"Бичиг соёл" төвийн багш, уран бүтээлч Б.Зэсмаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Бичиг соёл" төвөөс гурав дахь жилдээ эмэгтэй уран бүтээлчдийн "Гоо бэхи" уран бичлэгийн үзэсгэлэнг дэлгэж байна. Энэ сарын 7-нд нээлтээ хийсэн үзэсгэлэн 14-ийг дуустал "Зайсан Хилл"-ын нэгдүгээр давхарт олны мэлмийд хүрнэ. Үзэсгэлэнгийн оролцогч "Бичиг соёл" төвийн багш, уран бүтээлч Б.Зэсмаатай ярилцлаа.
- Өнөөдрийн үзэсгэлэнг эмэгтэй уран бүтээлчдийн бүтээл дэлгэгдэж буйгаараа онцлог байна гэж харж байна. Тэгэхээр үзэсгэлэнгийн нэрээс хоёулаа ярилцлагаа эхэлье.
- Анх гурван жилийн өмнө "Бичиг соёл" төвийн үүсгэн байгуулагч, багш Д.Ганбаатар агсан "Гоо бэхи" нэртэйгээр санаачилж, өдгөө гурав дахь жилдээ зохиогдож байна. Гоо гэх нэр нь эмэгтэйчүүдийн үзэсгэлэнг бэлгэддэг, Бэхи гэдэг нь эртний хаад ноёдын охидыг хүндэтгэн дууддаг нэр. Эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэн учир бэлгэдэж ийм нэрийг өгсөн байх. Тэр ч утгаараа эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, мэдрэмжийг шингээсэн сайн бүтээлүүд дэлгэгдэг. Эмэгтэй уран бүтээлчид өнгөний дүрслэл, мэдрэмжийн хувьд арай давуу талтай байдаг байх.
Бүтээлүүдээс нь илүү амьд, чамин нандин зүйлс мэдрэгддэг. Тэр ч утгаараа уран бичлэгийн хөгжилд эмэгтэй уран бүтээлчид шигтгээ болж, урлагийн өндөр түвшинд хүрэхэд нь нөлөөлж буй гэж боддог.
- Уран бичлэгээр хичээллээд хэдэн жил болж байна вэ. Анх бийр янтайтай хэрхэн нөхөрлөж, дурлаж байв?
-Анх есдүгээр ангиасаа эхлэн бийрээр бичиж эхэлсэн. Үндэсний бичигт их сонирхолтой хүүхэд байсан нь их нөлөө үзүүлсэн байх. Бийртэй нөхөрлөж уран бичлэгт дурлах зам Хүүхдийн урлан бүтээх төвийн Уран бичлэгийн дугуйлангаас эхлэлтэй. Анх уран бичлэгийг энгийн зөв сайхан бичих ёстой гэх бодлыг уран бичлэгээс авсан мэдрэмжүүд үгүй хийсэн. Өөрийн дотоод ертөнцийг нээж, түүгээрээ дамжуулан мэдрэмж, сэтгэл хөдлөлийг гаргаж өгдөг нь үнэхээр ханьтай урамтай байдаг. Тиймээс шаргуу хичээж, уран бичлэгээр есөн жил тасралтгүй хичээллэж байна.
Бийрийн хөдөлгөөн, бэх цаасанд уусаж буй зэрэг дүрслэлийг харах нь сэтгэлийн амар амгаланг мэдрүүлдэг, нэг ёсондоо бясалгал болдог.
- Уран бичлэгээр хичээллэх нь таны дотоод ертөнцийг нээж, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг гэж та ярилаа. Уран бичлэгээр хичээллэхийн давуу талуудыг дурдаач.
- Мэдээж сууж сурна. Удаан цагаар анхаарлаа төвлөрүүлж суух нь хүнд тайван, даруу зан чанарыг суулгадаг юм болов уу гэж боддог. Бийрийн хөдөлгөөн, бэх цаасанд уусаж буй зэрэг дүрслэлийг харах нь сэтгэлийн амар амгаланг мэдрүүлдэг, нэг ёсондоо бясалгал болдог. Өөрийн мэдрэмжээ урлагийн уран тод дүрслэлээр, босоо бичгээрээ илэрхийлэх нь уран бүтээлч хүний тэр тусмаа монгол хүний хамгийн том давуу тал бахархал юм даа.
- Залуу уран бүтээлчийн хувьд уран бичлэгийн үүсэл түүхийг судалж, бийрээр бичихийн үнэт зүйлс, бичгийн өв уламжлалыг өвлөх, тээх үүрэг ирдэг байх.
- Чингисийн чулууны бичгээс бидний бичиг үсгийн соёл эхлэлтэй. Уран бичлэгийн түүх ч мөн тэр үеэс яригдаж эхлэх байх. ХII зуунд Өлзийт хааны захидал дунд "бичив" гэх үгийн төгсгөлийг доош нь цаасаа дуустал татсан байдаг. Мөн В.Инжиннашийн "Цагаан үүл" гэх шүлэгт ард нь үүл зурж, уран бичлэгийн элементүүдийг агуулж бичсэн зэрэг дурсгал эх сурвалжууд бий. 1990 оноос уран бичлэг сэргэж олон сайхан бүтээлүүд төрсөн ч ихэнх нь олны хүртээл болж амжаагүй харамсалтай түүх бий. Одоо энэ өв соёл буцаад сэргэж хөгжиж эхэлж буй нь сайшаалтай.
"Гоо бэхи-2025" үзэсгэлэнд зориулсан уран бүтээлч Б.Зэсмаагийн бүтээл
- Залуу уран бүтээлчийн хувьд уран бичлэгийн хөгжлийг хэрхэн харж төсөөлж байна вэ?
- Нэн тэргүүнд бичиг үсгийн соёлоо хадгалж үлдэх нь чухал. Сүүлийн үед уран бичлэг урлаг талдаа түлхүү эрчтэй хөгжиж байна. Энэ нь хувь уран бүтээлчийн мэдрэмж онцлог, ур ухаан гээд олон зүйлийг илэрхийлэх давуу талтай хэдий ч бид босоо бичгээрээ зөв бичих ёстой. Тиймээс халдаж үл болох үнэт зүйл бол зөв бичих. Нэгт үнэн зөв бичих, хоёрт хувь уран бүтээлчийн мэдрэмж ур ухаан урлаг талын элементүүд орох ёстой байх.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.Лувсанпэрэнлэй