаан даваа болон Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүр нь 24 мегаваттын эрчим хүч гаргах чадалтай хог шатаах үйлдвэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм гэнэ.
Түүнд болон зөвлөж, судалгаа хийж буй хүмүүст нь нийслэлчүүдийн өмнөөс тавих гурван бүлэг асуулт байна.
Асуулт-1.
-Хог хаягдлыг булшлах эсвэл шатаах үйлдвэр байгуулж ажиллуулахын аль аль нь хүний эрүүл мэнд болон байгальд орчинд хор хөнөөлтэй. Өндөр хяналт, тусгай технологийн дагуу хийж чадахгүй бол хүн, байгалийг устгах хор болно гэдгийг мэдсэн үү?
-Хог булшлах стандартаа ч мөрдүүлж чадахгүй байгаа төр, бүхнийг монголчлох сэтгэлгээтэй хүмүүсийн зорилго нэг цэгт огтлолцож хог хаягдал шатаах үйлдвэр ажиллуулж хүчрэх үү? Хууль нь чанд, хөгжил нь хэтийдсэн улс орнууд хяналтаа алдаж хаширсан байна шүү дээ, цаана чинь.
Асуулт-2.
-Ингэхээр юу гэсэн үг вэ гэвэл, хог шатаах арга нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хамгийн өндөр өртөгтэй аргуудын нэг. Шатаах зуухны олон улсын холбоо (Global Alliance for Incinerator Alternatives/GAIA)-оос хийсэн судалгааны үндсэн дээр хог хаягдал шатаах зуухаар үйлдвэрлэж буй нэг нэгж эрчим хүч нь нарны болон хуурай газрын салхины эрчим хүчнээс дөрөв дахин, байгалийн хийнээс хоёр дахин, нүүрснээс 25 хувиар илүү зардалтай байдгийг тогтоосон. Үүнийг олж уншсан болов уу?
Асуулт-3.
-Хог шатаах үйлдвэрийн зуухнаас үлдсэн үнсээр барилгын материал, явган замын хавтан хийж хотоо тохижуулна гэж төсөөлж. Гэтэл хог шатаах байгууламжаас гарсан үнсийг хогийн цэгт хаяхад салхиар тархаж, хүрээлэн буй орчинд нөлөөлнө. Хорт бодисууд нь байгууламжийн утаанд шууд хордож буй ажилчид, ойр орчмын оршин суугчдын эрүүл мэндэд эрсдэл учруулж, салхи, усаар дамжин байгаль орчинд тархана. Диоксин, фуран гэх мэт бохирдуулагчид "аюулгүй хэмжээ" гэж байдаггүй. Био хуримтлал үүсгэдэг буюу хоол хүнсний гинжин холбоонд нэвтэрч хуримтлагдах чадалтай. Үе удам, ирээдүй хойчдоо аймшигтайгаар заналхийлж буй үйлдэл биш гэж үү? Эрдэмтдийн тогтоосон энэ дүнтэй танилцсан, уншсан болов уу?
-Хэрхэн хоргүйжүүлж хот тохижилтын материал үйлдвэрлэхээр төсөөлж, төлөвлөж байна вэ? Боломжтой гэж үү?
Эдгээр асуултад хариулах, шинэ хэмээн төөрч буй санаачилгыг нь хуучирсан гээд шударга хэлж чадах, нийгэм, эдийн засаг, байгаль орчин хамгийн гол нь хүнд хэрхэн нөлөөлөх тооцоо судалгааг үнэн бодитоор хийсэн, хүнд, байгальд хөнөөл багатай шийдэл санал болгох чадвартай шинжлэх ухаанч нэгэн байгаа гэдэгт найдъя.
Европын холбоо, Азийн олон улс орон хог хаягдал шатааж эрчим хүч үйлдвэрлэхээс татгалзаж Тэг хог хаягдлын зарчим, тогтвортой санхүү буюу таксономи хэмээх одоогоор хүмүүсийн нээгээд буй нэн шинэ шийдэлд тэмүүлж байна. Басхүү эх дэлхий, хүн төрөлхтний өмнө хүлээсэн олон улсын гэрээ, хэлэлцээр, үүрэг амлалтаа ч мартахгүй байх юм.
Испанийн Понтеведра, Гипузкоа муж, Румын улсын Саласеа, Бельгийн Брюгес, Францын Безансон, Рубе, Италийн Парма, Германы Фрайбург зэрэг европын хэдэн зуун хот, Азиас Малайзын Пенанг, Энэтхэгийн Тривандрум, БНСУ-ын Сөүл, Индонезийн Бандунг, Филиппиний арлууд гэх мэтчилэн хүнд ээлтэй, байгальд хоргүй үйл хэрэгчдийг жишээлж болох байна.
Тэдгээрээс айл өрхүүд хогоо 45 төрөлд ангилдаг, өөрсдөө хог хаягдлаа угааж, хатааж, зохицуулах төвдөө хүргэж, тэндээ эцсийн байдлаар дахин ялгадаг, ингэснээрээ хог хаягдлынхаа 81 хувийг дахин боловсруулдаг болсон Япон улсын Камикацу хотыг онцолъё. Тэд анхнаасаа ийм байсан гэвэл мэдээж үгүй. 1998 онд тус хотод хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх жижиг оврын байгууламж барьжээ. Гэтэл байгуулагдаад удаагүй жижиг байгууламжаас ялгарсан диоксины хэмжээ хүмүүсийн эрүүл мэндэд асуудал үүсгэснээр үндэсний журмын дагуу шатаах үйлдвэрийг дахин ашиглахыг хориглож. Ингээд Камикацу хот 2020 он гэхэд тэг хаягдалд хүрсэн байх болно хэмээн 2003 онд зорьж, түүнийгээ ч биелүүлжээ.
Бэлэн туршлага, болохгүйн шалтгаанууд байсаар атал улаанбаатарчууд 2026 онд хог хаягдал шатааж эрчим хүч үйлдвэрлэх болно гэдэг зорилго тавьжээ. Энийг Камикацу хотын иргэн сонсвол ихэд инээж эсвэл учиргүй уйлах болов уу.
Харин “хийн амбаар”-ын цуваанд өөрийн хүслээр туугдаж яваа хоригдол шиг улаанбаатарын түр оршин суугч надад бол арай биднийг устгахаар төлөвлөсөн юм биш биз дээ, үр удмаар нь хорлох геноцид гэдэг нь үү? Арай ч үгүй байлгүй дээ? гэдэг мунхруу бодол төрж байна.
Эцэст нь хэлье, дэлхийн хүн төрөлхтнөөс байгальд хамгийн нийцэлтэй хүмүүс нь, шийдэл хэмээгдэж буй тэг хог хаягдлын зарчмын зохиогчид нь аягаа ууталж, усаа дашмаглаад явдаг асан ухаан саруул өвгөд маань юм шүү. Эргээд нэг хараарай.