10 дугаар Богд гэгээн
10 дугаар Богд гэгээн

Судлаач, орчуулагч Бугат овогт Л.Алтангэрэлийн өгүүллийг зохиогчийн эрхтэйгээр хүргэж байна.

Монголчууд 10 дугаар Богдыг дээр дооргүй хүлээн зөвшөөрч оюун санааны эв нэгдлээ тунхаглах нь шашны төдийгүй тусгаар тогтнол, соёлын хэн чанарын гүнзгий агуулгатай. Умардын шашны томоохон хутагт, үндэсний өвийн нөлөө бүхий бэлгэдлийн хувьд 10 дугаар Богд монгол төрийн оюун санааны уламжлал, шашин, соёлын бие даасан тасралтгүй үргэлжлэлийн биежиж талсажсан бодгаль.

Түүнийг гаднын зарим хүчин харилцааны хамгийн том саад гэж үзэж монголчуудын оюун санааны сонголтыг зөв буруу гэж шүүж байгаа нь 10 дугаар Богдын институцийг хамгаалах хамгийн том үндэслэл. Нийгмийн сүлжээнд зарим бизнес эрхлэгч 10 дугаар Богдоос болж Тяньжинд 10 орчим мянган контэйнэр гацсан тухай бичиж байсан. Итгэхэд бэрх, нотлох аргагүй боловч ямар ч үндэслэлийг реалполитикийн үүднээс тайлбарлаж болно. Учир нь олон улсын улс төрийн реалист дэг сургууль гадаад харилцааг хүний мөн чанартай холбож тайлбарладаг. Гадаад бодлогыг хүн боловсруулдаг, гадаад харилцааг хүмүүс явуулдаг. Харин хүний мөн чанар угаасаа муу учраас олон улсын харилцааны орчин нөхцөл эмх замбараагүй хаос төлөвт байдаг. Чухамдаа бол олон улсын улс төрд хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг, хүчтэний өмнө хүчгүй нь буруутан гэдэг зарчим үйлчилдэг гэж рэалполитик үздэг. Тэгэхээр гаднын улсууд болгоомжилж, гадаад дотоодын дайснууд буруутгаж байгаа бол 10 дугаар Богдын институцийг бид хамгаалах ёстой.

Богд гэгээний түүх соёлын ач холбогдол

Богд гэгээний институц хэдэн зууны турш монголын бурханы шашин, үндэсний хэн чанарын салшгүй хэсэг байсан. Монгол, Түвд, Хималайн зарим нутаг, Бутан, Буриад, Халимаг, Тувад дэлгэрсэн их хөлгөн, очирт хөлгөний нэг урсгалыг эдүгээ Түвдийн буддизм гэж нэрлэж тогтох хандлагатай байна. Оросууд нэг хэсэг ламаизм гэдэг байснаа буруу нэршил гэж үзэж больсон, монголын хөрсөнд нэгэнт нутагшиж, хамаг судар, шастир нь монгол хэлэнд орчуулагдсан тул уул нь монголын шашин гэсэн ч болох юм. Гэвч манай лам нар түвдээр ном уншдаг тул одоохондоо умардын шашин гэж нэрлэж явахад нэг их буруудахгүй мэт. 

Богд гэгээн монголчуудын оюун санааны удирдагч байсан гэвэл Богдын шашин ч гэж нэрлэж болох юм. Орчин цагт 10 дугаар Богд бидний оюунлаг орон зайн тасралтгүй үргэлжлэл, манай шашны өвөрмөц уламжлал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, нэг шашинтай ард түмнүүдийн эв нэгдлийн бэлгэдэл.

Түүнийг хүлээн зөвшөөрөх нь өргөн утгаараа дэлхийн бурханы шашны үйлсэд монголчуудын оруулах томоохон хувь нэмэр. Манай Богд гэгээнийг Түвдийн шашны ёсонд маш өндөр зиндаанд хүлээн зөвшөөрдөг. Далай лам, Банчин эрдэнэ, Богд гэгээн гурав бие биенийхээ хойд дүрийг тодруулахад шийдвэрлэх нөлөөтэй оролцдог.

Энэ уялдаа холбоо манай шашныг дэлхийн бурхан шашины үйлсэд нөлөөлөх хүчин зүйл болдог тул үндэсний болон соёлын хэн чанараа хадгалах, улмаар түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй.

Тусгаар тогтнол, шашны бие даасан байдал

10 дугаар Богдыг хүлээн зөвшөөрөх нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий ертөнцөд маш хүчтэй баталж даатгасан хэрэг болох учраас гадаад, дотоодын дайснууд их анхаараад байгаа юм. Гадаад, дотоодын дайснууд гэж гадаадын ЭСЯ-даас цалин авч манай нийгмийн сүлжээнд тэдний ашиг сонирхлыг хамгаалж дуугардаг хүмүүсийг хэлж байгаа, тагнуулын кибер аюулгүй байдлын газарт тэднийг юу гэж нэрлэдгийг мэдэхгүй юм. Монгол Улс оюун санааны удирдагчтай байх нь шашин номын үйлс гэхээсээ илүү тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тэр хүмүүс маш сайн ойлгож байгаа учраас элдэв эсэргүүцлийг зорилготой, зохион байгуулалттай өдөөдөг, дайралтад нь 10 дугаар Богд төдийгүй, гуравдагч хөршийн бодлого, монгол бичиг хүртэл өртдөг. Хүн аливаа шинэ зүйлийг эсэргүүцдэг зантай, энэ бол бидний төрөлх араншин.

