Цагаан сарын ерөөлийн хурал шинийн 1-15-ныг хүртэл өдөр бүр 14:00 цагт болох юм байна.
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг угтан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагаан сарын ерөөлийн хурал шинийн 1-15-ныг хүртэл өдөр бүр 14:00 цагт болох юм байна.
Зурхайч, гэвш Ч.Очирбат “Шороон үхрийн шинжээр жилийн өнгийг харвал могой жил залууст ээлтэй, нялхаст дунд, өвгөдөд биеэ энхрийлүүштэй гэж гарсан. Далд утгандаа залуус гэдэг нь төрийн дунд шатны алба хаагчид, нялхас гэдэг нь эгэл ард, өвгөд гэдэг нь төрийн өндөр албан тушаалтнуудыг хэлдэг. Энэ жил гахай жилтэн харш, бар, бич жилтэн бага харш таарна. Могой жилд 33 насны мөчлөг таарах эмэгтэй хүн усан дээр, эрэгтэй хүн гал дээр сууна” гэв.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр олон нийтэд зориулан ном айлдах ажээ. Мөн дэд хамба лам С.Гантөмөр гуравдугаар сарын 16-ны өдөр “Билгүүний зүрхэн судар” номыг айлдахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна Гандантэгчэнлин хийд ирэх сараас хурал номыг монгол хэлээр уншиж эхэлнэ гэж мэдээлэв.
Б.Туяамарал