А.Сарнай: Хил бол хайр сэтгэл, гэр бүлдээ үнэнч бүсгүйчүүдийн сонгодог ажил
А.Сарнай: Хил бол хайр сэтгэл, гэр бүлдээ үнэнч бүсгүйчүүдийн сонгодог ажил

Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Соён гэгээрүүлэх тасгийн дарга, ахмад А.Сарнай

Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Соён гэгээрүүлэх тасгийн дарга, ахмад А.Сарнайтай хилчин эмэгтэйчүүдийн аж амьдрал, албан үүргийн тухай ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр ангийнхаа Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын үүрэгт ажлыг мөн гүйцэтгэдэг бөгөөд Дорнод аймгийн шилдэг холбоо болжээ. Тэдний өрөө тасалгаа, зохион байгуулдаг үйл ажиллагаа зэргээс харахад ажилдаа чин сэтгэл гаргаж, жижигхэн зүйлд ч хүртэл том анхаарал хандуулдаг нь ажиглагдаж байлаа.

-Та шашин судлаач, философич мэргэжилтэй гэдгийг мэдээд хил хэмээх энэ том айлтай хэрхэн холбогдсон юм бол оо гэж бодож байлаа. Энэ миний эхний асуулт болж байна.

-Их сонин. Хүн давахгүй гэсэн даваагаар давдаг гэдэг шиг л юм болсон. Аав, авга нар маань цэргийн хүмүүс байсан ч цэргийн хүн болно гэж боддоггүй, сонирхдог ч үгүй байсан юм. Гэтэл цэргийн хүнтэй гэр бүл болоод одоо хилчин болчихсон явж байна даа. Би дунд сургуулиа төгсөөд хүссэн их сургуульдаа орж чадаагүй юм. Тэр үед чинь их, дээд сургуульд сурах төлбөр мөнгө гэдэг айл гэрт багагүй асуудалтай явдал байсан шүү дээ. Тэгтэл Монголын Бурхан шашны их сургуулиас зарласан тэтгэлэгт тэнцээд таван жил суралцаж шашин судлаач, философич мэргэжилтэй болж төгссөн. Би ч сургуулиа төгсөж, манай хүн ч БХИС-иа дүүргэлээ. Оюутан байхдаа бид хоёр хүүхдийн аав, ээж болчихсон байлаа. Ингээд л юу ч мэдэхгүй дөрвөн хүн Говь-Алтай аймгийн хилийн цэргийн анги руу томилогдоод явсан даа. Тэндээ ажиллаж байх хугацаандаа би түр хугацаанд эргэн Улаанбаатарт ирж магистрын зэрэг хамгаалахаар суралцаж, сургуульдаа нэг жил гаруй багшилсан.

Цэргийн ангийн энгийн үйлчилгээний ажилтнаас офицерын бүрэлдэхүүнд багтан өнөөдрийг хүртэл 13 жил сайн сайхан ажилласан байна. Нөгөө огт орж ирж байгаагүй бодол чинь цэргийн ангид ажиллаж эхэлснээс хойш бодогдож эхэлсэн л дээ. Цэргийн хүн болмоор санагдаж, өөрөө ч хичээж эхэлсэн. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс гадна өөр шинэ санаачилгууд гаргаж, эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажилд анхаарч, бичиг үсэг мэдэхгүй цэргүүдэд бичиг үсэг зааж гэх мэтээр бүх зүйлд сэтгэл гаргаж ажиллаж байсан. Ажил, амьдралын гараагаа эхэлсэн Говь-Алтай аймаг дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн найрсаг, зочломтгой хамт олон өнөөдрийн бидний байр суурийг зөв тавьж өгсөн гэж боддог.

-Танай гэр бүл эх орны хязгаар нутгуудаа тойрон албаа гүйцэтгэж яваа юм байна. Баруун хязгаараас шууд хязгаар иржээ.

-Тэгсэн. Алтайдаа очиж Ажийн хилчнээс гараагаа эхэлсэн бид Баян-Өлгийд томилогдож Алтайн хилчидтэйгээ ажиллаж байлаа. Тэндээсээ эх орны зүүн хязгаарт ажиллахаар 2700 км гаруй замыг туулан нүүж ирсэн дээ. Манай гэр бүлийн хүн энэ ангидаа ажилладаг, хошууч цолтой Д.Мөнхсайхан гэдэг залуу бий. Их ажилсаг, хөдөлмөрч хүн. Хоёул алба, ажил адилхан учир биесээ сайн ойлгодог. Би чинь шинэ цэргүүд ирсэн үед “Шинэ цэргийн сургалтын төв”-д 30 хоног байрлаж ажиллана, заставуудаар очиж үүрэг гүйцэтгэнэ гэх зэргээр цаг наргүй л явна. Хүүхдүүд маань том болж байна. Манайх хоёр охин, хоёр хүүтэй. Ийм л нэгэн хилчин гэр бүл.  

sarnai_ahmad_yrilts_2 Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн өрөө. Хилчин эмэгтэйчүүдийн хийсэн бүтээл, зурсан зураг, өөрсдөө санааг нь гаргаж тохижуулсан өрөө. 