Тэгэхээр 10 дугаар Богдын институцийг цэвэр шашны, эсвэл мухар сүсгийн тогтолцоо гэхээсээ илүү үндэсний бахархал, бие даасан байдлын бэлгэдэл гэж ойлговол зорилготой, зохион байгуулалттай дайснуудын учир шалтгаанд үнэмшиж тэднийг аялдан дагалддаг хүмүүсийн хандлага жаахан өөрчлөгдөж магадгүй.

Гаднын улсуудын болгоомжлол цэвэр геополитикийн учир шалтгаантай гэдгийг ойлгоход амархан. Бидний түүх соёлын бахархал тэдний аюулгүй байдлын асуудал болчихоор харилцаанд нөлөөлчих гээд байгаа юм. Уул нь тэдэнд ямар ч аюул байхгүй, монголчуудын үндэсний бахархал сэргэх нь яваандаа ашиггүй гэсэн цэвэр реалполитик үндэслэлтэй тооцоо байдаг байх. Үндэсний бахархлаа сэргээснийхээ төлөө хөршүүддээ шийтгүүлдэг байна гэдэг өөрөө тусгаар тогтнолоо байн байн баталгаажуулж байх үндэслэл болно.

Ламын гэгээний гүйцэтгэх үүрэг

10 дугаар Богд одоохондоо балчир байгаа тул түүнийг хамгаалж институцийг нь бэхжүүлэхэд зиндаагаараа Богдын дараа ордог Ламын гэгээний гүйцэтгэх үүрэг маш өндөр. Энэтхэгт сургуулиа дүүргэж, бие даасан бодлого явуулах цээнд хүрсэн тул 10 дугаар Богдыг хамгаалж, түүнийг төлөөлөх нөөц бололцоо ихтэй. Ард түмний эргэлзээг тайлж, дэмжлэгийг авч, олон улсын тавцанд дуу хоолойгоо хүргэх нөлөөтэй, эрх чөлөөтэй.

Ламын гэгээний байр суурь Монголын шашин, Умардын буддизмын хамтын мөн чанарыг тодорхойлно. Шашны үйлс ганц хүний үүрэг биш, 10 дугаар Богд гэдэг нэрийтгэлээр биежиж хэлбэржсэн уламжлал соёлыг хадгалж хөгжүүлэх явдал бол нийт хуврагийн чуулганы эрхэм зорилго байх ёстой. Ламын гэгээний өмнөх дүрүүд гадаад хэл амархан сурдаг авьяастай, монгол хэлээрээ ном айлддаг байсан гэдэг. 10 дугаар Богдыг хамгаална, институцийг нь бэхжүүлнэ гэдэг юуны өмнө ном уншихаас эхлээд шашны бүх зан үйлийг монгол хэлээр үйлддэг болно гэсэн үг. 

Буддын шашны 84 мянган номын зүйл бүгд монгол хэл дээр байдаг тул Ламын гэгээн үүнийг санаачилж хэрэгжүүлэхэд саад бэрхшээл гарахгүй байх гэж бодож байна. Хос бичгийн бодлоготой сайхан нийцэх учраас номын санд дараастай хэвтэж байдаг монгол Ганжуур, Данжуурыг дахин хэвлэж түгээх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Дээр нь Ламын гэгээн монголын шашныг хилийн чанадад төлөөлөхийн тулд өөрөө англиар ном сургаал айлддаг болж боловсрох хэрэгтэй байх. Энэ хамтын хандлага 10 дугаар Богдын институцийг бэхжүүлэх хамгийн том үйлс болно.

Азийн буддистуудын Энхтайвны бага хурал

Монгол Улс 1970 онд Азийн буддистуудын Энхтайвны бага хурлыг санаачилж бурханы шашинтай улс орнуудын яриа хэлэлцээний тавцан болгосон. Одоо жаахан хүч нь суларсан энэ бага хурлыг дахин идэвхжүүлэх нь 10 дугаар Богдыг хамгаалж дэлхийн буддистуудын орон зайд монголын нөлөөг бэхжүүлэхэд чиглэсэн Ламын гэгээний гол стратеги байх ёстой. Энхтайвны бага хурал Азийн буддистуудын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 10 дугаар Богдыг дэлхийд таниулах индэр болно. Улс төрийн ямар ч агуулгагүй, цэвэр шашин хоорондын яриа хэлэлцээний индэр байх тул хөрш орнуудын зүгээс болгоомжлох ямар ч шалтгаан болохгүй. Харилцан ойлголтыг бэхжүүлэх замаар тэдний хатуу байр суурь, хандлагыг зөөлрүүлэх оролдлого хийж болно.

