“Бичиг соёл” төвийн багш, уран бүтээлч Н.Сувд-Эрдэнэ
Эмэгтэй уран бүтээлчдийн “Гоо Бэхи” уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 7-нд нээлтээ хийж, 14-ийг дуустал “Зайсан Хилл”-ын нэгдүгээр давхарт дэлгэгдэж байна. Тэгвэл үзэсгэлэнд оролцогч “Бичиг соёл” төвийн багш, уран бүтээлч Н.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог юу байна вэ. Та хэзээнээс уран бичлэгээр хичээллэж эхэлсэн бэ?
-“Гоо бэхи” үзэсгэлэнд дан эмэгтэй уран бүтээлчид дотоод илэрхийллээ гаргадгаараа онцлогтой байдаг. Монгол бичиг, уран бичлэг сонирхох суурийг дунд сургуулийн багш маань тавьсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд “Бичиг соёл” төвд суралцаад илүү тууштай хичээллээд явж байна.
-Яагаад уран бичлэгийг сонгож, сонирхох болов?
-Сурагч байхад төдийлөн бичээд байх боломж гарч ирдэггүй байсан. Харин оюутан болоод ангийн найзтайгаа ижилхэн сонирхолтой болж таарсан. Тэгээд “Бичиг соёл” галлерей руу цугтаа очсон. Одоо суралцаад, ажиллаад явж байна. Энэ л миний байх ёстой газар байна гэж бодож эхэлсэн. Үндэсний бичигт тэр тусмаа уран бичлэгт дурлахад хамгийн том нөлөө үзүүлсэн, тусалсан “Ирээдүй цогцолбор” сургуулийн багш Г.Одгэрэл, “Бичиг соёл” төвийн багш агсан Д.Ганбаатар нартаа машид талархаж явдаг.
-Эмэгтэй уран бүтээлч байхын онцлог, давуу тал байдаг уу?
-Онцлог гэвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг харьцуулбал огт өөр. Эрэгтэй уран бүтээлчдийнх ихэвчлэн хар цагаан хүчтэй илэрхийлэмж байдаг. Харин эмэгтэй хүнээс бол олон илэрхийлэмж өнгө аяс гардаг. Өөрийгөө дайчилж чадвал маш олон зүйл гаргаж туурвиж чадна гэж боддог. Мөн сэтгэл доторх уйтгар гуниг, жаргал зовлон зэргийг цаасан дээр буулгах нь маш сайхан мэдрэмж болж чаддаг.
Уран бичлэгт чимэг зүйлс их байх ч өв соёлоо түгээж байгаа учраас үндсэн уламжлалт хэв маяг, утгаа алдагдуулахгүй байхыг эрмэлздэг.
-Уран бичлэгээр хичээллэх нь амар амгалан мэдрэмжийг өгдөг байх нь ээ?
-Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд бид маш стресс бухимдалтай байна. Энэ дунд өөрийн дуртай зүйлээрээ хичээллэж амар амгалан, тайван байдлыг мэдрэх нь сайхан. Миний хувьд уран бичлэгээрээ дотоод илэрхийлэмжээ гаргаж тайван байдлыг мэдрээд суух нь жаргал. Өөрөө өөртэйгөө ярилцаад суух орон зайг өгч, нэг хэлбэрийн бясалгал болдог гэж боддог.
-Үндэсний бичиг тэр дундаа уран бичлэгийн талаар нийгмийн чиг хандлага ямар байдаг вэ. Та ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Уран бичлэгт чимэг зүйлс их байх ч өв соёлоо түгээж байгаа учраас үндсэн уламжлалт хэв маяг, утгаа алдагдуулахгүй байхыг эрмэлздэг. Нэг хэсэг үндэсний бичиг орхигдож саяхнаас буцаад эрчимтэй хэрэглэж байгаа. Үндэсний бичиг маань маш арвин түүхтэй цаашид ч энэ эрчээрээ бусдад хүрээсэй гэж хүсэж байна. Хүмүүсийн харах өнцөг өөр өөр байдаг. Зарим нэг нь урлаг, зарим нь бичиг, зарим нь зураг гэж хардаг. Тиймээс аль ч өнцгөөр яаж ч илэрхийлж бусдад түгээж болно.
Сэтгэл доторх уйтгар гуниг, жаргал зовлон зэргийг цаасан дээр буулгах нь маш сайхан мэдрэмж болж чаддаг.
-Хүмүүст, ялангуяа залууст хандаж юу хэлмээр байна?
-Энэ бол зүгээр л нэг бичиг биш. Улс эх орны дархлаа. Тийм учраас үндэсний бичгээ уншиж, бичиж түгээн дэлгэрүүлдэг байгаасай. Мөн гадаадын орноор явахдаа босоо бичгээ гайхуулж, гарын үсгээ ч юм уу үндэсний бичгээрээ бичиж ямар нэг байдлаар түгээн дэлгэрүүлдэг, эх хэлээ дархлаажуулдаг байгаарай гэж хүсэж байна.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.Туяамарал