-Хилчин эмэгтэйчүүдийг их тэвчээртэй хүмүүс юм, зочломтгой хүмүүс юм, ажилсаг хүн юм гэж харж, бодож явдаг. Та нэг тодорхойлж хэлээч.

-Гайхалтай хүмүүс байдаг гэж бодож явдаг даа. Боловсролтой, гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн гоё, сайхан охид хайр сэтгэлээ дагаад хилд ирдэг. Хүссэн орчин нь биш, эзэмшсэн мэргэжил нь энд шаардлагагүй байдаг. Тогооч хийгээд, үйлчилгээний ажил хийгээд ажиллаж, амьдардаг. Хайр сэтгэл, гэр бүлдээ үнэнч эмэгтэйчүүдийн сонгодог ажил. Хилийн амьдрал бол амар биш.

Монголчууд айлд нөхрийн нэрээр ороод эхнэрийн нэрээр гардаг гэдэг. Үүн шиг хилийн цэргийн анги, байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг асар их байдаг. Гэлээ гээд манай эмэгтэйчүүд үүндээ сайрхаад байдаггүй даруухан хүмүүс.

Ер нь оёдолчин, тогооч гээд ажил сурах, амьдралын ухаанд суралцах их сургууль бол хилийн застав байдаг. Нэгнээ үргэлж дэмждэг, хайрладаг, хүндэлдэг халуун дулаан гэр бүлийг бий болгодог эмэгтэйчүүд хилчин бүсгүйчүүд байдаг юм. Бүхий л зүйлд нийлэмжтэй ажиллаж сэтгэлээ зориулж байдаг. Тухайн застав, ангийн гар нийлэмжтэй ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, нөлөө чухал шүү. Хилчин бүсгүйчүүд маань зөвхөн бие биедээ үлгэрлэхээс гадна хугацаат цэргийн алба хаагчдыг албанд дадлагажуулахад ээж, эгч, найз нь болж тэднийг сонсож, ярилцаж, зөвлөж нөмөр түшиг болж чаддаг. Сар бүр хугацаат цэргүүддээ зориулж хийдэг дархлаажуулалт, витаминжуулалтын үйл ажиллагааны үеэр ресторанд л байдаг шарсан чөмөг хүртэл хийгээд тавьсан байдаг гээд бод доо. Хайр, энэрэл, сэтгэлээ ажилдаа зориулж чаддаг бүсгүйчүүд хилд байдаг.

-Хилчин эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын тухай, тэдгээрийн гарц гаргалгааны тухай танаар яриулмаар байна. Эрүүл мэнд, нийгэм, хүүхдийн боловсрол гэх мэт.

-Төвөөс алслагдсан байршилд байдаг тул эрүүл мэнд, нийгмийн асуудал бий. Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд Хил хамгаалах байгууллага, ангийн удирдлагууд, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс боломжоороо анхаарч ажилладаг даа. Таны хэлснээр хүүхдийн боловсрол мөн адил. Одоогоор манай ангийн алба хаагчдын найман хүүхэд Халх гол сумынхаа сургуулийн дотуур байранд амьдарч байна. Манайх ангийнхаа дэргэд "Өсвөрийн хилчин" цэцэрлэгтэй. Энд алба хаагчдын хүүхдүүд хүмүүждэг. Хүүхдээ цэцэрлэгт нь оруулж өгөөд л өөрөө ажилдаа орчихдог бас их амар шүү. Хилчний хүүхдийн боловсролд зориулж улиралд 660 мянган төгрөг өгдөг болсон. Энэ дэмжлэг мөн үү гэвэл мөн. Гэхдээ хүүхдийн ээж ааваас хол байх сэтгэл, гэр бүлтэйгээ өнгөрүүлээгүй цаг хугацааг юугаар ч нөхөж чадахгүй шүү дээ. Нэгэнт бидний сонгосон амьдрал боловч тодорхой анхаарч харах, шийдвэрлэх ёстой асуудлууд байдаг. Малчдын болон хилчдийн хүүхдэд 1-2 дугаар ангийн боловсролыг гэрээр эзэмшүүлэх тухай асуудал яригдаж буй юм билээ. Тэр тохиолдолд хилийн заставуудад боловсрол эзэмшүүлэх орчин нөхцөл хэрэгтэй. Мэнэнгийн отрядын бага сургууль гэдэг шиг. Ер нь заставын цэцэрлэгт хил орчмын малчдын хүүхдүүд хүртэл хамрагддаг юм шүү дээ, зарим тохиолдолд.