Элдэв амбицгүй, эгэл даруу хувраг гэдгээрээ олны хүндэтгэл хүлээсэн Ламын гэгээн насанд хүрсэн хувилгаан дүрийн хувьд энэ бага хурлыг идэвхжүүлж олон улсын тавцанд идэвхтэй үйл хэрэг эрхлэх бүрэн чадавхтай. Тэгвэл улс төрийн ямар ч сэдэлгүй, цэвэр шашин номын үнэт зүйлсийг эрхэм болгосон 10 дугаар Богдыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадна. Энэ санаачилга буддын ертөнцийн анхаарлыг татаж дэлхий дахинд энхтайвныг сахин хамгаалах үйлсэд оруулах бидний хувь нэмэр болно. Хамтын үнэт зүйлс, шашин соёлын өв уламжлалыг хамгаалах гүүр болно. Монголд төр шашин тусдаа тул манай шашины хэргийг энэ бага хуралд бүрэн даатгаад орхичихсон ч болох юм.

Гаднын эсэргүүцэлд өгөх хариу

10 дугаар Богдын институцийг эсэргүүцдэг гаднын улс орнуудын байр суурь Түвдийн гэж нэрших хандлагатай болсон Умардын шашин, түүний бүс нутаг дахь нөлөө, үр дагавартай холбоотой. Умардын шашны уламжлалд үлэмж нөлөөтэй тул 10 дугаар Богдыг хүлээн зөвшөөрвөл Далай ламын дараагийн дүрийг тодруулах зэрэг шашин соёлын үе залгамжлалд Монгол Улс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болчихно гэсэн болгоомжлол байж магадгүй. Эцэстээ умардын шашныг өвлөж үлдэж үргэлжүүлэх хөгжүүлэх үүрэг хариуцлагын төлөөх өрсөлдөөн ч байж магадгүй.

Гэвч Монгол Улсын хувьд энэ институци шашин соёлын хэн чанарыг хадгалж хөгжүүлэх зорилготой болохоос аль нэг улсын аюулгүй байдалд халдах гэсэн ямар нэгэн далдын санаа байхгүй. Манай улсын гадаад бодлого нээлттэй, бие даасан эрмэлзэлтэй. Шашин соёлын бие даасан байдал нь соёлын өвийг хадгалах, хүн төрөлхтний тулхтай хөгжилд хувь нэмрээ оруулах түгээмэл нийтлэг зарчимд тулгуурласан. Тийм болохоор энэ эрмэлзэлийг геополитикийн агуулгатай гэхээсээ Өндөр Азийн өвөрмөц хэн чанарын тусгал гэж ойлгох хэрэгтэй.

Монголд үзүүлэх үр дагавар

Богдын институц шашны гэхээсээ илүү түүх соёлын үнэт зүйлсийн агуулгатай тул гадна дотнын дарамт шахалтыг сөрөн зогсож байр сууриа бат нот хадгалж чадвал 21 дүгээр зуунд соёлын бие даасан байдал ямар чухал ач холбогдолтой болохыг дэлхий нийтэд харуулсан хүчирхэг занги (мэссэж) болох юм.

Дээр нь монголчуудын эв нэгдлийн томоохон сэдэл өдүүлбэр болно. Гадаад дотоодын дайсагнагч хүчнүүд монголд эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг зорьдог. Нийгмийг дотроос нь хагалан бутаргахыг эрмэлздэг. Тэдний ил далд явуулга бидэнд өв соёлоо хадгалахын төлөө эв санаагаа нэгтгэх үндэслэл болно. 10 дугаар Богд, түүний институцийг хамгаалах үйлс монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолын дархлаа болно.

Төгсгөл

Орчин цагт монголчуудын хэн чанарыг тодорхойлдог цөөхөн хүчин зүйлийн нэг нь 10 дугаар Богдын институци. Буддын шашны ертөнцөд монголчуудын гүйцэтгэсэн түүхэн үүргийн тусгал болохоор зарим талаараа геополитикийн агуулгатай мэт харагддагч яг үнэндээ бол цэвэр түүх соёлын тасралтгүй үргэлжлэл. 10 дугаар Богд одоогоор балчир байгаа тул түүний институцийг Ламын гэгээн хамгаалж бэхжүүлэх үүрэг хүлээж болох юм. Тэгвэл Азийн буддистуудын Энхтайвны бага хурал чухал индэр болно. Буддын шашны 84 мянган номын зүйлс зөвхөн монгол, түвд хэл дээр бүрэн эхээрээ байдаг. Энэ нь Монгол Улс умардын шашины уламжлалыг өвлөн үлдэж, түгээн дэлгэрүүлэх үндэслэл болно. Энэ үндэслэл яваандаа шашны гэхээсээ илүү түүх соёлын бие даасан байдлын илэрхийлэл тул хурдан түргэн өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд хэн чанараа хадгалахад хэрэгтэй томоохон хүчин зүйл болж ч магадгүй юм.

Бугат Л. Алтан