Хэдийгээр төвөөс алс ажиллаж, амьдарч байгаа ч хүний хөгжлийн хувьд хоцрохгүй юм сан гэж хичээдэг. Хилд ажиллаж буй эр нөхөр 20 жил албандаа зүтгээд л тэтгэвэртээ гарна. Үүний дараа хилчин эмэгтэйчүүд маань хэрхэн амьдрах вэ, юу хийх вэ гэдэг асуудал гарч ирдэг. Мэдээж, анх эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэхэд оройтсон байдаг. Үүнийг бодолцож бид нийгэмд байр сууриа алдахгүй байх, сэтгэл зүйн тэнхээтэй байх зэрэгтээ анхаарч, байнга л суралцаж байна.

Эрүүл мэнд гэвэл Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс давтамжтай үзлэг явуулдаг. Хамгийн тулгамдсан эрүүл мэндийн асуудал бол алба хаагчид, тэдний гэр бүл, хүүхэд, хугацаат цэргүүдийн шүдний өвчлөл байдаг. Тэгэхээр хилийн алслагдсан суманд шүдний кабинет, тоног төхөөрөмж, мэргэжлийн эмчтэй болгож өгвөл гэж хардаг. Манай Халх гол суманд бол энэ асуудал шийдэгдсэн. Хилийн заставуудыг орчин үеийн технологи ашиглан шинэчлэх зэрэг ажил төлөвлөгдөөд орчин нөхцөл тодорхой хэмжээгээр сайжраад л байна.

sarnai_ahmad_yrilts_1 Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Соён гэгээрүүлэх тасгийн дарга, ахмад А.Сарнай хугацаат цэргийн зарим алба хаагчийн хамт

-Анх хилийн цэргийн ангид очиж байсан үетэй харьцуулахад ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Өөрчлөгдсөн. Өдөр ирэх бүр л өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Орчин нөхцөл, машин техник, хил хамгаалалтын арга хэрэгсэл сайжирч байна. Ер нь хилчид ерөөсөө зүгээр суудаггүй хүмүүс байдаг. Жишээлбэл, энэ өрөөний хана муухай болчихсон бол арчиж цэвэрлээд л суучихна. Муудчихсан байвал засаж сэлбээд л сайжруулчихдаг хүмүүс шүү дээ. Одоогийн цаг үе бол хүний хүчин нөхцөлийг багасгаж, техник технологийн хурд хүчийг ашиглаж байгаа үсрэнгүй хөгжлийн үе гэж бид харж, ярилцаж байдаг даа.

-Таны анх эзэмшсэн ажил, мэргэжил одоогийн хийж буй ажилд нь нөлөөлж, давуу тал болж байх шиг санагдлаа. Бас танай ангийн хашаанд байнга явж буй сонгодог аялгууны учрыг хэлж өгөөч.

-Тийм шүү. Ажил мэргэжлийн маань онцлог нөлөөлнө өө. Хөгжмийн хувьд гэвэл, манай ангийн удирдлага шинэ соргог зүйлд бүтээлчээр ханддаг хүн л дээ. Сүүлийн хоёр жил бид дандаа сонгодог ая явуулж байгаа юм. Нэг талаар ая сонсоод явж байгаа хүн тайвшрах, өөрийгөө сонсох, бодох боломжийг олгож байгаа. Нөгөө талаар байнга хайрын эсвэл аав, ээжийн тухай дуу явуулаад байвал хугацаат цэргийн алба хаагчдын маань гэр орон, хайртай хүмүүсээ санана. Цэргийн албаны хүнд бэрх гэхээс илүү хүссэнээрээ байж чадахгүй буюу дэг журамтай байгаа нь хэцүү санагдаж, аливааг амархан санадаг, бэтгэрдэг насан дээрээ яваа хүүхдүүдэд сайхангүй шүү дээ. Одоо энэ аялгуундаа бүгд л дасчихсан. Өглөө хөгжим яваагүй бол захын хүн хэлээд л тоглуулж эхэлнэ шүү дээ, бид чинь.

-Танай эмэгтэйчүүд их бүтээлч хүмүүс юм. Өмнө өгүүлсэн цэргийн албаны дараах амьдрах ухаан гэдэгт сайн бэлтгэж байх шиг ээ.

-Бид гурван жил гаруй гар урлал гэдэг зүйлийг хийж байна. Эмэгтэйчүүд маань хийж чаддаг зүйлтэй байна гэдэг өөрийн орлогоо олох боломжийг бүрдүүлж байгаа юм. Давсан урлал моодонд орох үед бид дагаад л хийж сурсан. Одоо манай суманд бидний урласан давсан цэцэггүй айл бараг байхгүй болов уу гээд л хоорондоо ярьцгаадаг юм. Сошиал, юүтүбээс их зүйл сурч байна. Олон талын мэргэжил, мэдлэгтэй бүсгүйчүүд хамт олны дунд байдаг болохоор бие биеэсээ суралцана. Одоо л гэхэд бид цэцэрлэгийн багш мэргэжилтэй нэг эмэгтэйгээрээ заалгаад эсгийгээр үлгэрийн ном хийж сурч байна. Ангийнхаа хүүхэд харах үйлчилгээний өрөөнд зориулж хийнэ, цаашлаад сумынхаа хэрэглэгчдэд зориулаад урлана. Нэг хүн эсгий үлгэрийн ном хийдэг байсан бол ингээд 6-7 хүн шинэ мэдлэг, чаддаг зүйлтэй болж байгаа юм.

Манай ангийн эмэгтэйчүүд энэ мэтчилэн гар урлалын бүтээлээ хийж борлуулан дотоод орлого бүрдүүлээд үүнийгээ өөрсдийгөө хөгжүүлэх, дахин суралцах зэрэг хэрэгцээтэй зүйлд зарцуулдаг юм. Эмэгтэйчүүдийн, багш нарын баяраар манай бүсгүйчүүдийн урласан давсан цэцэг чихэр набороос илүү эрэлттэй байдаг юм шүү. Ингээд гар урлал бидний хэрэгцээ болчхож байгаа юм. Бид чаддаг болсон учир шаардлагатай, хэрэгтэй үедээ л хийнэ гэсэн үг. Дотоод орлогоороо маникюрын хэрэгсэл аваад тавьчихсан. Бүсгүйчүүд маань гоё хумстай болохын тулд мөнгө төлөх шаардлагагүй болчихлоо. Одоо гоо сайхан, массажны аппарат авна гэж төлөвлөөд, ажиллуулах хүнээ сургах гэж байна. Энэ жилээс сэтгэл зүйдээ, хувь хүн өөртэйгөө харилцах, дотоод сэтгэлийн гоо сайхандаа анхааръя гээд хичээцгээж байна даа.

-Та бүхэн ном уншдаг бололтой. Саяхан хэвлэгдсэн номын хавтас хүртэл нэлээн элээгдчихсэн тавиурт байгаа харагдана лээ. Бас Хилийн цэргийн 0198 дугаар ангийн брэнд хүүхэлдэйнхээ түүхийг хуваалцаач.

-Ном уншина аа, бид. Зүгээр ч нэг уншаад өнгөрөхгүй ямар нэгэн номыг уншиж дууссаныхаа дараа уулзалт хэлэлцүүлэг хийнэ. Ангийн алба хаагчид, манай хугацаат цэргийн алба хаагчид бүгд уншдаг, оролцдог. Хүүхэлдэйн тухайд гэвэл, бидний гар урлал хийж эхэлж байх үетэй холбогдоно. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургуультай манай эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах гэрээ байгуулаад эхний ээлжид Тунгалаг гэдэг эмэгтэйгээ “Бэлэг дурсгал сувинер үйлдвэрлэл” гэдэг сургалтад суулгасан. Тэгээд бусад нь Тунгалагаараа заалгаад, хэдүүлээ энэ хүүхэлдэйг ангийнхаа брэнд урлал болгоё гээд л дугаараа тавиад хийж сурсан юм. Их хөгжилтэй, нэг хэв ашиглаад л хийж байгаа боловч хүн бүрийн хийсэн хүүхэлдэй өөр өөр болчихно. Миний хийсэн нь нэг их бондгор хацартай хүүхэлдэй болчихсон чинь манай бүсгүйчүүд “Сарнай эгч, та яг өөр шигээ хүүхэлдэй хийж” гэж шоолоод хөхөрч унаад байсан /инээв.сур/. Машины замаск ашиглаад л хийчихдэг. Гэхдээ бас хүний нямбай, чамбай зан байдлыг их шаардана шүү. Нэг хүүхэлдэй урлахад 15-17 цаг шаардана. Хийгээд дуусахад үнэхээр стресс тайлагдаж, дараагийн ажилдаа урам зоригтойгоор ордог шүү.

sarnai_ahmad_yrilts_3 Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хилчин эмэгтэйчүүдийн гар урлалд суралцаж ангийн брэнд хүүхэлдэйг урласан билээ.

-Хугацаат цэргийн алба хаагчидтай ярилцаж байхад ээж шиг, эгч шиг байдаг цэргийн ангийн эгч нартаа баярладаг гэж олон удаа хэлэхтэй таарлаа.

-Бид чинь хугацаат цэргийн албанд ирсэн хөвгүүддээ зөвхөн цэргийн албыг сайн хаах тухай, цэрэг байх талаар л ярьдаггүй л дээ. Монгол эр хүн, ирээдүйн аав, монгол гэр бүлийг авч явах үүргийнх нь тухай, тэгээд л өөрийнх нь хүсэл мөрөөдөл, сонирхлын талаар гээд маш олон зүйлийг ярилцаж, зөвлөж, санал солилцож, тэднийгээ сонсож байдаг. Цэргийн алба хаагчдынхаа гэр бүлтэй их холбоотой ажиллана, ярьж хөөрнө. Бүгд л миний хүү гэж дуудна, цэргүүдээ. Хугацаат цэргийн алба хаагч албаа сайн хаахад эмэгтэй хилчдийн үүрэг оролцоо, нөлөө байдаг шүү.

-Цэргийн байгууллагад ажиллаж байгаа эмэгтэй хүн сэтгэл зүй, бие бялдрын хувьд ч хүчирхэг болсон байдаг. Та ч их дайчин хүн юм.

-Би зүгээр суух юм сан гэж огт боддоггүй хүн. Нэг ажлыг чанартайхан хийж дуусгачхаад дараагийн ажлаа бушуухан эхлүүлэх юм сан л гэж бодож явдаг. Ажлыг чанартай дуусгана гэдэг бол миний хилчний амьдралаас сурсан хичээл юм даа. Ер нь цэргийн алба бидэнд олон давуу талыг бий болгодог. Энэ албанд ажилладаг эмэгтэй хүн ямар нэгэн ажил, даалгавар хүлээж авлаа гэхэд яаж хийх вэ л гэж боддог. Чадахгүй, мэдэхгүй гэсэн шалтаг хэлдэггүй. Энэ тушаалыг яаж биелүүлэх вэ гэдгийг л түрүүлж боддог. Эрчүүдтэй мөр зэрэгцэж ажиллаж, мөрдсийг нь зүүсэн юм чинь гүйсэн ч, буудсан ч, халуунд халж, хүйтэнд хөрсөн ч адилхан л байх ёстой. Эмэгтэй хүнээс олон чадварыг шаарддаг тэр чинээгээрээ ч сэтгэл зүйн бэлтгэлийг суулгаж байдаг даа, бидний алба.

-Ярилцлагын төгсгөлийн асуултыг танд үлдээе.

-Ажийн нуруу, Алтай таван Богд, Соёлз уул гээд хил хамгаалах байгууллагад ажилласнаараа бид сайхан хамт олон, сайн анд нөхөдтэй болж амжилттай явж байна. Эх орныхоо хилд, эрүүл агаарт, үр хүүхдээ өсгөж торниулан, ажил албаа гүйцэтгэж явна. 

Биднийг юу ч мэдэхгүй байхад угтан авч, зааж сургасан Алтайн хилчид минь одоо ч зүрхэнд уяатай байдаг. Сайхан найзууд, найз мэт ах, эгч нарыг хүүхдүүд маань дурсаж ярьсаар л явдаг. Өлгийн хилчдэдээ талархдаг. Дайчин замналт Халх голын отрядад ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг.

Сайн сайхан яваа минь үе үеийн хамт олны ач гавьяа, тус дэм байдаг даа. Дээд үеийнхэн маань бидэнд мэддэг, чаддаг зүйлээ харамгүй хуваалцсан. Одоо бид дараагийн үеийнхэндээ, дүү нартаа сурсан зүйлээ хэлж өгөх, заах цаг үе гэж боддог. Ахмад хилчдэдээ, хамт олондоо баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй сайн сайхан ажиллана гэж дандаа бодож явдаг даа.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.